“Бэсрэг жүжиг”-ээс хэдий хэрийн орлого олсон бэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

“Бэсрэг жүжиг”-ээс хэдий хэрийн орлого олсон бэ?

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2010 онд В.Кансногоровын долоон жүжгийн төслийг  амжилттай хэрэгжүүлсэн удаатай. Тэд эл төслийнхөө үргэлжлэл болгон 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл” буюу “Долоон найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялах” аяллыг зохион байгуулж аравдугаар сард амжилттай хэрэгжсэн. Бага төсвөөр драмын урлагаар дамжуулан найруулагчид нийгмийн хүнд асуудлуудыг хөндөж үзэгчдэд хүргэхийг зорьсон нь нүдээ олсон ч байж болох юм. Хүн чанар, хайр харуусал, гэр бүл, үр хөндөлт, өнгө мөнгөний мөн чанарыг сэтгэхүйн, инээдмийн, аймшгийн зэрэг олон шинэлэг жанраар үзэгчдэд хүргэхийг хичээсэн нь тэдний жүжгүүдээс анзаарагдаж байсан билээ. “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг улсаас 10 сая төгрөгөөр санхүүжүүлж нийт 7284 үзэгч тус төслийг хүлээн авч, 59,713,000 төгрөг олжээ. 10 сая төгрөгөөр нэг жүжгийн санхүүжилтийг хийж хүрэхгүй мөнгө гэдгийг манай уншигчид андахгүй болов уу. Тэр ч утгаараа Драмын театрын уран бүтээлчдээс чамгүй өндөр чадвар шаардаж байсан нь тодорхой. Ганц урлаг гэлтгүй бүх л салбар хөрөнгө оруулалт, санхүү гэдэг зүйлтэй шууд холбоотой. Харин Драмын театрын уран бүтээлчид бага төсвөөр үзэгчдэд хэрхэн сайн уран бүтээл хүргэж болохыг харууллаа. Цаашдаа ч олон сонирхолтой төслийг үзэгчдэд хүргэх нь дамжиггүй биз ээ.

Харин хамгийн олон удаа үзэгчдийн хүртээл болсон жүжиг Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй” жүжиг байлаа. Бүүвэй жүжгийг нийт 2182 хүн үзэж, 21,358,000 төгрөгийн орлого олсон байна.

Харин Харолд Принтерийн зохиол Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатрын найруулсан “Өчигдөр” жүжиг таван удаа үзэгчдийн хүртээл болж, нийт 15,262,000 төгрөгийн орлогыг олжээ. Н.Наранбаатар найруулагчийн жүжиг бусад зургаан найруулагчийн жүжгүүдээс харьцангуй өндөр үнэтэй буюу 10-25 мянган төгрөгөөр үзэгчдэд хүрсэн юм. Н.Наранбаатар найруулагчийн жүжиг тавигдаж эхлэхээс хоёр хоногийн өмнө тоглолтын тасалбар дууссан байсныг дурьдах нь зүйтэй болов уу.

Люсиль Флетчерийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулагчийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” триллер жанрын драмын жүжиг гурван удаа Драмын театрын тайзнаа тавигдаж  151 хүн үзэж 1,555,000 төгрөгийн орологотой ажилласан. Ч.Түвшин найруулагчийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг Драмын театрын хамгийн анхны аймшгийн жанрын бүтээл тэр дундаа Драмын театрын залуу уран бүтээлчдийг тоглуулснаараа тун онцлог байсан юм. А.Ванпиловын зохиол Урлагийн гавьяат зүтгэлтэн Мөнхдорж найруулагчийн найруулсан “Хэрээт төгөл” уран бүтээл таван удаа тоглогдож, нийт 7,276,000 төгрөгийн ашигтай ажиллажээ.

Николая Колядагийн зохиол Драмын театрын найруулагч Ц.Батнайрамдалын найруулсан “Маникен” сэтгэхүйн драмын жүжиг гурван удаа тоглогдож, 827 хүн үзэж, 8,620,000 төгрөгийн орлогыг Драмын театрт оруулсан байна.

Итгэлт баян нэрээрээ олонд алдаршсан  Ардын жүжигчин А.Очирбатын зохиол найруулагч Э.Ёндоншарвын найруулсан “Буруугүй буруутан” жүжиг гурван өдрийн туршид үзэгчдийн хүртээл болж, 1200 үзэгч хүлээн авчээ. Тасалбарын үнийн хувьд 10-15 мянган төгрөгөөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд нийт дүнг драмын театраас ирүүлээгүй учраас хамгийн бага үнэ буюу 10 мянган төгрөгөөр тооцож, 12 сая төгрөгөөр тооцсон билээ.

Дарио Фогийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан "Чөлөөт хос" зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан жүжиг нийт 1500 үзэгчдэд хүрч 10-15 мянган төгрөгөөр үзэгчдийн хүртээл болжээ. Нийт олсон орлого 15 сая төгрөг. Драмын театрын зүгээс тодорхой дүн өгөөгүй учир тасалбарын үнийг хамгийн багаар буюу 10 мянган төгрөгөөр тооцов.  

Драмын урлаг гэдэг хүмүүний дотоод ертөнцийн зөрчил, хүн төрөлхтөний мөн чанар нийгмийн сайн сайхан хийгээд бохир хандлагыг бодитой басхүү шүүмжлэлтэйгээр үзэгчдэд хүргэдэг тайзны урлаг. Зохиолчийн өрнүүлсэн хүчтэй зөрчил, огтлолцол, санааг тайзнаа амьдруулж бодитоор үзэгчдэд хүргэх ч тийм амар зүйл биш биз ээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж