УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Бүлэг энэ удаад хоёр асуудлыг авч хэлэлцсэний дотор хамгийн их анхаарал татсан нь Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөр багтжээ. Бүлгийн гишүүдийн хувьд хөтөлбөрт багтсан ч, хэрэгжиж эхлээгүй байгаа ажлуудыг үлдэж байгаа хугацаанд биелүүлэх шаардлагатай гэж үзэн дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон аж. Үүнд багш, сурагчдыг компьютерээр хангах тухай юм байна. Зөвхөн багш нарыг компьютержүүлэхэд 16 тэрбум төгрөг шаардана. Зээл, тусламжаар багш нарыг компьютерээр хангахаар төлөвлөөд байсан ч, энэ нь бүтэл муутай байгаа. Тиймээс бүлгийн гишүүдийн хувьд хөрөнгийг нэгдсэн төсөвт суулгаж өгөх шаардлагатай гэсэн саналыг гаргасан. Мөн хоршооллыг хөгжүүлэхтэй холбоотойгоор газар тариалан эрхлэгчдийг бага оврын трактороор хангах асуудал чухлаар тавигдах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхэд мөн хөрөнгө шаардаж буй тул эх үүсвэрийг олох шаардлагатай гэсэн дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Цалин, тэтгэврийг нэмэх асуудал ч мөн багтжээ. Түүнчлэн малчдын малчны зээл, төрийн албан хаагчдын цалингийн зээл, ахмадуудын тэтгэврийн зээлийг Хүний хөгжлийн сангийн хөрөнгөөс төлөх асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төсөлтэй уяж, шийдвэрлэх шаардлага байгаа тул энэ асуудлыг Засгийн газар мөн судалж, оруулж ирэх шаардлага байна гэдгийг бүлгийн хуралдаанаас гаргажээ.
Г.Дарь