Хонгконгийн Монгкок дүүрэгт өнөөдөр үүрээр /ХI.6/ ардчиллын төлөө жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарлаа. Бороохой, бамбайгаар зэвсэглэсэн олон мянган цагдаа нар Монгкок дүүргийг чөлөөлөхөөр жагсагчдын эсрэг хүч хэрэглэснээс мөргөлдөөн гарчээ. Капиталистын эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг Гаи Фооксын багтай 30 гаруй хүн цагдаа нарын эсрэг мөргөлдөөнд оройлон оролцсон нь телевизийн дуранд буусан аж.
Хонгконгийн гурван гол дүүрэгт сонгуулийн бүрэн эрхийг шаардсан идэвхитнүүд хагас сар гарангийн хугацаанд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж буй юм. Ардчилалын төлөөх жагсаал эхэлсэн үеийг бодвол өдгөө жагсагчдын тоо 100 мянга орчим болж буурчээ.
Үүний зэрэгцээ Хонгконгийн аюулгүй албаны экс дарга, зөвлөх Регина Ип улс төрийн намын хэмжээнд тооцогдох болсон “Хонгконгийн оюутны холбоо”-ны тэргүүлэгчдэд хотын зөвлөлд суудал олгох санал тавьж, жагсаал цуглаанаа зогсоохыг хүссэн гэнэ.
Хонгконгийн жагсаал эхэлснээс хойш хэд хэдэн удаа цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан юм. Хонгконгод өнгөрсөн аравдугаар сард гарсан мөргөлдөөний дараа бүс нутагт ВВС гэх мэт гадны хэвлэл, мэдээллийн сайтуудыг хаасан билээ.
Ардчилалын төлөөх тэмцэгчид Хонгконгийн удирдлагыг өөрсдөө сонгох эрхийг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын зүгээс ирэх 2017 оны Хонгконгийн сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах болзол тавьсан аж.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА