Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Замын сүүжийн Хушуу нь хондод нутаглаж байгаа Шатарын Бөхбатынхныг өглөө босоход тэнгэр жигтэйхэн аягүй байж. Урд өдөр эхэлсэн шороон шуурга амсхийснээ дахин нүдэх нь үү гэлтэй тэнгэрийн хаяа тоосорч баруунаас харанхуйлж эхлэх нь тэр. Бөхбат хүү “Хонины хагас алга шиг байна. Нэг л цөөн харагдаад” гэж ээждээ хэлээд мотоциклио асаан давхиж, нэлээд яваад нэгэн өндөрлөг дээр гарч дурандтал хонь ч харагдсангүй, харин нэг явган хүн шороон шуурган дунд гүйж яваа харагдаж. Давхин очвол дан фудвольктай, пүүзтэй, дан жинсэн өмдтэй, маш зузаан линзэн харааны шилтэй эмэгтэй чихэвчтэй утас барин гүйж явснаа мань хүнийг харангуут зуурч аваад л уйлжээ. Бөхбат түүнийг мотоцикльдоо сундлан гэртээ авчирсан байна. Үл таних, хэл нэвтрэхгүй зочинтой хэрхэн харьцаж яаж үйлчилснээ 72 настай Лүйсэрийн Дэлгэрийн ярьж байна.
Гадаа хүү ирээд буусан чинь жаахан охин сундлаад ирж, “Сайн байна уу” гэсэн чинь хариу байдаггүй. Тэгэхлээр гадаад хүн юм болов уу гэж таасан. Цай өгсөн чинь уусангүй. Тавагтай идээнээс боорцог тожигнуулаад жаал идлээ. Будаатай хуурга хийж байснаа өгсөн ч идсэнгүй. Тэгэхлээр цийдэмд будаа чанаад элсэн чихэртэй тавиад өгсөнийг нэг таваг идсэн. Тэгээд унт гэж дохисон чинь унтаад өгсөн. Чимээгүй болохоор халуун гэрт бээрсэн хүн ирээд ийм тийм болчих вий гэж айгаад очоод чагнатал зүрх нь сайхан цохиод их тайван унтаж байхаар санаа амарсан. Орой сэрээд давсгаа дараад байсан нь бие засах гэсэн юм билээ. Гадаадын хүн төөрчихөөд байхад радио, телевизээр зарлана байх гээд мэдээ чагнаад байтал зарласан. Тэгэхлээр мөн гэж мэдээд тэнгэр онгойвол л хүргэж өгөлгүй болохгүй нь. Эрэл сурал болж байна гэж ойлгосон доо. Гэтэл хөл нь хөх няц болчихсон нь шөнө явахдаа хад чулуунд цохисон бололтой. Хөлийг нь тосолж марлиар боож хэрдээ л туслахыг хичээсэн. Би машинд дээр чинь хүргэж өгнө гэж “дррр” гэж дохиогоор ойлгуулсан ч байсгээд л уйлаад байсан. “Ба-яар-ла-лаа” гэсэн ганц л үг мэдэх юм билээ гэж Л.Дэлгэр гуай ярилаа.
Маргааш орой нь тэнгэр жаал онгойхоор Бөхбат охиныг сундлан жуулчны баазад хүргэсэн бөгөөд эрлийн багт хүлээлгэн өгчээ. Жуулчинд үйлчилж явсан компани жуулчныг нь хөлдөж осгож үхэх аюулаас аварсан Бөхбатад таван литр бензин хийж өгснөөр баярлаж талархсанаа илэрхийсэн төдий нь чамлалтай. Хэрвээ энэ эмэгтэй осолдсон бол жуучинд үйлчлэх компани бүү хэл Монгол орны нэр төрд сэв сууж гайгүй орлого олдог аялал жуулчлалын бизнесийн орлого ч буурах байсан нь мэдээж хэрэг. Сүүлд мэдэхнээ урд өдрийн 15.00 цагт уулан дээр гарахаар хоёр Солонгос, гурван Франц жуулчны хамт явахдаа “Халууцаад байна, хүрмээ тайлчихаад ирье” гэж ганцаараа буцсан Жин Жи Хэ гэх энэ эмэгтэй эргээд хамт аялагчдаа ололгүй төөрч маргаашийн нь бага үдийн алдад Бөхбаттай таарч амь аврагдсан нь тэр. Бөхбат тэр хоёрыг гэртээ ирэнгүүт л тэнгэр харанхуйлж хэдхэн метрийн цаадах бараа харагдахгүй болон шроон шуурга нүдэж маргааш орой нь намжжээ. Мөн Хушуу нь бууцны тэр хяр тэр чигтээ чоно олонтойг илтгэн хотны эргэн тойрон “Өлзийхүү” гэх мануухай босгосон харагдана. Тэгэхлээр энэ эмэгтэй чонын орон дундуур зэлүүд хээр газраар хорь гаран цаг гүйхдээ уул бартаа, хад чулуу, хонгил цав голдуу 50 гаруй км замыг туулсан байх юм. Тэнгэр таагүй шороон шуургатай байсныг хэлэх үү.
Энэ үед Жин Жи Хэ-гийн аав ээж нь Сөүлээс Улаанбаатарт буусан ч охиноо эсэн мэнд олдсон сураг сонсоод говь руу ирээгүй аж. Юутай ч их говийн элс шороогоор шуурсан хатуу ширүүн сорилтыг давж амь аврагдсан Солонгос эмэгтэй, түүнийг аварсан Ш.Бөхбат, асарч сувилан анхны тусламж үзүүлсэн Л.Дэлгэр гуай нарын сонин учралыг олон нийтэд толилуулсан нь энэ болой.