-Хууль бус томилгоо хийсэн үү?-
Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахаар гаргасан шийдвэрийн бэх нь ч хатаж амжаагүй, дараагийн Ерөнхий сайдын сураг ч тодроогүй байхад халаа сэлгээ хэдийнэ эхэлжээ. Хөдөө орон нутагт эхлүүлсэн халаа сэлгээний улмаас төрд олон жил зүтгэсэн мэргэшсэн төрийн албан хаагчид ажилгүй үлдэж, тэдний оронд мэргэжлийн бус, төрд огт ажиллаж байгаагүй хүмүүсийг томилж эхэлсэн байна.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар олон жил ажилласан, мэргэшсэн төрийн албан хаагч, ХАА-н ухааны доктор цолтой нэгэн эрхмийг ажлаас нь халжээ. Түүний оронд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Энхжаргал гэгч эмэгтэйг томилсон нь салбарын мэргэжилтнүүдийг гайхашруулсан гэх. Ц.Энхжаргал нь өнгөрсөн онд Дархан дээд сургуулийг дүүргэсэн, мэргэжлийн бус төдийгүй төрийн албанд огт ажиллаж байгаагүй нэгэн юм байна.
Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь өнгөрсөн оны ажлаараа улсдаа тэргүүлж, энэ онд ч амжилтаа бататгаж чаджээ. Байгууллагаа аймаг орон нутаг, салбартаа тэргүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан туршлагатай дарга, удирдах ажилтныг ажлаас нь халсан шалтгаан тодорхойгүй байгаа нь хамгийн хачирхалтай юм. Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэсэн энэ мэт үйлдэл хойшид ч үргэлжлэх магадлалтайг хөдөө аж ахуйн салбарынхан өгүүлж байна. Тухайлбал, Өмнөговь, Завхан аймгийн хөдөө аж ахуйн газрын тухайд халаа сэлгээ хийж мэдэхээр байгаа ажээ.
Ийн хууль бус халаа сэлгээ хийж, Төрийн албаны тухай хууль зөрчсөн тушаалд Шинэчлэлийн Засгийн газрын гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж унахынхаа өмнөх өдөр гарын үсэг зуржээ.
Ц.Энхжаргал нь Ш.Түвдэндоржийг 2008 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвших үеэр хамтран ажиллаж байсан гэх баримт байдаг аж. Ардчилсан намын гишүүн бол мэргэжлийн бус байсан ч хууль зөрчин томилдог, АН-ынх биш бол ажлаа сайн хийдэг нь хамаагүй гэсэн үзэгдэл газар авч эхэлснийг анхааралдаа авах цаг болжээ.
Д.ЦЭЭНЭ