Сэтгүүлчид УИХ-д хандав

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид УИХ-д хандав

“Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалтай холбоотойгоор тус сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг Ганц худагт хориод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Түүний эрүүл мэндийн байдал муу, мөрдөн байцаахдаа хөтлөх асуулт тавьж, улстөржиж, хүний эрх зөрчиж байгаа тул батлан даалтад гаргаж өгөхийг сэтгүүлчид хүсч байгаа юм. Уг асуудлаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Заяабат, Б.Цэдэн-Иш, Я.Сумъяа нар  өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид хандлаа.

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Заяабат  УИХ-ын Тамгын газрын даргад хандаж “МСНЭ-ийн 60 жилийн ойгоор МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн илтгэл тавихдаа Монголд хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгааг хэлсэн. Хаана сэтггүүлчид айдас түгшүүртэй байна, тэнд хэвлэлийн эрх чөлөөгүй байдаг. Ингэж бичвэл яах бол гэсэн айдас түгшүүр дунд сэтгүүлчид ажиллаж байна. Хэвлэлийн эрх чөлөө Монголд бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Түүний нэг жишээ нь 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч А.Баатархуягийн шүүх хуралдааныг хаалттай хэлэлцэж буй нь зүйд нийцэхгүй байна. Мөн сэтгүүлч До.Чулуунбаатарыг батлан даалтад гаргахыг хүсч байна. Түүнийг батлан даалтад гаргаснаар оргож босч алга болохгүй. Тэр хүнийг хорьж эрх ашгийг нь хохироож эрүүл мэндийг муутгах шалтгаан байхгүй” гэлээ.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Сэтгүүлчид нэгийнхээ төлөө санаа зовж байгааг ойлгож байна” гээд, шүүх хараат бусаар, ямар нэг улс төрийн өнгө аяст авталгүйгээр шийдвэрээ гаргах ёстой гэж байлаа. Мөн сэтгүүлч До.Чулуунбаатарыг таньдаг, хувь хүний хувьд харамсч буйгаа ч хэлсэн юм. “Өмч хувьчлалыг дагаж ирсэн 638 сая төгрөгийг төлөөгүй гэсэн шалтгаанаар До.Чулуунбаатарыг хорьжээ. Гэвч төрөөс уг хувьчлалыг нэгэнт хүчингүй болгосон тул До.Чулуунбаатарт өртэй холбоотой ялыг одоо тулгах уу, үгүй юү. Монгол Улсад хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Хэн ч түүнд хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй. УИХ-аас удахгүй  Улсын ерөнхий прокурорын газарт энэ талаар байр сууриа илэрхийлсэн бичиг явуулна” гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж