-“Юнител” компаниас зарласан “The call” төслийн хүрээнд явагдсан богино хэмжээний киноны уралдаанд танай студийн “Дежа Вү” хэмээх бүтээл шалгарч кино хийх эрхээ авсан байна. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Энэ төсөл өөрөө их сайн төсөл. Сайн гэдэг маань үр өгөөжтэй гэсэн үг. Үр өгөөж нь хойч үедээ хэрэгтэй. Урлагийн нэг том салбарыг хөгжил дэвшилд түлхсэн ийм төсөл. Уран бүтээл, урлагийн цаана хүн л байдаг. Хүн хүнийхээ тухай л урлах арга, эрдэм, өөр өөр хэлбэрээр илэрхийлдэг шүү дээ. Шинээр хүн төрж гарч ирэх, тэр хүн нь эргээд хүний тухай аугаа сайхан бүтээл хийх ийм шинж чанарыг агуулсан төсөл юм. Ийм учраас би энэ төсөлд идэвхийлэн оролцсон. Их дэмжиж орсон. Манай “Боролдой” сутидиэс олон сайхан залуу уран бүтээлчид төрөн гарч урлаг, реклам, киноны салбарт хүчтэй ажиллаж байгаа. Энэ залуучуудыг дахиж шинээр өргөтгөж, хөгжүүлэхэд уг кино төсөл их тус болно гэж бодоод би оролцсон.
-“Дежа Вү” чухам юугаараа хүмүүсийн анхаарлыг татаж уралдаанд шалгарсан юм бол?
-“Дежа Вү” бол арт-хаус чиглэлийнх. Бид киног ерөөсөө л “Цогт тайж” шиг, эсвэл Г.Одон гуайн “Ажлын дараа” шиг ийм реалист маягаар, Отгонтэнгэр уулын тухай зураг зурахад яг л Отгонтэнгэр уулыг мэлтийтэл сайхан зурсан шиг ойлгодог байсан. Тэгэхээр арт-хаус чиглэлээр ийм уралдаан зарлагдана гэдэг нь Монголын киноны урлагт байтугай урлагт анхны том алхам болж байгаа юм. Зураач нар аливаа юмны түрүүнд явдаг авьяас чадвартай. Тийм учраас монголын уран зураг сонин байдаг гэж ярьдаг. Ялангуяа 1990-ээд оноос хойш уран зураг задарсан. Өөрийнхөө эрэмбэ, чиглэл, эрхээрээ хөгжиж эхэлсэн. Уран зурагтай адил кино урлаг тэр чиглэл рүү орж ирэх анхны том алхам нь арт-хаус чиглэлээр уралдаан зарлаж байгаа явдал юм. Үзэгчид маань ч арай өөр зүйлийг хүсэн хүлээдэг болчихож. Биднүүсийн нэг хэвийн амьдрал, нэг тогоо, нэг гэрт, хайрцагт амьдарч байсан тэр амьдрал дээр урлаг, уран бүтээлийг ойлгох ойлгоц өөрчлөгдөх хандлага руугаа орж байна. Ийм үед ингэж уралдаан зарлаж байгаа нь тун сайн хэрэг. Тийм болохоор бид энэ чиглэлээр зохиол бичсэн юм. Гэтэл ийм зохиол бичих хүн хаана байна вэ. Монголд байна уу.
Би олон жил урлаг, янз бүрийн салбар, чиглэлүүдэд ажиллаж явах хугацаандаа толгой тархи нь гайгүй ажиллачихдаг, орчин үеийн ийм хүмүүстэй цөөхөн таарсан. Сүүлийн үед уран зургийн чиглэлд “Хөх нар” арт студийн хэдэн сайхан залуучууд маш өвөрмөц сэтгэлгээтэй уран зураг зурж контенперари урлагийн чиглэлд хүч үзэж байна.
-Тэгвэл кино урлагт өвөрмөц сэтгэлгээтнүүдийг олж харав уу?
-Киноны чиглэлд тийм их өвөрмөц сэтгэлгээтэй хүнийг олж хараагүй. Харин “48 цаг” кино фестивальд оролцсон залуучууд их сонирхолтой кинонууд хийсэн байна лээ. Хоролдорж, Б.Чингүүн, Хятадын драмын урлагийн дээд сургуульд суралцаж байгаа Боролдой гэдэг залуу бас оролцсон. Тэгэхэд О.Мөнх-Оргил гэж нэг залуу байсан юм. Түүний кино тус фестивалийн хязгаарласан цагаас хоцроод орж чадаагүй. Маш өвөрмөц, сонин сэтгэлгээг үзүүлсэн л дээ. Тэгэхээр нь би түүнд “Нэг зохиол бичээдэх” гээд ерөнхий санаагаа хэлсэн. Тэр зохиол маань энэ уралдаанд ороод кино хийх эрхээ авчихлаа. Кино хийх эрхээ авна аа гэдэг маань монголд арт-хаус, авангард чиглэлийн нэг кино бий болох үндэс буй болчихлоо. Манайд саяхан шуугиулаад өнгөрсөн дөө. Хүмүүс нэг их анзаараагүй. Сангидоржийн “Хүчил төрөгч” гэж кино гарсан. Хоёр, гурван хүн үзсэн байж магадгүй. Гэхдээ тэр урлаг байсан. Киног өөр өнцгөөс, үндсэн ухагдахуунаар нь, баруунд анх төрсөн яг тэр байдлаар нь, социалист реализм гэдэг нэрийн дор эвдээгүйгээр нь олж харах тийм бололцоо нээгдээд эхэлж байгаа юм. Сүүлийн нэг жил урлагт ширүүн жил боллоо л доо. Би зураач хүн. Тийм учраас арт-хаус, контенперари урлагийн чиглэлээр нэлээд сонирхож судалж үздэг. Тэгээд ч түүнээсээ их таашаал авдаг.
