Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн болно

Монгол Улсад Мэдээлэл, шуудан,  харилцаа холбооны салбар үүсч хөгжөөд 90 жил болж буй. Ойн хүрээнд энэ сарын 25, 26-нд Төрийн ордонд улсын зөвлөгөөн зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр Мэдээлэл, шуудан харилцаа холбооны технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болдбаатар, Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассиоциацийн ерөнхийлөгч Д.Болор нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Улсын зөвлөгөөнд гадаад, дотоодын 800 гаруй төлөөлөгч оролцож,  мэдээлэл , харилцаа холбооны салбарын талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлийг гаргах аж. Мөн тулгамдаж буй асуудал, тэр дундаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллах шаардлага байна вэ гэдэг дээр төвлөрч ярилцах болсон байна.

Сүүлийн жилүүдэд технологи асар хурдацтай хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал чухлаар тавигдах болжээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн 2010 онд төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Үндэсний дата төвийг байгуулан ажиллаж буй. Одоогоор нэмэлт техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулж байгаа. Ингэснээр 60 гаруй төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах бололцоо улам өснө. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцох бололцоо ч нээгдэх гэнэ.

Харилцаа холбооны салбарыг үсрэнгүй хөгжилд хүргэж байгаа бас нэг үзүүлэлт нь интернэтийн сүлжээ аж.  Монгол Улсын бүх сумд интернэтэд холбогдсон, одоо хурдыг нэмэгдүүлэх асуудал тавигдах болсон. Өөрөөр хэлбэл, интернэтийн үйлчилгээний хувьд чанар яригдах болсон гэдгийг Б.Болдбаатар дарга онцоллоо. 2000 оныг өнөөдрийнхтэй харьцуулахад интернэтийн хэрэглээ 200 дахин өссөн бол гар утасны хэрэглээ тав дахин өссөн гэсэн үзүүлэлтийг хэлж байна. Мөн үүрэн холбооны үйлчилгээний үнэ тариф өнгөрсөн таван жилийн хугацаанд 5-10 дахин буурсан гэсэн мэдээллийг ч өглөө.

Дашрамд сануулахад, 90 жилийн ойн хүрээнд энэ сарын 27-30-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ICT 90 EXPO” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж