Жоу Юнканыг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Жоу Юнканыг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

 

Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнканыг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. Хятадын коммунист намын дээд албан тушаалын энэ эрхмийн хэрэг олон хүнийг хамарч, урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Гэхдээ Хятадын Засгийн газраас Жоу Юнканы хэргийг нийтэд илчлэхээ амлажээ. Жоу Юнканы авлигын хэргийн талаар Хятадын Жан Сүжүнь хэвлэлийн бага хурал зарласан байна. Жоу Юнкан өнгөрсөн 2012 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд түүний гэр бүлийн хөрөнгө 90 тэрбум юань /14 тэрбум ам.доллар орчим/ гэнэ.

 

Жоу Юнканы хүрээлэлд улс төр, бизнес, орон нутгийн удирдлагууд багтдаг аж. Улс төрийн хүрээнд Хятадын Чунцин хотын коммунист намын хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн асан Бо Силай авлигын хэрэгт шоронд хорих ялаар шийтгэгдсэн. Мөн Хятадын коммунист намын төв хорооны гишүүн, Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд асан Ли Доншен,  Хайнань мужийн дэд захирагч асан Жи Венлин нар авилгын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна.

 

Харин газрын тос, бизнесийн салбарт  “PetroChina” компанийн экс дэд захирал Ли Хуалин, “CNPC” корпорацийн тэргүүн асан Жиан Жеймин нар авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлжээ. Мөн Жоугийн хүү Жоу Бин авилгын хэрэгт буруутгагдан баривчлагдсан байна.

 

Орон нутгийн удирдлагын түвшинд Хятадын Сичуань мужийн намын хорооны дарга асан Ли Чунчен,  газрын тос хариуцсан дарга асан Гуо Юншян нар авилгын хэрэгт шалгагдаж байна. Мөн Сичуань мужийн “Hanlong” группын экс дарга Лиу Ханыг цаазаар авах ялаар шийтгэсэн аж.

 

Хятадын дарга Си Жинпин албан үүргээ авснаасаа хойш авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил эхлүүлээд буй юм. Авлигын эсрэг шуурганд Хятадын Коммунист намын хэд хэдэн нөлөөтэй албан тушаалтнууд унасаар байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж