"Цэрэн турс" компанийн захирал Э.Цэрэнтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд үндэсний брэндийн тухай их ярьдаг боллоо. Аялал жуулчлалын салбарын хувьд брэнд нь юу байж болох вэ?
-Монголын аялал жуулчлалыг гадаадад юугаар төлөөлүүлэх вэ гэж олон жил ярьж ирлээ. Жил болгон л гэрээ, хөх тэнгэрээ эсвэл онгон байгалиа үзүүлье маргалддаг. Монголоо гадаадад таниулах гэж янз янзаар л оролдож байна. 2015 онд Германд болох IBT-д юугаар өөрсдийгөө брэнд болгож харуулах вэ гэж засгийн түвшинд ярьцгааж байгаа гэсэн. Гэхдээ салбарт ажилллаж байгаа хүмүүс нь энэ тухай сургаас цаашгүй л сууцгааж байна. Миний гэрээнийх нь асуудлыг нь сөхөж тавиад байгаа 13 настай казах охиноор л жишээ авахад энэ охин өөрөө брэнд. Энэ охин бол соёлын өвийг тээгч, нүүдэлчин соёлыг харуулагч. Бид өнөөдөр дотроо казахынх, Монголынх гэж муудалцаж байтал Казахстан аль хэдийнэ биднээс өрсөөд бүргэдчинээр өөрсдийгөө гадаадад сурталчилаад л явж байна. Чингис хаанаар, нүүдэлчин амьдралаар ихэнхдээ Монгол танигдаж байна. Түүхээрээ өөрсдөө бахархах нэг хэрэг ч, өнгөрсөн цагаараа одоо өөрсдийгөө сурталчилах нь хэр оновчтой вэ?
Францад бид Эйфелийн цамхагийг үзэх гэж очдог болохоос биш Напелеоныг бодож очдоггүй. Гэхдээ биднийг өнөөдөр таниулж байгаа зүйл нь яах аргагүй түүх маань байна. Гэхдээ өнөөдрийнхөө баатруудаа гаргаж ирэх хэрэгтэй. Энэ казах охин шиг баатрууд олон бий. Өөрсдийгөө бид жинхэнэ нүүдэлчин хэв маягаасаа өөрчлөгдөн орчин үежсэн гэж байгаа боловч мал нь байна уу байна, малчин нь байна уу байна. Өөр хаана ч байхгүй нүүдэлчин байгаа нь үнэн. Шинээр сүрхий юм гаргаад ирж чадахгүй байгаагаас хойш энэ нэрээ л зарж идэхээс аргагүй. Бусдад байхгүй буюу бусдаас өөр зүйлээрээ л ялгарна.
-Монголд ирсэн жуулчныг хэдэн зуун км авч давхиж байгаад нэг туурь ч юмуу, хад үзүүлдэг гэж их шүүмжилдэг…?
-Ийм байдлыг өөрчлөх гэж, хэрэгтэй юм хийчих гэж компани болгон л хичээж байна. Гэвч энэ нь улс орны хэмжээнд биш компанийн хэмжээнд л яваад байна. Биднийг нэгтгэж зангидсан яам нь ч юм уу, холбоо нь ч байна уу ажлаа утгаар нь хийвэл урагшилна. Энэ олон аялал жуулчлалын компаниас арав гаруйхан нь л гадаадад сурталчилгаагаа явуулдаг гэхээр тэд л тэр яриад байгаа брэндийн утга учрыг ойлгож байна гэсэн үг. Бусад нь энэ салбарт ажиллаад байна гээд боловч маркетинг хийдэггүй л гэсэн үг. Одоо манайд наадам гадныхны сонирхлыг их татаж, сайн сурталчилагдаж байна. Гэхдээ наадмын төвлөрлийг сааруулахгүй бол энэ үеийн нислэгийн тасалбарын хүрэлцээнээс эхлээд асуудал их байдаг. Тэгэхээр олон эвэнт зохион байгуулах хэрэгтэй болно. Зөвхөн нүүдэлчин, байгалиа үзүүлээд байх биш Улаанбаатарт ч цагийг өнгөрүүлэх нь чухал. Одоо манай хотод дэлхийн бусад хотуудад байдаг шөнийн амьдрал бараг алга болчлоо. Онгоц ихэнхдээ цагаасаа хоцордог тул санд мэнд хотод орж ирээд оройн 11,12 цаг гэхэд хоолтой ресторан бараг олдохгүй. Үүнээс болоод сэтгэл ханамжгүй байдал үүсдэг. Туркээс жуулчид ирэхээр боллоо гэхэд тэд Орхоны хөндийн Түрэгийн үеийн дурсгалыг үзэхийг их хүсдэг. Хамгийн эхлээд Элсэн тасархай хүртэлх 280 км замд жорлонгийн асуудал яригддаг. Ялангуяа ислам шашинтнууд угаал үйлддэг заншилтай манайд гэтэл тийм бололцоо байдаггүй. Монголд ирдэг жуулчдад жараас дээш настай хүмүүс нэлээдгүй байдаг. Төдий насны хүмүүс хэдэн цаг жорлонгүйгээр тэсэхэв гээд л асуудал байна. Ямар монголчууд хаа хамаагүй морь хардаг гэлтэй биш. Иймэрхүү асуудлыг бодлогоор хийхгүй бол нэг аяллын компани энэ бүхнийг шийдэх бололцоогүй. Туркээс гэхэд л жуулчны асуудал иймхэн зүйлээс болж гацдаг.
-Манай улс үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн зээл, төслүүдийг их хэрэгжүүлж байна. Монгол улсад татвар төлж, хүн цалинжуулж, үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, ресторанууд, жуулчны компаниуд орхигддог юм шиг санагддаг?
-Төр засаг өнөөдөр болсон болоогүй ямар нэг хийгээд гаргаад ирэхийг үйлдвэрлэл гэж үздэг. Эсгий шаахай хийгээд зээл аваад явж байгаа хүний буруу биш, тэдэнд бол урам зоригтой байгаа байх. Гэтэл өнөөдөр тэрийгээ зарж чадахгүй байна ш дээ. Тэр шаахайны хэрэглэчид нь аялал жуулчлалаар орж ирдэг. Брэнд гэж бид ярих дуртай. Брэнд гэж хэн ч дуурайж чадахгүйгээр хийж өөрийн тамгаа тамгалахыг хэлдэг байх. Жишээ нь манай компани гэхэд уулын аялал, тэмээн аялалаа тамгалах гэж хичээж байна. Энэ бол бидний яриад байгаа брэнд болох гэж оролдож байгаа оролдлого юм. Зах зээл дээр бид нэгдэх заримдаа үгсэх ч хэрэгтэй. Тэгвэл бие биеэсээ ялгарч зах зээлээ булаацалдахгүй болно. Аялал жуулчлалыг брэнджүүлье гэвэл Монголыг юугаар танихав гэдгээ тодорхой болгоод гадныхны тархинд тэр ойлголтоо ягштал хийж өгөхийг л хэлнэ гэж би ойлгож байна.
-Аялал жуучлал үлэг гүрвэл унасан хүүхдээр бэлгэ тэмдгээр хийхээр санаачлага гараад чимээгүй болсон. Мөн бүс нутаг бүрээр өөр өөр логотой байя гэсэн санаа ч гарч байсан. Энэ талаарх таны бодол?
-Тэр лого аз болоход дэмжигдээгүй л дээ. Монгол гэж нэг нэртэй, нэгдмэл улс мөн юм бол бүс нутаг бүрээр логотой болох нь бүр л ойлгомжгүй болгоно. Discover Mongolia чинь харин овоо брэнд болохоор байсан юм. Гэтэл уул уурхайдаа алдчихав уу яав. Нэг юм гаргаж ирээд нэг хоёр жил болоод алга болгоод байвал хүний ой тойнд хоногшиж үлдэхгүй. Аялал жуучлал хийсвэр буюу мөрөөдөл зардаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс аялал жуулчлалын брэнд гэхээр имиж дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Тиймээс гадаадад Монголын аялал жуулчлалыг сурталчилах өөрөөр хэлбэл үзүүлэх “дүрс” хэрэгтэй. Дүрсжүүлэн байдлаа л эхэлж зарна гэсэн үг.
-Брэндээ бүтээхэд нэгдмэл биш байдал нөлөөлж байна гэж ойлголоо?
-Бид хоорондоо уулзахгүй байна хуралдахгүй байна. Хоёр жилдээ нэг уулзахаар ганц хоёр гээд минут заачихаар санал бодлоо хэлж амжихгүй. Төр хувийн хэвшлүүд хоорондоо маш их ярилцах хэрэгтэй. Үүнд бас төрийн зангараг гэх юм уу хүч хэрэгтэй байна.
-Аялал жуулчлал манайд сул хөгжсөн сүүлийн жилүүдэд уул уурхайдаа дарагдаад байна. Одоо аялал жуулчлалд брэнд гэж ярих цаг мөн үү?
-Харин ч бид оройтож байна. Хэчнээн жил Монголын аялал жуулчлалыг гадныхны ой тоонд шингэтэл л сурталчилж чадалгүй явж ирэв. Дэлхийд бид нэг л нэрээрээ гарах ёстой. Монгол гэхээр хүний ой тойнд юу буухав тэр л дүрсээр бид дагнах ёстой.
Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл