Гурван улс цөмийн асуудлаар гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Гурван улс цөмийн асуудлаар гэрээ байгуулав

Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагчид цөмийн аюулгүй байдлыг хангах асуудлаар харилцан тохиролцож цөмийн осол гарч болзошгүй болсон тохиолдолд урьдчилан анхааруулах гурван талт гэрээ байгуулжээ. Уг гурван талт гэрээнд Японы ерөнхий сайд Наото Кан, Хятадын дарга Вэнь Жябао, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бак нар гарын үсэг зурсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунами тус улсын Фукушима Даичи цөмийн станцыг сүйтгэснээс цацраг идэвхит бодис алдагдаж эхэлсэн юм.  Фукушимагийн инженерүүд одоо ч  цацраг идэвхит бодисын алдагдлыг зогсоож, станцыг аюулгүй болгохоор ажиллаж байна.

Гэрээнд гарын үсэг зурсны дараа дээрх гурван орны удирдагч цөмийн асуудлаар цаашид нягт хамтран ажиллахаа мэдэгдэж, бусад орнууд Фукушимагийн цөмийн  хямралаас сургамж авах хэрэгтэйг сэрэмжлүүлсэн байна.

Өмнөд Солонгос, Хятад зэрэг орнууд цөмийн цацраг идэвхит бодисын алдагдал тус орны хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгааг сэрэмжлүүлж байсан билээ.  Харин Японы  Ерөнхий сайд Наото Кан тус улсын хүнсний бүтээгдэхүүн цацраг идэвхит бодисын нөлөөгүй гэж баталсаар байгаа ажээ.

Хятадын дарга Вэнь Жябао, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нар Токиогоос  баруун хойш 220 км-т орших  Фукушима станцад осол гарснаас хойш очсон анхны төрийн тэргүүд болсон байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Японы  гамшгийн дараах сэргээн босголтод аль чадахаараа туслахаа амлажээ.  

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж