Тэртээ 1981 оны долдугаар сарын 29-ны өдөр, 750 сая хүн дэлхий даяр Английн дээд язгууртан ханхүү Чарлез болон Вэйлсийн үзэсгэлэнт гүнж Диана хоёрын хуримын гэрч болсон. Гэвч залуу хосуудын хайр сэтгэл Диана гүнжийн үхлийн өмнөх хар өдрүүд, худал хуурмагаар дүүрэн төгсөнө гэж тэдний хэн нь ч тааварлаагүй нь ойлгомжтой.
Английн эх сурвалжуудаас бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хааны гэр бүлийн талаар, тэр дундаа Диана гүнжийн үхлийн талаар олон нийтэд аль болох үнэн бодит мэдээллийг нийтлэхийг хичээсээр ирсэн. Энэ талаар хүн болгон таамагладаг. Гэвч өнөөдрийг хүртэл Английн эзэн хааны гэр бүл Диана гүнжийн буруутнаар олон нийтэд сэжиглэгдэж байдаг нь энгийн л үзэгдэл мэт болжээ. Тэд ч сурмаг гэгч нь иймэрхүү хар дагуулсан мэдээллийг цаг тухайд нь дээгүүр, доогуур чимээгүйхэн шийдчихдэг.
1997 оны наймдугаар сарын 31-ны өдөр Парисын тунелд аймшигт осол болсон. Диана гүнж өөрийн “нууц амраг” болох Доди болон түүний жолоочийн хамт явж байгаад газар дээрээ үхсэн нь олныг цочирдуулсан. Харин өнгөрсөн өдрүүдэд болсон Каннын кино наадмын үеэр Диана гүнжийн үхлийн талаар “Хууль бус аллага” нэртэй богино хэмжээний кино гарсан нь дэлхий нийтэд түүнийг эргэн санахад хүргэсэн. Хачирхалтай нь энэ жилийн Каннын кино наадмын ёслолын ажиллагаанд Английн хатан хаан хоёрдугаар Элизабет тухлан морилоогүй юм. Арга ч үгүй биз. Саяхан ханхүү Уилъямс, Кэйт нарын ихэс дээдсийн хурим, дэлхий нийтийг донсолгоод удаагүй байхад Английн, тэр дундаа Вэйлсийн жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч Кэйт Аллен “Диана гүнжийн үхлийн талаар богино хэмжээний баримтат кино үзүүлэхээ мэдэгдсэн” нь хатан хаан Элизабетийг Канын наадмаас татгалзахад хүргэсэн юм. Тухайн үед ханхүү Уилъямс ээжийнх нь талаархи киног Каннын наадмаар үзүүлэх болсон тухай эмээгээсээ сонсоод “Энэ хүмүүс миний ээжийг тайван байлгаад өгөхгүй юм байхдаа. Би дөнгөж хуримаа хийгээд аз жаргалын талаар бодож эхлэхээр дахиад өнгөрсөн явдлийг сөхөөд байх юм” гэж бухимдсан талаар Ройтерс агентлагийн эх сурвалж тухайн үед мэдээлж байсан. Хөөрхий ханхүүгийн хурим нижгэр болоод өнгөртөл хайрт ээжийнх нь талаар таагүй дурсамжийг зарим хүмүүс сэргээхэд тэрбээр балчир насны хор шараар бачуурсан аж. Харин энэ яриа яаж яваад олон нийтэд задарсаныг хэн ч мэдэхгүй.
Каннын наадмын дундуур үзүүлсэн энэхүү баримтат киноны бичлэгийг “Unfaithfull killing” нэрээр www.youtube.com сайтад байрлуурсан байгаа. Уг баримтат киноны эхний хэсэгт ханхүү Чарьлезийн өвөг эцэг, аавынх нь гарал угсаа болон Английн хааны гэр бүлд хэрхэн орсон талаар өгүүлдэг. Мөн кино эхлэхээс өмнө “Энэхүү киног Английн нутаг дэвсгэрийн хаана ч гаргахыг хатуу хориглоно” гэсэн бичгээр эхэлдэг бөгөөд Диана гүнж “Миний дайсан бол миний нөхрийн Засгийн газар. Асуудлын гол нь би. Энэ бүгдийг яах вэ” гэсэн яриагаар эхэлдэг аж. Чарьлезийн аавын талын өвөө нь Германы армийн томоохон цолтой хүн байсан бөгөөд дайн дууссаны дараа Английн гэр бүлд нэгдсэн аж. Улмаар ханхүү Чарьлез төрж өөрийн хайрт бүсгүй болох Дианатай хуримлаж байгаа дүрс гардаг. Тэгээд Хатан хааны гэр бүлийг дотоод зөрчилтэй холбоотой дуулиан шуугианыг хурдхан шиг цэвэрлэчихдэг. Нэгэн сонирхол татам баримт нь Диана гүнж 1993 оны аравдугаар сард найздаа илгээсэн ил захидалд “Миний нөхөр Чарьлез намайг машинтай маань хорлохыг оролдож, толгойд минь гэмтэл учруулах гэж байж магадгүй” гэсэн байсаныг ил тодоор уншсан нь Каннын наадамд цугласан олныг гайхшруулсан. Гэхдээ энэ талаар киноны албан ёсны танилцуулга дээр ч байжээ. Уг киноны сүүлийн хэсэгт Диана гүнжийг буудлаас гаран, машины зогсоол дээр байсан мерседес бенз машинд сууж байгаа хяналтын бичлэгийг багтаасан аж. Төгсгөлд нь “Хууль бус аллага” гэсэн бичиг гарч хүмүүсийг дуу алдуулаад амжсан. Каннын кино наадам өндөрлөсны дараа сэтгүүлчид зарим алдартнуудаас уг баримтат киноны талаар сэтгэгдэлийг нь нууцаар асуужээ. Тэд “Диана гүнжийн үхлийн талаар буруу ойлголттой явж байжээ” хэмээн ярьсан бололтой. Магадгүй тэднийг хэн гэдгийг мэдэх юм бол дараа нь Англи улсад нэвтрэх үед асуудал гарч болзошгүй гэж эмээсэндээ нэрээ нууцалсан байх гэсэн таамаглал олны дунд үүссэн.
Уг киноны дундуур “Авъяслаг Их Британчууд” шоу нэвтрүүлгээрээ олны танил болсон Пийрс Морган “Энэ бол зүгээр ч нэг өнгөрөөх энгийн хэрэг биш. Миний бодлоор Английн нууц албаныхан өнгөрсөн 50 жилийн хугацаанд нэг ч хүн алаагүй гэж байсан. Харин би хувьдаа үүнд итгэхгүй байна. Диана өөртөө асуудалтай болж байгаа мэдсэн тул Англиас явах гэж хэд хэдэн удаа оролдсон” гэсэн утгатай зүйл ярьжээ. Хуульчид, улстөрчид, цагдаагийнхан, мөрдөн байцаагчид, дээд доод давхаргынхан гээд бүхий л салбарынхан “Үнэн”-ийг нуухыг хичээсэн талаар хожим Кэйт Аллен өгүүлсэн аж. Магадгүй Кэйт Аллен өөрийн энэхүү бүтээлээрээ “Алдартнуудаар дамжуулан Диана гүнжийн үхэл гэнэтийн байгаагүй юм. Хэзээ нэгэн цагт үнэн гэж байдаг бол олны өмнө ил болон” гэсэн санааг илэрхийлсэн байх. Энэ оны Канны кино наадамд бараг бүхий л алдартай жүжигчид хүрэлцэн ирсэн талаар “2011 Cannes film festival”-ийг зохион байгуулагчид нар хэвлэл мэдээллэр онцолсон билээ.
Англичууд өөрсдийгөө “Дэлхийн дээд язгууртан ард түмэн” гэж тодорхойлдог. Үүнийг хааны гэр бүл болон ойр орчны хүмүүс нь аливаа нэг хэрэг түвэг, олны анхаарлыг буруугаар татах, хааны гэр бүлийн нэр төрийг гутаах үйлдэл дээр шууд л тэр дор нь арга хэмжээ авдаг “Айхтар гэр бүл” гэдгийг дэлхий нийт мэднэ. Зарим шинжээчид Диана гүнжийн үхлийн талаар “Энэ бол Каннын кино наадмаар харуулсан “Хууль бус аллага” нэрэндээ тохирсон бүтээл болжээ. Эзэн хааны гэр бүл, олон нийтэд цэвэр ариун мэт харагддаг боловч цаад дүр төрх нь огт өөр” хэмээн шүүмжилсэн талаар Францын зарим сайтуудад нийтэлсэн аж. Гэсэн ч энэ үйл явдал, ханхүү Уилъямсын бал сард нөлөөлөхгүй байгаа бололтой хэмээн Ассошейтед пресс агентлаг цухас дурдсан байна. Эцсийн бүлэгт найруулагч Кейт Аллены бүтээлээс үүдэн дэлхий нийт Хатан хааны гэр бүлээс хариулт нэхсээр үлдлээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин