Францын төрийн өмчийн “EDF” эрчим хүчний компанийн АЦС-ыг /атомын цахилгаан станц/ өнгөрсөн аравдугаар сарын 5-20-ны хооронд үл таних алсын удирдлагатай жижиг онгоцнууд тагнасан хэргийг мөрдөн шалгаж буй юм. Тэгвэл АЦС-ын орчмоос өчигдөр /ХI.5/ 20 гаруй насны гурван эрэгтэйг баривчилжээ. Тэднийг “Belleville-sur-Loire” АЦС-ын орчимд алсын удирдлагатай жижиг онгоцтой явж байхад нь баривчилсан аж. Одоогоор Францын албаныхан илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.
Францын хуулиар АЦС-д ямар ч нисдэг тэрэг, онгоцыг таван километрээс бага зайд ойртохыг хориглодог аж. Эхний онгоц Францын зүүн өмнөд хэсэгт орших ”Creys-Malville” АЦС дээгүүр ниссэн гэнэ. Онгоцнууд аравдугаар сарын 13-20-ны хооронд голдуу шөнө, үүрээр АЦС дээгүүр 15 удаа ниссэн аж. Францын нисэх хүчнээс мэдээлснээр алсын удирдлагатай онгоцнуудын хэмжээ нь жижиг, иргэний зориулалттай байсан тул ноцтой аюул учруулахгүй гэж тооцсон гэнэ.
Францын албаныхан АЦС-ыг тагнасан хэрэгт “Грийнпийс” байгууллагыг сэжиглэсэн боловч тэд үгүйсгэсэн билээ. ”Грийнпийс”-ийнхэн 2012 онд Швейцарийн “Bugey” АЦС дээгүүр нисч байсны дээр өнгөрсөн есдүгээр сард 55 идэвхитэн нь Германы хилийн ойролцоох Фессенхайм дахь АЦС-д дайрч орсон хэрэгт тэнсэн харгалзах ял сонссон аж.
Франц улс эрчим хүчнийхээ 75 хувийг АЦС-аар хангадаг бөгөөд “EDF” компанийн 19 байршилд 58 тогоо ажилладаг байна. Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА