
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрөөр үргэлжилж байна. Сангийн сайд С.Баярцогт хуралдаанд оролцож, 18.2 их наяд төгрөгийг ямар эх үүсвэрээс “босгохоор” төлөвлөсөн талаар гишүүдийн асуултад “бөөнд” нь хариулт өглөө. Сангийн сайдын тайлбарласнаар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт шаардагдах 18.2 их наяд төгрөгийг төсөвт суулган, асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй, 20-30 жил үргэлжилсэн сунжирсан ажил болж, үргэлжилнэ. Монгол Улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөг, зарлага 2.6 их наяд төгрөгөөр тус бүр батлагдсан. Өөрөөр хэлбэл, ийм жижиг эдийн засагтай орны хувьд стратегийн орд газрынхаа тодорхой хэсгийг олон улсын хөрөнгийн зах зээлд барьцаалж мөнгө “босгохоос” өөр гарц байхгүй. Нөгөөтэйгүүр, стратегийн орд газруудынхаа Техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх шаардлагатай байгаа. Олон улсын аль ч банк, санхүүгийн байгууллага түүнийг нь хүлээн зөвшөөрөхүйц тийм Техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн байхад бас мөнгө зээлэх болон босгох бололцоо улам баталгаажина” гэлээ.
Г.Дарь