Сонгуулийг булхайгүй шударга явуулахын тулд 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлээд санал хураалтыг автомат машинаар тоолохоор болж, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт 24 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн юм. Тиймээс бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооныхонд хандаж “Үлдэж байгаа жил орчмын хугацаанд сонгуулийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажлаа шуурхайлах шаардлагатай” гэсэн даалгаврыг мөн өгчээ. Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл аж. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолд зааснаар гамшиг тохиолдсон үед хэрэглэх цэвэр ус, цусан бүтээгдэхүүнийг 100 мянган хүнд нэг сарын хугацаанд хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх тухай байсан бөгөөд тус бүлэг тогтоолыг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой хэмээн үзсэн байна. Гурав дахь асуудал нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцсэн. Ингэхдээ зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг хэсэг хугацаанд хэлэлцэхийг түр хойшлуулах шийдвэрт хүрчээ. Завсарлага авсан хугацаанд бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг МАН-ын бүлгийнхэнтэй ярилцаж, зарим асуудлын шийдлийг тодорхой болгох аж.
Дөрөв дэх асуудал нь бүлгээс завсарлага аваад байсан Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуулийн төслүүд бөгөөд бүлгийн гишүүдийн хувьд “Холбогдох байнгын хороодод шилжүүлэх цаг болсон” хэмээн үзжээ.