Хошин урлагийн тоглолт гэвэл таньд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Ихэнх хүмүүсийн толгойд “ хурдхан тасалбарыг нь худалдаж авахгүй бол өнөөх шагчид нь билет дуусгах вий” гэх бодол төрөх нь мэдээж. Хэрэв тасалбар дуусчихсан байвал шагчдын билетийг бид тав, арван цаасаар илүү үнэтэй худалдаж авдаг нь бараг л байх ёстой зүйл болсоор уджээ.
Шагчидтай тэмцэх хуулийн зохицуулалт байхгүй. Цагдаа нар ч үүнийг гавьтай хэрэгт тооцдоггүй нь үнэн. Хошин урлагийн уран бүтээлчид ч энэ асуудалд өндөр ач холбогдол өгч хөөцөлдөөд байх нь юу л бол.
Харин “Х-Түц” продакшны жүжигчин Л.Баттулга буюу Аглуу шагчидтай маргалдаж энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэдгийг биеэрээ мэдэрсэн бололтой. Тэрээр өөрийн цахим хуудсандаа "Энэ шагчидийг зогсоох хуультай болмоор байна.Цагдаад хэлэхээр өөрийн мөнгөөр худалдан авч борлуулж байгаа болохоор хууль бус үйлдэл биш гэлээ. Өнөөдөр бүр нэг шагчинтай зодолдонгоо алдлаа. Даварцан гарууд шүү" гэж бичсэн нь эрхэм уран бүтээлчийн эгдүүг нилээд хүргэснийх болов уу.
Хэрэв хошин урлагийнхан өөрсдөө шагчидтай тэмцэж эхэлвэл шагийн билетний наймааг багасгах нь дамжиггүй шүү дээ. Ард иргэдийн дунд ч “Хошин шогийнхон” шагчидтай хамтарч ажилладаг гэх хардлага мэр сэр байдаг. Тийм ч учраас Аглуу жүжигчинтэй тулгарсан асуудалд хошин урлагийнхан хандах цаг ирсэнийг түүний үйлдэл санууллаа.
Э.ТЭКҮ