Монголд ховор металл хэрэггүй гэж үү

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Монголд ховор металл хэрэггүй гэж үү

Дэлхийн хэмжээнд ховор метал­лын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэ­рээр нөөц, олдоц нь улам багас­саар буй. Угаасаа “ховор” гэсэн тодотголтой болохоор арга ч үгүй биз. ХХI зууны өндөр технологи үйлд­вэрлэлийн гол түүхий эд нь ховор металл. Тиймээс ховор металлын нөөц бүхий улс орнууд үнэд орох тактик боловсруулж, янз бүрийн ал­хам хийсээр байна. Тухайлбал, энэ төрлийн бизнесээрээ дэлхийн зах зээлийн 90 хувийг дангаараа эзэлдэг БНХАУ өнгөрсөн оноос эхлэн ховор металлын экспортоо 30 хүртэл хувиар бууруулсан билээ. Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дээрх хо­ригоо улам чангатгалаа. Ингэснээр төм­рийн хүдрийн экспорт нь нэлээд буурах юм. Учир нь олборлож буй төмрийн хүдрийн бүтцийн 10 хувьд нь ховор металл агуулагддаг аж. Урд хөршийнхөн бусад түүхий эдийн экспортоос олох орлогыг үл тоож, ийн сандарч буй нь цаанаа их учир­тай. Товчхондоо, өнөөх ховор эд маань дэлхийн хэмжээнд улам ховор­дож буйн тод илрэл биш гэж үү. Ямар­тай ч, хятадууд ховор металлын экспор­тыг бууруулах, хяналт тавих чиглэлд онцгой анхаарч эхэллээ. 

Харин Монголд байдал эсрэгээ­рээ. Ерөнхийдөө салан задгай. Юун хяналт тогтоох нь бүү хэл, чухам юуг ховор металл гэж үзэх вэ гэдэг нь ч тодорхойгүй. Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал”, “цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн хоёрхон ангилал бий. Ашигт малтмал гэдэгт байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал ерөн­хийдөө багтдаг. Харин цацраг идэвхт ашигт малтмал гэж уран бо­лон торийн бүлгийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдсийн хуримт­лалыг хэлдэг юм билээ. Бусад төр­лийн ховор металлуудыг ор тас март­чихсан. Тиймдээ ч ховор металлтай холбоотой асуудлыг хариуц­даг, хянаж зохицуулдаг газар, мэр­гэжилтэн байхгүй. Ашигт малт­малын газарт хар болон өнгөт, ховор металлын геологи, судалгаа ха­риуцсан мэргэжилтэн л бий. Гэтэл уул уурхайг түшиглэн хөгжиж буй ихэнх орон ашигт малтмалыг дотор нь холимог, ховор, өнгөт, үнэт металл гэх мэтээр маш олон бүлэгт ху­ваан авч үздэг. Мөн тэр болгоны ач холбогдлыг үнэлж, төрийн бод­логоор зохицуулж байна. 

Уг нь Монголд ховор металл тийм ч ховор биш. Алт, зэсийн ор­дуудаас олон төрлийн ховор металл хавсран илрэх нь түгээмэл. Өнөөд­рийн байдлаар манай улсад 6000 гаруй төрлийн ашигт малтмал бүртгэгд­сэнээс тодорхой хэсэг нь ховор металлд тооцогдоно. Тухайлбал, вольфрам хэмээх ховор металл манай ул­сад хамгийн түгээмэл илэрцтэйд тоо­цогдог юм билээ. Түүнчлэн Олон овоотын алтны ордын дэргэдээс цацраг идэвхт ашигт малтмал болох стронцийн хүдэр цоо шинээр илэрч байв. Үүнээс гадна алмааз илэрч байсан тохиолдол ч байдаг юм. Энэ бол монголчуудыг дэлхийн зах зээлд чухал байр суурьтай болгох том боломж гэсэн үг. Газрын ховор элементийг зөвхөн өндөр технологи бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тухайн ашигт малтмалын хи­мийн бүтцээс шалтгаалан өдөр тут­мын хэрэглээ болох дэвтэр, нүүрний энгэсэг, уруулын будаг зэрэгт ч ашиг­лаж болдог. Харин бүтэц нь илүү нарийн байвал баттерей, чихэвч, гэрэл чийдэн болон компьютерийн эд анги үйлдвэрлэхэд ашигладаг аж. Зарим төрлийн ховор элемент нь шүдэнз үйлдвэрлэх гол түүхий эд болдог. Харин  Монгол Улс өнөөдөр шүдэнзний үйлдвэргүй гэдгээ бодох л хэрэгтэй болж байна. Манай улсыг 10 тэрбум долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементийн нөөцтэй хэмээн Дэлхийн банк дүгнэсэн удаатай. Мөн АНУ-ын Геологийн су­дал­гааны газар 2009 онд “Монгол Улс газрын ховор металлын нөөцөө­рөө Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орно” хэмээн зарлаж байв. Гэтэл манайхан энэ тал дээр дэндүү хайнга хандаж байна. Ашигт малтмалын ордуудаа хүртэл стра­тегийн, түгээмэл тархацтай, ердийн ашигт малтмалын орд гэж гуравхан бүлэгт хуваадаг. Ийм байхад ховор металлын бодлого алдагдахаас ч яах билээ. Манайх ОХУ шиг ховор металлын нөөц бүхий ордуудаа төрийн мэдэлд авч чаддаггүй юм гэ­хэд татварын бодлогоор чангалж болно шүү дээ. Алт, зэсэнд 68 хүр­тэл хувийн татвар ногдуулж болоод байсан улс ховор металлын илэрц бүхий ордод олборлолт хийж буй компаниудад тавих хяналтаа чангатгах, эсвэл бүтээгдэхүүнийх нь орц найрлагаас хамаараад ялгаа­тай татвар ногдуулж болно. Харам­салтай нь, өнөөдөр ховор металлын олборлолт, зах зээлтэй холбоотой ямар ч зохицуулалт алга. ОХУ-ын Байгаль орчны яамнаас гурван жи­лийн өмнө ховор металлын талаар баримтлах маш энгийн бодлого бо­ловсруулж, шийдвэр гаргаж байсан. Ховор металлын орд илрүүлсэн гадаа­дын компаниудыг шагнаж урам­шуулна. Хайгуул хийсэн нийт зард­лыг нь эргүүлээд өгчихнө. Энэ мэт олон жишээ бий. Харин монгол­чуудын хувьд ямар нэгэн шийд­вэр гаргалгүй юу ч болоогүй юм шиг амгалан хандсаар өнөөг хүр­лээ. Яг үнэндээ төр захиргааны байгууллагын аль нь ямар асуудал хариу­цахаа ч мэдэхгүй байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Ашигт малтмалаа цацраг идэвхт бо­лон бусад гэж хоёрхон янзаар ан­гилдаг болохоор ховор металлыг Цөмийн энергийн газар хариуцах ёстой гэж ойлгодог. Гэвч бодит бай­дал дээр цацраг идэвхт ашигт малт­малыг эрэх хайх, олборлох асуудлыг л Ашигт малтмалын газар Цөмийн энергийн газартай хамтран шийдэх эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Тэгэхээр Ашигт малтмалын газар ховор металлын бодлогыг хэн нэгэн рүү түлхэлгүй дангаараа зангидах учиртай. Орчин үеийн хэрэгцээ шаардлага энэ чиглэлийн бодлогоо улам тодорхой болгож, улмаар чангатгахыг шаардаж буй. Жишээ нь, манай улсаас ховор металл олборлохоор ажиллаж бай­гаа  АНУ-ын Green Technology Solutions компанийн гүйцэтгэх захи­рал Жон Ширер саяхан нэгэн уулзалт дээр “Дэлхий нийтээр ховор металлын хомсдолд ороод байна. Иймээс энэхүү түүхий эдийн нөө­цийг залгуулах нь юу юунаас чухал асуудал болоод байгаа билээ. Бид амжилттай ажиллаж, богино хугацаанд ховор металл олборлож, импортлогчдод ханган нийлүүлэх болно” хэмээн ярьж байв. Үүнээс гадна хүчирхэг эдийн засаг бүхий орнууд Монголын ховор металлыг аль хэдийнэ овоо хараандаа ав­чих­сан. Тэдний нэг нь Герман. Үн­дэс­ний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Монгол Улсад ховор металлд түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх бо­ломж” сэдэвт бага хурлын үеэр Гер­маны хамтын ажиллагааны ний­гэм­лэгийн төслийн удирдагч Стефан Ханселман “Монголчууд газ­рын ховор элементийн хайгуул хийж, олборлолтын ажлыг эхлүүлэхэд манай улс шаардлагатай бүх дэмж­лэгийг үзүүлнэ” хэмээн ярьж байсан. Гадныхан манай улсын ховор эле­ментэд ийн санаа тавьсаар байхад эзэд нь ийм хайнга байж болно гэж үү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлах үеэрээ ховор метал­лын салбарт хамтарч ажиллах санал тавьсныг эс тооцвол төр засгийн зүгээс хийсэн өөр алхам бараг байхгүйтэй адил байна. Арай монголчуудад газрын ховор элемент огт хэрэггүй юм биш биз дээ.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж