Ховдынхонд автозам л дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ховдынхонд автозам л дутагдаж байна

Нэгэн
үе “баруун бүсийн хөгжлийн төв” гэгдэж байсан Ховд аймагт Ард­чил­сан
намын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд ажиллаж, тус намаас
дэвшүүлж буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэлэлцүүллээ.
Буянт голын
сав газар нь дэлхийд нарны эрчим хүч өндөр хуримтлагддаг цөөхөн газрын
нэг тул Ховдынхон энэ үржил шимт газар нутагтаа газар тариалан эрхэлж,
төмс, хүнсний ногоо ирээх тариалдаг. Тиймдээ ч Ховдынхон өнөөдөр
Монголдоо хамгийн хямдхан, хамгийн эрүүл төмс, хүнсний ногоог хэрэглэж
байгаа. Намрын улиралд нэг кг улаан лооль 200 төгрөг хүрэх нь энүүхэнд.
Слива, бэсрэг алим гэх зэрэг олон төрлийн жимс жимсгэнэ тариалдаг. Харин
эдгээрийг зах зээлийн эргэлтэд бүрэн дүүрэн оруулж, үнэ хүргэж чадахгүй
байгаа нь зам харилцаа, дэд бүтэц хөгжиж чадаагүйнх юм.

Өнөөдрийн
байдлаар Ховд аймаг тариалсан ногооныхоо талаас ч бага хувиар
өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангадаг.  Үүнд заавал тариалангийн талбай
шаардлагагүй. Айл өрхүүд нь хашаандаа ч ногоо тарьчихдаг ажилсаг түмэн.
Хувь хувьдаа боломжийн агуулах зоорь бариад авчихсан, түүндээ тарьсан
ногоогоо хадгалдаг аж. Гэхдээ хамгийн ихдээ 20-30 тонн ногооны
зоорьтой.  Аймгийн хэмжээнд 400-500 тонн ногоо хадгалах хэмжээний
нөөцийн агуулах байхгүй учраас хөрсөндөө ургуулаад хурааж авсан ногоогоо
их хэмжээгээр хадгалж чаддаггүй. Өвөл болохоос өмнө хямд үнээр ийш
тийшээ ачих л хэрэг гардаг аж. Уг нь Ховдын шар төмс, шийгуа амтлаг
гэдгээрээ зартай. Хаа ч очсон Ховдод тариалсан ногоо экологийн цэвэр
хүнсэд тооцогдоно.  Гэтэл ердөө агуулах сав, автозамын асуудлаас болоод
Ховдын “брэнд” үнэ хүрэх боломжгүй байна. Социализмын үед Ховдын
сонгино, сармис улсын хэрэгцээг хангадаг байсан бол өнөөдөр 80 хувийг нь
хятадаас импортлодог болсон.

Ховдчууд мөн махны нөөц ихтэй.
Зудын үед зарим сумд цөөнгүй малаа алдсан ч гэлээ энд жилдээ дотоодын
хэрэгцээнээс гадна 20-30 мянган тонн мах экспортод гаргах хүчин чадал
бий аж. Тэр дундаа хятадууд ямааны мах авах хүсэлт ирүүлдэг боловч
хилээр нэвтрүүлэхэд төвөгтэй байдаг юм байна.
Барилгын материалын
нөөц, боломж их. Мянгадын шар шавар нь баруун таван аймгийг хангах
хэмжээний их нөөцтэй. Тоосгоны түүхий эд, цементийн түүхий эд гээд энд
тэнд цөөнгүй орд бий. Аймгийн төвөөс 18 км-т шохойн орд байгаа. Ер нь
шохойн орд ихтэй. “Халзан бүргэдэй”-н газрын ховор элемент бий.
Цаашилбал газрын тос ч байгаа гэдэг юм билээ.  Гэтэл цементийн
үйлдвэрийг байгуулахаар хэд хэдэн удаа тууз хайчилсан хэрнээ одоо хүртэл
ажилладаггүй. Сая ам.долларын өртгөөр цементийн үйлд­­­вэр барьсан
боловч орчин үеийн стандартын шаардлага хангах техник, технологигүй.
Үүнийг улмаас үйлдвэр дампуурч, аймгийн төвд баригдаж буй барилга
байгууламжийн талаас илүү хувийг Хятадаас цемент авч барьдагт Ховдчууд
харамсч байв.

Харин энэ бүхнийг бүрэн дүүрэн ашиглахад хамгийн
их саад учруулж байгаа зүйл нь дэд бүтцийн хөгжил. Уг нь Ховд аймаг урд
хил рүү гарах боомттой. Баруун бүсийн тулгуур төв гэх сүржин нэртэй
хэрнээ Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгуудын аль руу нь ч тавьсан хар
зам энд байхгүй. Жаргалантаас Улаангом хүртэл 220 км, Өлгий хүртэл 200
км, Говь-Алтайн төв хүртэл 400 км. Өнгөрсөн онд Хөшөөтийн уурхайгаас урд
хил рүү нүүрс зөөх 340 км хар зам тавьсан нь сүүлийн жилүүдэд тус
аймагт тавигдсан хамгийн том зам. Гэхдээ энэ нь төсвийн хөрөнгөөр
иргэдийн тусын тулд бус, компанийн хөрөнгөөр нүүрс зөөвөрлөхөд л
зориулагдаж боссон зам юм. Тэгэхээр замын асуудал Ховд аймгийн хөгжлөөс
хамгийн их хойш татаж байна гэхэд нэг их буруудахгүй.  Босоо тэнхлэгийн
автозамын ажил хоёр жил зогссон байдалтай байгаа аж. Энэ бүхнийг “Монгол
хүн 2020” хэлэлцүүлгээр иргэд нэлээд их хөндөж, ирээдүйн хөгжлийнхөө
төлөө  санаагаа нэгтгэж байв.

Ашиглагдаагүй боломж

Ховдод
хөгжил дагуулах боломжууд бий. Тухайлбал 1997 онд баруун бүсийн эрчим
хүчний системд холбогдсон. 1998 онд олон улсын хүнд даацын онгоцны
буудал байгуулсан. 2000 онд баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв бий
болсон. Харин өнөөдөр баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв жинхэнэ
утгаараа ажиллаж чаддаг­гүй. Чадварлаг боловсон хүчин дут­маг болохоор
ойр аймгийнхан энд итгэж ирэх нь ховор. Хүнд суртал ихтэй. Оношлогооны
төвд чадварлаг боловсон хүчнийг бодлогоор бэлтгэж ажиллуулбал баруун
таван аймгийнхан нийслэл рүү хошуурах шаардлагагүй болох юм. Хүнд даацын
“Боинг” гэх мэт онгоц буух хүчин чадалтай талбайгаа Ховдынхон
ашигладаггүй. Үнэндээ хүнд даацын онгоцны буудалд Монголд төдийлөн олон
байхгүй. Тийм болохоор энэ нь ашиглаж чадвал чухал дэд бүтцэд
тооцогдоно.

Дөргөний усан цахилгаан станц, ОХУ-тай хамтран сум,
аймгийн төвөө эрчим хүчээр хангадаг. Хятадаас өндөр үнэтэй тог авдаг
Алтай, Үенч, Булган сумд тоггүй байдаг аж. Дөргөний УЦС нутагт нь байдаг
боловч өмнөх Засгийн газрын үед Увсын мэдэлд шилжсэн учраас татвар
авдаггүй. Дөргөний 12 мегаваттын хүчин чадлаар ажиллах боломжтойгоос 9
мегаваттыг нь ажил­луул­даг. Баян-Өлгий, Увс, Ховд аймагт түгээдэг
учраас Ховдод зөвхөн аймгийг төвийг л энэ станцаас хангадаг аж.
Мөнххайрхан, Манхан, Үенч сумдад усан цахилгаан станц байгуулсан боловч
ажилладаггүй. Нарны цахилгаан станц 1,5 сая ам.доллараар байгуулсан
Цэцэг сумынхан тоггүй.

Зах зээлийг нь нээгээд өгвөл махны
томоохон үйлдвэртэй болжээ. Мөн ногоо боловсруулах үйлдвэр байгуулагдаад
удаа­гүй байгаа аж. Цаашдаа дэд бүтэц хөгжвөл ноос, ноолуурын үйлдвэр
байгуулахаас эхлээд боломжууд бай­на. Ерөнхийдөө энд боломжийн жи­жиг
дунд үйлдвэрүүдтэй. Одоо зам харил­цаагаа хөгжүүлчихвэл цаашид боломжийн
томоохон үйлдвэрүүд бай­гуу­лах боломжтой газар аж. Гэтэл дэлхийн
банкны судалгаагаар 2009 онд ажилгүйдэл, ядуурлаараа нэгдүгээр байрт орж
байжээ. Ховдод 32 жил багш бэлтгэж байгаа болохоор багшийн илүүдэлтэй.
Жил бүр 400 гаруй багш бэлтгэгддэг боловч ажлын байргүй. Ингээд багш
мэргэжилтнүүд нь дандаа зах дээр ажилладаг. Бусад аймаг, орон нутагт
багшлах боловсон хүчний дутагдалтай бол Ховд энэ давуу талаа ашиглах
боломж байхгүй.

Баруун таван аймгийн оюутнууд энд ирж сурдаг.
Нэг дээд, нэг их сургуультай. Нэг МСҮТ-тэй. 2000 гаруй оюутан амьдардаг.
Үндсэндээ залуу­чуудын хот учраас тэднийг ашиг­­­лаад хөгжих боломж
байна. Мөн 10 жилийн зургаан сургууль Ховдод байдаг нь аймгуудад
төдийлөн байдаггүй өндөр тоо. Гэлээ ч тэдэнд чиглэсэн бодлого үгүй аж.
Нэгэнт алслагдмал бүсийн тулгуур төв болсон учраас бодлогын түвшинд
аймгуудаас арай дөнгүүр менеж­мент Ховд аймагт хэрэгтэй бай­гаа нь энэ
мэтээс харагдаж байлаа. Энэ бүхнийг дэлгэж ярилцсан “Монгол хүн 2020”
хэлэлцүүлэгт Ардчилсан на­мын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат,
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Кекүшюзан Д.Батбаяр, БОАЖ-ын сайд Л.Гансүх
нар болон орон нутгийн намынхан оролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж