Б.Жавхлан, Н.Түвшинбат нар алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан, Н.Түвшинбат нар алтан медаль хүртлээ

Монголын олимпийн боксын холбооны гол төлөв залуучуудын шигшээ багаас бүрдсэн тамирчид ОХУ-ын Хабаровск хотноо болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ. Энэ сарын 17-21-нд болсон Константин Коротковын нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын ширэн бээлийтнүүд найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алт, гурван мөнгөн медаль хүртжээ. Дэлхийн 16 орны 100 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний 60 кг-ын жинд Б.Жавхлан, 64 кг-д Б.Түвшинбат нар аваргын алтан медаль хүртсэн бол 52 кг-ын жинд Ж.Отгонбаяр, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д А.Бат-Очир нар хүрэл медалийн эзэн болсон байна.

ОУХМ Б.Жавхлан эхний тойрогт БНАСАУ-ын тамирчин Ким Чол-сунг 7:5 харьцаагаар, шөвгийн наймд Беларусийн Кириль Романцевичийг 9:5, улмаар мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Илья Максимовыг 7:5-аар, аваргын төлөө ОХУ-ын Фарид Алешкинг 9:4 харьцаатай тус тус ялсан байна. Харин 64 кг-д өрсөлдсөн Н.Түвшинбат эхний тойргийг өнжиж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Александр Перминовыг 4:0-ээр, мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Роман Сидорчукийг 10:4 харьцаатай ялж, аваргын төлөөх тулаанд Унгарын Габор Горбижийг 6:5 харьцаагаар ялсан байна.

52 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Отгонбаярын хувьд эхний тойрогт Армяны Артур Мовсесьянг 4:3-аар, дараа нь ОХУ-ын Ким Евгенийг ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Улмаар медалийн өнгө хувиргах тулаанд ОХУ-ын боксчин Семень Степановт 15:4 харьцаатай ялагдсан байна. Харин 60 кг-ын жинд Д.Отгондалай БНСУ-ын Ким Таэкийг 9:1-ээр, дараа нь Азербайжаны Парвиз Багировыг ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Фарид Алешкинд 7:5 харьцаатай ялагдаж, хүрэл медалийн эзэн болжээ. Мөн  69 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн А.Бат-Очир Армяны боксчинг 8:0 харьцаатай илт давуу буулган авсан ч Украйны тулаанч Виталий Константиновд 15:3-аар ялагдсан байна.

Константин Коротковын нэрэмжит тэмцээнд оролцсон Монголын бусад ширэн бээлийтнүүдийн хувьд 49 кг-д Ч.Мөнхтайван эхний тулаандаа ОХУ-ын тамирчинд ялагдсан бол 75 кг-д Н.Шинэбаяр Хятадын Лью Бинг 11:2 харьцаатай ялсан ч медалийн төлөөх тоглолтод Украйны Евгень Круткод 7:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж