“Харанга”-ын Лхагваагийн тухай бичсэн нийтлэлийн доор хэн нэгэн эрхэм ийм сэтгэгдэл үлдээжээ. “Тэр хөгийн гавъяатын тэмдгийг хайртай дуучинд минь өгч сүрийг нь дарах вий дээ энэ мулгуу төр” Хэн бичсэнийг бүү мэд. Хоржоонтой хэлжээ гэж бодоод хоорондоо инээдэм наадам болгон яриад өнгөрөв. Зууны шилдэг сэтгэгдлээр шалгаруулах уу хэмээн зуураа хошигноод бас амжив. Хэд хоног гэтэл “хөгийн гавьяат” гэсэн хоёр үг бодогдоод салсангүй. Хөгийн гавьяат. Хөгийн сонсогдож байгаа биз?
Өвөө, эмээ хоёрын минь энгэрт гавьяатын тэмдэг гялалзаж байдаг байсныг хүүхэд насны минь дурсамж ой тойнд минь хадаж орхижээ. Монголын сонгодог урлагт авьяас, хөдөлмөрөө зориулсныг нь үнэлж өгсөн цол. Тэд маань түүгээрээ бахархдаг байсан. Тэднийг хэн ч хөгийн гавяат гэж хэлдэггүй байсан. Харин одоо тэд өөрсдийнх нь бахархдаг тэр цол урдаа ийм нэгэн тодотголтой болсныг мэдвэл учиргүй ичих байсан байх даа.
Авах юмсан гэж мөрөөддөг байсан энэ цолыг авахаасаа одоо ичдэг болсон бололтой. Бахархал, мөрөөдөл өдгөө гутамшиг, ичгүүрээр солигдсонд юу буруутай вэ? Хэн буруутай вэ? Төр үү? Та бид өөрсдөө юү? Хэзээ ч дуусахгүй мэт их нөөц бэлтгэн БНМАУ хэмээх алтан шаргал үсэгтэйгээр бөөнөөр нь энэ тэмдгийг үйлдвэрлэж орхисон Зоос гоёлын үйлдвэрийн буруу юу? Авахгүй гэж зарим нь тунхагладаг, авсангүй гэж нөгөө хэсэг нь гомдоллодог урлагийнхны өөрсдийнх нь буруу юу?
Зүгээр л БНМАУ гэсэн түүхийн шаргал хуудсанд нь нэгэн шигтгээ болгоод энэ тэмдгийг үлдээчихгүй яасан юм бэ? Тэр үед хэн ч энэ цолыг хөгийн гэж дууддаггүй л байсан. Үнэ цэнтэй хэвээр нь өөрийнх нь цаг үед үлдээчихвэл өнөөдөр элдэв хоч зүүн утгаа, үнээ алдан амтай болгоны зугаа болж явахгүй байхгүй юү. Цагийн юм цагтаа сайхаан гэж.
Б.Цацрал