-“The call” кино төслийн хүрээнд таван жанрын кино зохиолыг шалгаруулсан. Эдгээр бүтээлүүд ирэх сард кино болон үзэгчдэд хүрнэ гэлүү?
-Кино зохиолууд нь шалгарчихлаа. Эдгээр зохиолууд кино болох эрхээ авчихаж байгаа юм. Хийгдэх эрхээ авна гэдэг маань санхүүжилтээ авна гэсэн үг. Санхүүжилтээ аваад зураг, хөрөгтөө гараад ирэх зургадугаар сарын 15 гэхэд дуусгасан байх ёстой. Энэ бол хангалттай хугацаа.
-Арт-хаус чиглэлийн кино бидний үзсээр ирсэн кинонуудаас тэс өөр гэж үү. Энэ чиглэлийн киног бусад кинотой харьцуулан тайлбарлавал?
-Хамгийн энгийнээр, тун тодорхой хэлье гэвэл мэдрэмжийн таашаал юм. Реалист таашаал гэж байна л даа. Болж буй үйл явдал нь бодитой. Тэр сахилгагүй нөхөр үгүй мөн сахилгагүй юм, тэр нь их алиа юм. Их сайн алиалж байна гээд инээх. Ингэж таашаал авахыг арт-хаус чиглэлийнхэн өөрөөр илэрхийлдэг. Нэг мэдрэмж л авдаг. Тэр мэдрэмжээ тухайн хүн тодорхойлж чадахгүй байж болно, ямар ч байж болно. Жишээлбэл, Пикассогийн “Герника” гэж зураг бий. Тэр зургийг хараад хүн төдийлөн сайн ойлгохгүй. Гэхдээ нэг л тийм аймшиг, хачин төмөр морь, харшилдсан дуу авиа, муухай сэтгэгдэл бууна. Тэгээд сүүлд нь бодоод байхад хүн төрөлхтөний өөр хоорондын зөрчил, тэмцлийн тухай өгүүлсэн аймшигтай хар дарсан бидний амьдралд байсан тийм үеийг дүрсэлсэн юм болов уу гэж бодогдоно. Түүнээс биш, Доржийг танигдтал нь зурчихсан байна шүү, ярих юм байхгүй, ая яа яа, үгүй мөн сайн зуржээ гэдэг юм бол байдаггүй юм. Гэхдээ Пикассо тэврэлдэж буй эрэгтэй, эмэгтэй хүний уран зураг зурж байсан. Тэр нь их реалист. Тэгсэн мөртлөө харангуут хайр сэтгэлтэй хоёр хүн тэврэлдэхээр нэг нэгэндээ уусаад шингэчихсэн нэг бие болчихсон цул байж харагдахаар тийм мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр уран бүтээл гэж байхгүй, харин уран бүтээлч гэж бий хэмээн ярьдаг л даа. Уран бүтээлч гэдэг амьд хүн учраас өөрөөсөө амьд мэдрэмж гаргадаг. Тэр түгээж буй мэдрэмжийг нь хүлээж авч байгааг нь орчин үеийн урлагийг хүлээж авч байна, ойлгож байна гэх юм уу даа. Биднүүс чинь 20 жилийн өмнө хамгийн сайн зураач бол хамгийн сайн адилхан зурдаг, хамгийн сайн кино бол хамгийн бодитой байх ёстой гэдэг байсан.
-Манайхан бодит амьдралаас арай өөрийг үзүүлсэн киног амьдралаас тасарчихсан, худал, фантомас гэдэг байсан. Одоо ч тэгэх нь бий?
-(Инээв) Фантомас гэдэг яриа хаанаас гарсан бэ гэхээр Фантомас гэдэг хиймэл, мундаг дүрийг гаргаж, дэлхийг донсолгосон шинжлэх ухааны уран зөгнөлт кино хийсэн юм. Тэндээс Фантомас гэдэг дүр маань сүүлдээ “фантмааслана” болж хувирсан. Тэгээд л тэгсэн байх л даа.
-Таныг Боролдойн Мягмар эсвэл бортгон малгайт Мягмар гэцгээдэг. Овог тань болох шахуу болсон энэ хоёр нэр хэдийнээс таны тодотгол болох болов?
