News.mn сайтаас долоо хоног бүрийн баасан гаригт “Эрүүл мэнд” булангаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт “Чимэг оюу” эмнэлгийн ерөнхий эмч, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Хорлоогийн Ганбаатар оролцож байна.
Хүүхэдтэй болно гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал байхаа хэдийнэ больжээ. Залуус гэр бүлээ эртнээс төлөвлөдөг болж. Хэзээ гэрлэх үү, хэзээ хүүхэдтэй болох вэ гэдгийг хамтдаа шийдсэнээр гэр бүлд нааштай хандлага олон гарч байгаа ч сүүлийн үед үргүйдэл, амьгүй тээлт нэмэгдэж, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын санааг зовоосон хэвээр байна. Гэр бүл төлөвлөлт хөгжихийн хэрээр хүмүүс хүү, эсвэл охин төрүүлэх “хүсэлт”-ийг эмч нарт хаяглах нь олширчээ. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх боломжийн талаар бид “Чимэг оюу” эмнэлгийн ерөнхий эмч, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Хорлоогийн Ганбаатартай ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр хүмүүс аборт хийдэг газар мэт төсөөлөх нь бий. Гэтэл танай эмнэлэг аборт хийж, үр хөнддөггүй нь үнэхээр сайхан санагдлаа. Та яагаад үр хөндөлтөөс татгалзах болсон бэ?
-Үр хөндөлт бол сайшаалтай зүйл биш. Гадаадын зарим улс оронд үр хөндөлтийг бүрмөсөн хориглосон байх нь ч бий. Манай улс хүн ам цөөтэй. Цөөхүүлээ байх тусмаа олуул болох бодлогыг боловсруулах ёстой гэж би хувьдаа боддог. Олуулаа болж байж улс орон маань эрчимтэй хөгжинө. Олуулаа болохын тулд жирэмсэн болон хүүхдээ төрүүлж, өсгөж буй эхчүүд эмэгтэйчүүдээ дэмжих учиртай. Нөгөөтэйгүүр ерээд оны эхэн үеэс хавтгайруулсан үр хөндөлтийн хамгийн хор уршиг одоо ч арилаагүй байна. Өнөөдөр эхчүүд, эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолдож буй үргүйдэл бол үр хөндөлтийн хамгийн сөрөг үр дагавар юм. Энэ бүхнийг мэддэгийн хувьд би жирэмслэхээр ирж буй эхчүүдийг илүүтэй дэмждэг. Жирэмслэлтээ зогсоох гэж надтай уулзаад загнуулаад гарсан олон эмэгтэйчүүд одоо баярлалаа гэдэг юм.
-Хүмүүс ойлгохдоо үргүйдлийг эрчүүдтэй холбон ойлгох нь түгээмэл байсан. Тэгтэл эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог гэх юм. Үргүйдэлд өртөж шаналсан олон бүсгүйчүүдэд таныг тусалсан гэх юм билээ. Үргүйдлийг эмчлэх боломжтой юү?
-Үргүйдлийн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 30 орчим хувь нь эрчүүдийн зүгээс, үлдсэн хувь нь эмэгтэйчүүдээс шалтгаалдаг. Эрчүүдийн хувьд төрөлхийн үргүйдлээс гадна гахайн хавдраар өвдсөн, осол гэмтлийн улмаас төмсгөө гэмтээсэн гэх мэт шалтгаанаас болж үр тогтоох чадвар муудсан байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд үр хөндөлт хийлгэсэн, үр дамжуулах хоолой үрэвссэн, битүүрч бөглөрсөн, наалдац үүссэн гэх мэт олон шалтгаанаар үргүйдэлд өртөж байна. Энэ бүхнийг анагаах эмчилгээг бид хийж байгаа. Жилд дунджаар 200-250 эмэгтэй үргүйдлээ эмчлүүлдэг. Тэдний 80 хувь нь жирэмсэлдэг гэсэн судалгаа гарсан. Зуун хувийн үр дүн гэж хаана ч байхгүй л болов уу.
“Чимэг оюу” эмнэлгийн хамт олон. Зургийн дээрх ганц эрэгтэй нь Х.Ганбаатар эмч. Түүний зүүн гар талд түүний гэргий, хүүхдийн эмч Д.Цэрэндолгор.
-Өмнө нь хүүхэд төрүүлсэн хосууд олон жилийн турш жирэмслэхгүй байгаа нь ямар учиртай юм бол?
-Монгол эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн тохиромжтой үе бол 23-35 нас юм. Энэ хугацаанд эмэгтэйчүүд амархан жирэмсэлнэ, хүүхдээ сайн тээнэ, хүндрэлгүй амаржина гэхчилэн олон давуу тал бий. Гэтэл 35-аас дээш насныхан тэр дундаа 40-45 насны эхчүүд хүүхэд төрүүлэхсэн гэж манай эмнэлэгт хандах нь элбэг. Тэдэнд үгүй гэж хэлэх эрх байхгүй ч ний нуугүй хэлэхэд 35-аас дээш насанд эмэгтэй хүний өндгөвчний үйл ажиллагаа саарах шатанд ордог. Өндгөн эсийн боловсролт муудна. Тэр бүгдийг нарийн тооцоолж байгаад аль болох туслахсан гэж хичээдэг.
-40 болон түүнээс дээш насныхан жирэмслэхэд багагүй эрсдэлтэйн дээр жирэмсэлсэн хойноо ч таагүй үр дагавартай нэх юм. Үнэхээр нас тогтсон хойноо хүүхэд төрүүлэхэд ургийн гаж хөгжил, даунтай хүүхэд төрөх эрсдэлтэй юү. Энэ нь ямар учиртай юм бол?
-Ургийн гаж хөгжил, даун гэхчилэн сэтгэл зовоосон асуудал 40-өөс дээш насныханд илүүтэй тохиолддог тал бий. Даун л гэхэд генийн өвчин шүү дээ. Хүмүүсийн нас ахих тусам генд өөрчлөлт ордгийн жишээ л дээ. Тиймээс би эмэгтэйчүүдэд 35 наснаасаа өмнө хүүхэд төрүүлэхийг зөвлөдөг. Гэхдээ хүн болгонд тийм харамсалтай зүйл тохиолдохгүй.
-Залуус гэрлэх гэж яарахгүй болжээ. Өөрийн гэсэн орон гэр, байр машинтай болсон хойноо гэр бүл зохионо гэсэн бодолтой залуус олон болж. Үүнээс шалтгаалж төрөлт оройтох хандлага ажиглагдах юм уу?
-Наяад он хүртэлх хугацаанд монгол эмэгтэйчүүд дунджаар 22 насандаа гэрлэж, 23-24 насандаа анхны хүүхдээ төрүүлдэг байсан. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос саяхан гаргасан судалгаагаар гэрлэлтийн нас хойшлон 27-28 болсныг, анхны төрөлт 30 орчим насанд тохиож байгаа нь тогтоогдсон байна лээ. Энэ нь бага залуу насандаа мэдлэг боловсрол эзэмшиж, эдийн засгийн хувьд суурьтай болсон хойноо гэрлэх гэсэн барууны сэтгэлгээ, үзэл бодлоос үүдэлтэй биз ээ. Энэ бол буруу зүйл биш. Зөв юм. 30 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн ээж 35 хүртэлх насандаа дахиад төрөх боломжтой. Эдийн засгийн хувьд бие даагаагүй хүмүүс эрт хүүхэд төрүүллээ гээд хүүхдээ дааруулж, өлсгөвөл эрт хүүхэд төрүүлсний ач тус нь харагдахгүй шүү дээ. Ер нь бол монгол эмэгтэйчүүд Зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүдээс нөхөн үржихүйн чадвар сайтай байдаг. Энэ нь байгалийн зохицолдолгоо сайтай, амьтны гаралтай уураг их хэрэглэдэгтэй холбоотой биз.
-Хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмн төлөвлөх боломжтой юу. Охид олонтой айл хүү төрүүлж, гал голомтоо залгамжлуулахыг хүсдэг бол хөвүүдтэй хүмүүс охинтой болохыг мөрөөддөг. Тэгэхээр төрөх хүүхдийнхээ хүйсийг зохицуулан жирэмсэлж болох уу?
– Хүн төрөлхтөн үүссэн цагаас л асуудал дагуулсаар ирсэн нэгэн чухал сэдэв бол төрөх хүүхдийн хүйс тодорхойлох, төлөвлөх юм. Нуган үр төрүүлж, гал голомтоо залгамжлуулдаг ёс заншил ганц манай улсад төдийгүй Азийн олон оронд байдаг. Тэгэхээр охин, хүүг хүссэнээрээ төрүүлж болох уу гэсэн асуулт анагаах ухаан үүссэн цагаас л дагалдаж ирсэн. Азийн улс орнууд тэр дундаа Хятад, Япончууд л гэхэд хүүхдийн хүйс тодорхойлох хуанлийг гаргаж, тэр нь олон нийтэд түгээмэл тархаж, хүмүүсийн хүртээмж болсон байдаг.
Ер нь төрөх хүүхдийн хүйс тодорхойлох гол үндэс нь эцэг, эхийн бодисын солилцоо, цусны шинэчлэлттэй холбоотой. Хүний бодисын солилцоо, цуснй эргэлт дөрвөн жилийн мөчлөгтэй байдаг. Зүүн өмнөд Азийн хүйс зохицуулах хуанлид ч хүний бие организмын энэхүү мөчлөг, шинэчлэлтэй уялдуулан таамаг дэвшүүлсэн байдаг. Эдгээр хуанлийг 30-40 хувийн магадлалтай гэж үздэг.
Түүнээс гадна баруун европын орнуудад олон жилийн судалгаанд суурилсан хүүхдийн хүйс зохицуулах аргачлал бас бий. Хэдий үед жирэмсэлбэл хүү, хэдий үед охин төрөх вэ гэдгийг нарийн судалсан байдаг. Тэдний судалгааг 50 хувийн магадлалтай гэдэг юм билээ. Би Германд сурч байхдаа хүүхдийн хүйс зохицуулах асуудлыг сонирхон судалж, Германы эрдэмтэн докторуудтай санал солилцож байсан. Тиймээс барууны шинжлэх ухааны үндэслэлтэй туршлага, Зүүн өмнөд Азийн орнуудын хуанлийг хамтатгаад хүүхдийнхээ хүйсийг зохицуулан жирэмслэх хүсэлтэй эхчүүдэд би 70-80 хувийн баталгааг амладаг. Ер нь зөрсөн тохиолдол цөөн. Ганц нэг л тохиолдолд хүссэнээс зөрж байсан.
Ерээд оны үр хөндөлтийн хор уршиг одоо ч арилаагүй байна
-Та эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр 30 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай эмч хүн. Таныг эмчээр ажиллаж эхлэх үеийн эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, өнөөгийн эхчүүдийн эрүүл мэнд хоёрт ялгаа байна уу?
-1984 онд АУДС-ийг дүүргээд хөдөө орн нутагт анх ажилласан. Төв аймгийн Бүрэн суманд ажиллаж байсан. Тухайн үед нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд өнөөгийнхөөс өөр байсан. Эмнэлгийн тусламжийн хүртээмж муу байлаа. Ялангуяа хөдөө орон нутаг, зах хязгаарлагдмал баг суманд эмнэлгийн тусламж хүрч чаддаггүй байв. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг илрүүлэх, эмчлэх, эрүүлжүүлэх тал дээр өнөөгийнхөөс маш доогуур төвшинд байсан юм. Ялангуяа хавсарсан өвчнүүд, тэр дундаа элэг дэлүү, уушги, бөөрний хавсарсан эмгэгүүд элбэг байсан. Тэр дундаас сүрьеэ өвчин түгээмэл байлаа. Үүнээс болоод төрөх үеийн хүндрэл их гардаг. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг төгс эмчлээгүйгээс өндгөвчид өөрчлөлт орох, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, бага аарцаг, хэвлийн хөндийн идээт үрэвсэл үүсэх зэрэг өвчнүүд түгээмэл байсан. 1990-ээд оноос зах зээлд шилжсэн нь эрүүл мэндийн салбар, тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн салбарт эрс өөрчлөлт авчирсан. Зах зээлд шилжмэгц үр хөндөлтийг хүний эрхийн үүднээс чөлөөтэй хийхийг зөвшөөрсөн. Дээр хэлсэнчлэн тэр үеийн замбараагүй үр хөндөлтийн хор уршиг одоо ч үргэлжилж байна. Ерээд оноос өмнө бол эмэгтэйчүүдийн үргүйдэл болоод өсөлтгүй жирэмслэлт одоогийнхтой харьцуулахад тун бага байсан. 2000 он гарснаас хойш эхчүүд , эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл нэмэгдсэнд амьдарч буй орчин, хоол хүнсний нөлөөлөл байгаа эсэхийг бид судалж үзсэн. Гадна орчны нөлөөлөл бол маш бага хувьтай байгаа. Үр хөндөлтийн хор уршиг хамгийн их аюул дагуулсан байдаг.
-Зарим эмч мэргэжилтнүүд ерээд онд үр хөндөлт буюу абортыг хавтгайруулан зөвшөөрөөгүй байсан бол Монголын хүн ам хэдийнэ гурван саяд хүрчих байсан гэсэн дүгнэлтийг хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үүнийг хоёр талтай үзэх хэрэгтэй санагддаг. Мэдээж абортыг хэн дуртай нь чөлөөтэй хийх эрхтэй болсон нь нэгдүгээр шалтгаан. Нөгөөтэйгүүр тухайн үед Монголын хүн амын эрүүл мэндийн боловсрол, анхан шатны мэдлэг дутмаг байсантай холбоотой. Хүүхэд төрүүлэхгүй гэвэл жирэмслэхээс хамгаалах боломж зөндөө байсан, одоо ч байгаа. Социализмын үеэс уламжилж ирсэн жирэмсэн эхчүүдийн үзлэг, хяналт зах зээлийн эхний жилүүдэд алдагдсан тал бас бий. 1984-1990 оны хооронд бол төрөлт их хэмжээгээр буурсан. Гудамжаар жирэмсэн хүн харагдахгүй шахам үе байсан. Хоол хүнсний хүртээмж ч тааруу байлаа.
Харин сүүлийн үед төрөлт нэмэгдэж байна. Жилд 50 мянга гаруй хүүхэд төрж байсан бол өдгөө 100 гаруй мянгад хүрчихээд байгаа. Ерээд оны эхэн үед жилд 50 мянган хүүхэд төрж байхад 150-200 мянга орчим үр хөндөлт хийж байсан гэсэн харамсалтай тоо байдаг. Эмэгтэйчүүдийн эмнэлэг борооны дараах мөөг шиг олширсон нь ч үүнтэй холбоотой. Хувийн хэвшлийн эмнэлгүүд үр хөндөлтийн тоог нууцалдаг, бүрэн дүүрэн мэдээлдэггүй байсан хэдий ч 150-200 мянган үр хөндөлт бүртгэгдэнэ гэдэг бол Монголын хүн амын өсөлт төдий хэрээр буурсан л гэсэн үг.
-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол 20-30 жилийн өмнөхөөс дээшилсэн үү?
-Эмэгтэйчүүд гэлтгүй нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол харьцангуй дээшилсэн. Гадаадын улс орнуудтай харьцуулахад сул байгаа ч ер нь бол хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавьдаг болж байгаа. Намайг Герман улсад суралцаж байхад эрүүл мэндийн боловсролыг хүүхэд ахуй наснаас нь зааж сургадаг нь анзаарагдаж байсан. Герман эмэгтэйчүүд эх хүн эрүүл байх ёстой гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Тиймээс жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, умайн хүзүүний шинжилгээ өгч заншсаны дээр хүүхэд төрүүлэхийн өмнө бүх төрлийн шинжилгээ өгч , эмч нар зөвшөөрсний дараа жирэмсэлдэг гэхчилэн сайн талууд их бий. Манай эмэгтэйчүүд хараахан тийм хэмжээнд хүрээгүй ч нэг үеийг бодвол эрүүл мэндийн боловсрол нь сайжирсан.
-Сүүлийн үед эхийн эндэгдэл буурч байгаа. Эхийн эндэгдэл өндөр байсны шалтгаан юү юм бол?
-Эхийн эндэгдэл буурч байгаа. Би хоёрдугаар амаржих газрын ерөнхий эмч байхдаа Удирдлагын академид сурч, эхийн эндэгдлээр диплом хамгаалж байсан. Хуучин цагт манай улсад эхийн эндэгдэл өндөр, энэ үзүүлэлтээр дээгүүр жагсдаг байсан нь оношлогоотой холбоотой санагддаг. Ная, ерээд онд одоогийнх шиг боловсронгуй аппарат хэрэгсэл огт байгаагүй. Эмэгтэйчүүдийн эмч нар л гэхэд модон чагнуураар ургийн зүрхний цохилт болоод бусад шинж тэмдгийг чагнан танддаг байлаа шүү дээ. Эхо аппарат эх барих эмэгтэйчүүдийн салбарт дэвшил авчирсан. Нөгөөтэйгүүр өнөөгийн залуус гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголттой болсон. Хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо, цаашид хэрхэн аж төрөхөө эртнээс төлөвлөдөг болсонтой уялдаад эрсдэл, эндэгдэл буурсан тал ч бий. Гуравдугаарт гэвэл хавсарсан өвчин, эмгэг харьцангуй буурсан. Хавсарсан эмгэгүүд дундаас сүрьеэ өвчин өнөөг хүртэл тууштай буурахгүй байгаа нь санаа зовоодог.
-Та нийслэлийн хоёрдугаар амаржих газрын даргаар цөөнгүй жил ажилласан. Хоёрдугаар амаржих газрын барилга байшин хуучирч муудсаны дээр халаалт дулаанаа хувийн секторын нэгэн байгууллагаас авдаг гэхчилэн хүндрэл бэрхшээл дурдсан хэвээр байна. Таныг тус газрын ерөнхий эмчээр ажиллаж байх үед байдал ямар байв?
-Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын ерөнхий эмчээр 1997-2006 оны хооронд есөн жил ажилласан. Тэр хугацаанд төрөлт одоогийнхоос бага байсан. Жилд 3500 орчим хүүхэд мэндэлдэг байлаа. Манай улсын хувьд 16 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийг төр хариуцан ажиллахаар хуульчилсан байдаг. Тиймээс амаржих газар бол орлого байхгүй. Засгаас төсөвлөсөн мөнгөнд багтаан ажилладаг газар шүү дээ.
Хоёрдугаар амаржих газар 1959 онд байгуулагдсан, 75 орны хүчин чадалтай. Амаржсан нэг эхэд 10 метр кв талбай ногдох стандарттай байдаг ч 120-130 хүртэл эхчүүдийг хүлээн авч амаржуулдаг байлаа. Сонгинохайрхан дүүргийн эхчүүдийг хүлээн авдаг, ядуурал ихтэй, хүн ам олонтой дүүргийн иргэдэд үйлчилдэг байсан болохоор тухайн үедээ би удирдах байгууллагуудад амаржих газрыг тав тухтай болгох санал тавьдаг байсан. Барилга байгууламжийг өргөтгөх, орчин цагийн аппарат хэрэгсэл авъя гэсэн санал хүсэлтийг зөндөө хэлсэн дээ. Одоо ч ялгаагүй тус амаржих газар ачаалал ихтэй л байгаа. Тиймээс амаржих газрыг өргөтгөх ажлыг зайлшгүй яаравчлах ёстой гэж боддог.
Манайх эмч гэр бүл
-Та яагаад хувийн хэвшлийн эмнэлэг байгуулахаар санаа шулуудсан бэ?
-Би 1984 онд эмч мэргэжлийг эзэмшсэнээс хойш сумын эмнэлгээс хоёрдугаар амаржих газар хүртэлх 24 жилийг төрийн төлөө, түмэн олныхоо эрүүл мэндийн төлөө зүтгэж үдсэн. Харин хувийн хэвшлийн эмнэлэг байгуулан, төрийн их ачааг бага боловч хөнгөлөх санаагаа 2006 оноос ажил хэрэг болгосон. Эмч гэдэг эрхэм албыг заавал төрийн харъяанд байж залгуулдаг ажил бас биш. Өнөө ч гэмээнэ би жирэмсэн эхчүдийн хяналт, үргүйдэл, үрэвсэлт өвчнийг анагаах чиглэлээр ажилласаар байгаа. Улсын эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээгээр багасгаж байгаа гэж боддог. Түүнээс засгийн цалинг голоод ч юм уу, илүү их мөнгө хөрөнгө олох гээд ч юм уу хувийн хэвшлийг сонгосон хэрэг биш. Миний эхнэр Д.Цэрэндолгор хүүхдийн эмч мэргэжилтэй. Хоёр хүүхэд маань ч бас эмч. Том охин Цэрэнчимэд Германд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр суралцаж байгаа. Хүү Оюунболд шүдний их эмч. Тиймээс охиндоо ажлын байр бэлдэж энэ эмнэлгийг байгуулсан ч гэж бас болно.
-Танай эмнэлгийн нэр хүүхдүүдийн тань нэртэй холбоотой юм байна, тийм үү?
-Тийм ээ, хоёр хүүхдийнхээ нэрийг холбож “Чимэг оюу” гэж эмнэлгээ нэрлэсэн.
-Ингэхэд та эмчийн мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Би Төв аймгийн Алтанбулагийн 10 жилийн сургуулийг төгсөхдөө л ерөөсөө эмч болъё гээд шийдчихсэн байсан. Эрхүүгийн анагаахын дээд сургуулийн хуваарь авахаар ортол миний өмнөх хүүхэд авсан байсан. Тэгвэл дотоодын анагаахад оръё гэтэл шалгалтын комиссынхон “Чи ийм сурлага сайтай хүүхэд байж гадаадын хуваарь ав. Эрхүүгийн нисэх хүёний инженерийн сургуульд орооч” гэж байсан. Гэвч би эмч л болмоор байна гэсээр байгаад АУДС-д орсон юм.
-Ёстой л зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энэ мэргэжлийг сонгосон юм байна. Орчин цагийн эмч нарын ур чадвар, мэдлэг боловсролын талаар та юү хэлэх бол?
-Монгол Улсын хэмжээнд анагаах ухааны 11 дээд сургууль байгаа нь хэтийдсэн тоо. 20 гаруй сая хүн амтай Сингапур улсад гуравхан анагаах ухааны сургууль байхад гурван сая хүн амтай манай улсын хувьд анагаахын чиглэлийн 11 их, дээд сургууль байгаа нь дэндүү ахадсан тоо гэдгийг АУШУҮИС-ийн захирал Г.Батбаатар саяхан нэгэн илтгэлдээ дурдаж байсан. Би үүнтэй санал нэг байгаа. Эмч гэдэг бол онцгой мэргэжил. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэргэжлийн сургуулиудын сургалтын чанар сэтгэл зовооосон асуудал болж байна. Анагаахын чиглэлийн бүх сургууль хичээлээ монгол хэлээр явуулж байгаа. Орос хэлийг бүр орхисон, англи хэлээр сургалтаа явуулж чаддаггүйгээс анагаах ухааны сургалт завсрын үед орчихоод байна. Шинэхэн төгссөн эмч нар оношоо хэрхэн тавихаа мэдэхгүй шахам төгсөж байна. Оюутнууд лекц ч бичихээ байж. Ингэж чанаргүй олон хүн төгсгөж байснаас чанартай цөөн эмчтэй байх ёстой. Дээхэн үедээ бол 10 мянган хүн амд зургаан эмч ногдож байсан бол өдгөө эмч нарын илүүдэлд орчихоод байна.
-Илэн далангүй ярилцлсанд баярлалаа.
Д.ЦЭЭПИЛМАА