Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс “Нээлттэй шүүхтэй-Хөтөчтэй танилцах” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Тамгын газрын зохион байгуулагч А.Соёлоо нар хөтлөн явууллаа. Харин зочид нь Орхон их сургуулийн 3 дугаар курсын оюутнууд байв. Хөтөч оюутнуудыг “Нээлттэй танхим”, “Шүүх хуралдааны танхим”, шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны ажилчдын ажлын өрөө, мэдээлэл лавлагаа болон тус шүүхийн 1, 2 дугаар байраар орж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцууллаа.
Хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж буй эдгээр оюутнуудын хувьд анх удаа шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд хичээлийн программ нь ч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зааж байгаа ажээ. Тиймээс оюутнуудын хувьд онолын мэдлэгээ практикт тулгуурласан сайхан ажил болж байгаад баяртай байгаагаа мэдээлэл өгөх үеэр дурдаж байв. Мөн шүүхийн ил тод нээлттэй байдлын хүрээнд хийгдэж буй “Нээлттэй танхим” шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэг хийдэг болсон зэргийг ихээр сонирхож байлаа.
“Нээлттэй шүүхтэй-Хөтөчтэй танилцах” ажлын хүрээнд оюутнууд Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэчлэл, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар мэдээлэл авсан төдийгүй тус шүүхийн болоод эвлэрүүлэн зуучлалын танилцуулга, шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах загваруудаас тарааж, оюутнуудаас шүүхийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлийг сонсч, судалгаа авч ажиллалаа.
Б.ЭНХ