-Ер нь бол хүн өөрийн гэсэн имижээ бүрдүүлж явдаг. Өөрөөсөө тэр имижээ дандаа цацруулж, хүмүүс тэрийг олж хардаг, ингэж энэ хорвоод хэдэн жилийг өнгөрүүлдэг л дээ. Сайхан, сайхан имижтэй хүмүүс зөндөө. Тэгэхдээ хийж буй уран бүтээл, үйл хөдлөл, аашилж байгаа аяг зан нь хүмүүст тодорхой хэмжээгээр, ил тод байх ёстой. Тэгж байж имиж бүрэлддэг. Манай “Боролдой” студи анх хүүхэлдэйн кино хийж эхэлсэн. Би тэр чиглэлийн мэргэжлээр төгсч ирээд өөрийн гэсэн студиэ байгуулаад нэг хэсэг төрийн албан хаагч байгаад төрийн албан хаагч-найруулагч болж давхиж байлаа. Цаг хувирч өөрчлөгдөөд одоо хувийн салбарт ажиллаж байна. Компаниудын бараа, бүтээгдэхүүн бас нэр төрийг өндөрт өргөх олон нийттэй харьцах ажлуудыг хийдэг. Манайх хүүхэд залууст зориулсан “Black box” гэдэг театр байгуулсан. Энэ театрт хүүхдэд, залуучуудад зориулсан жүжиг тавина. Мөн жинхэнэ арт жүжиг тавигдана. Бид жүжгийг бас нэг энгийн юм гэж ойлгодог. Одоо бол миний хувьд уран бүтээл рүү нэлээд хазайж орж байна л даа. Ерөнхийдөө урлагийг үзэх үзэл, уран бүтээлийг харах хараа маань арай өөрчлөгдөж байна. 20 жилийн өмнө бид нар чинь социалист реализмын хүлээсээс мулт үсэрсэн шүү дээ. Тэрний дараагаараа уран бүтээлчдийн зарим нь замаа олохоо байгаад төөрч будлиад, энд тэнд лаа, гар чийдэн барьсан хүмүүс явж байлаа ш дээ, яах учраа болохгүй улсууд. Өөрийгөө ч ойлгохоо байсан, үзэгч нь ч ойлгохоо больсон. Шал өөр ертөнц, давлагаа бидэн рүү орж ирсэн учир бид нар алдагдаж, алдарч явсан хэрэг. Одоо бол их цэгцрээд, учиртай болчихлоо. Манай концертын урлаг гэж байсан даа. Гэтэл түүнийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан “Бөртэ”, “Алтан ураг” гээд маш гоё гоё хамтлагууд бий болж өөрийн гэсэн өнгөтэй болсон. “Морин төвөргөөн” гэж наадам болдог. Тэр бол хөгжмийг мэдэрдэг, мэдрүүлдэг. Хөгжмийг хэрэглэж эхэлж байгаа нь энэ. Ашиглаж байгаа юм биш. Уран зурагт манай контенперари зураачид дэлхийд амжилттай явж байна. Даанч бид тоодоггүй болохоос. Хамгийн этгээд сонин, ертөнцийг өөрөөр хардаг хүмүүс чинь тэд нар шүү дээ.
-“Black box” театрт саяхан “Үтрээний хүүрнэл” жүжиг тавигдсан байх аа?
-Биднүүс чинь жаахан ичимтгий, даруу байлаа ш дээ. Одоо бол цаг өөр болчихсон. Өөрийнхөө асуудлыг ил, хаалтгүй ярьдаг болсон. Төр засаг нь ч тэгдэг болох шинжтэй байна. Энэ театр нууцлагдмал, өргөн хүрээнд ажилладаггүй. Уг театр бол Улаанбаатар хотын захирагчийнх. Яагаад гэхээр Улаанбаатар хот өөрийн гэсэн театртай байх ёстой. Энэ театр бол хотын театр. Энд хотын иргэн зориулсан хотын соёлыг түгээх, хотын иргэншлийг бий болгох жүжгүүд тавигдана. Одоо чинь гудамжинд явж байгаа машинуудын ааш араншинг харахаар морьтойгоо явж байгаа юм шиг л байх юм. Машин чинь уг нь цуварч явдаг ш дээ. Морьтой явж байгаа юм шиг хажуугаар зэрэгцэж орж ирээд чихэлдээд дөрөө харшуулах гээд байх юм. Машин бол дөрөө харшуулж болохгүй. Тэр нүүдэлчин сэтгэлгээнээс ер гарч өгөхгүй юм. Тэр гэрэл, дохио мохио яах вэ нэг юм байдаг юм, худлаа үнэн асдаг гэж ойлгодог. Яагаад гэвэл ээрэм талд гэрэл дохио байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний хотын соёл, олон хүн нэг дор амьдрах соёл маш их зөрчигдөж байгаа биз. “Дежа Вү” киноны гол сэдэв ч энэ рүү чиглэсэн байгаа.