Аваргуудын лигийн улиралд болгонд шинэ рекордууд тогтоогдож, зарим нь эвдэгдэж байгаа. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигт “Реал”-ын супер од Роналдо жинхэнэ утгаараа гялалзаж, нэг улиралд 17 гоол оруулж, рекорд тогтоож байсан. Мөн хэсгийн таван тоглолтод есөн гоол оруулж, рекорд тогтоож байсан билээ.
Тэгвэл түүний рекордыг “Шахтер” клубын Бразил довтлогч Луис Адриано эвдлээ. Тэрбээр хэсгийн дөрвөн тоглолтод есөн гоол оруулж, Роналдогийн рекордтой зэрэгцэж ирсэн юм. Гэхдээ түүнээс цөөн тоглолтод есөн гоол оруулсан гэдэг утгаар нь авч үзвэл эвдсэнтэй ялгаагүй. Луис Адриано “Порту”-гийн эсрэг нэг гоол оруулсан бол “БАТЭ” клубын эсрэг хоёр удаа тоглохдоо найман гоол оруулчихаад байгаа юм.
Аваргуудын лигийн гуравдугаар тойрогт “Шахтер” клуб “БАТЭ”-гийн талбайд зочилж, 7:0-ээр буулгаж авсан. Тус тоглолтод Луис Адриано таван гоол оруулсан. Тэгвэл өнгөрсөн шөнө “Шахтер” талбай дээрээ “БАТЭ” клубыг хүлээж авч, 5:0-ээр хожлоо. Энэ тоглолтод Луис Адриано гурвыг оруулсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn