Аваргуудын лигийн Н хэсэгт Европын дунд төвшний багууд өрсөлдөж байгаа. Аль нь ч хэсгээсээ гарах боломжтой гэгдэж байсан энэ хэсгээс Португалын “Порту” аранга зааж, дөрвөн тойргийн дараа л хасагдах шатанд шалгарах болзлоо хангалаа. Тэд өнгөрсөн шөнө Испанийн “Атлетик” клубын талбайд зочилж, өрсөлдөгчөө 0:2-оор буулгаж авсанаар үлдсэн хоёр тойргоос үл хамааран хэсгээсээ гарах боломжтой болж байгаа юм. Тэгвэл хожигдсон “Атлетик” клуб ердөө нэг оноотой үлдэж, гуравдугаар байрын төлөө өрсөлдөхөөс өөр сонголтгүй боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолдуугы Жексон Мартинес 55, Браими 73 дахь минутад оруулсан юм.
Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт Украинд болсон. “Шахтер” клуб талбай дээрээ “БАТЭ”-г хүлээж авч, 5:0-ээр бутниргээд буцаалаа. Энэ хоёр багийн өмнөх тоглолт “БАТЭ”-гийн талбайд болоход “Шахтер” өрсөлдөгчөө 7:0-ээр буулгаж авсан. Ийнхүү хоёр удаа таарахад “Шахтер” өрсөлдөгчөө 12:0-ээр бутниргэж байгаа юм.
Энэ удаагийн тоглолтын 19 дэх минутад Срна гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 48 дахь минутад Алекс Тейшейра нэгийг нэмсэн. Тэгвэл өмнөх тоглолтод таван гоол оруулсан Луис Адриано энэ удаад 58, 82, 90 дэх минутад гурвыг хийж, хет трик хийлээ. Ингэснээр 9 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Мөн “Шахтер” найман оноотой болж, үлдсэн хоёр тойргоос ердөө ганц хожил авахад хэсгээс гарах боломжтой болох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn