лиценз авахаар горилж байгаа бол хэсэгтээ азнах хэрэгтэй боллоо. Цаг
заваа үрэн Ашигт малтмалын газрын Уул уурхай, геологийн кадастарын
хаалгыг онголзуулаад хэрэггүй. Шинэ хууль гартал шинээр лицензийг
олгохооргүй болсон гэдгийг уул уурхайн салбарынханд дуулгая.
Одоогоос
арваад жилийн өмнө нэгэн монгол бүсгүй Монголын баахан лицензийг
Японд очиж бөөндсөн талаарх яриа бий. Түүнийг нь “Монголын ядарсан
нэгэн бүсгүй алга дарамхан цаас худалдаад баяжиж байвал боллоо шүү дээ”
гэх хэнэггүйхэн үгээр өөгшүүлэх дарга нар ч байсан гэдэг.
Шинээр
лиценз авахын тулд Ашигт малтмалын газрын үүдэнд бөөн оочер болдог
байсан тэр цаг ард хоцорчээ. Зах замбараагүй олгож байсан лизенц, түүний
наймааг таслан зогсоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч жилийн өмнөөс
лиценз олголтод түр хугацаагаар хориг тавьсан. Зах замбараагүй олгож
байгаа тусгай зөвшөөрлөөс болж Монгол Улсын аюулгүй байдалд сөргөөр
нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул энэ шийдвэрийг гаргасан аж. “Ашигт
малтмалын тухай” хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа,
зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс явуулж байгаа үйл ажиллагаа нь зарим
тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн сөрөг үр
дагаврыг бий болгож байгаа тул өнгөрөгч 2010 оны дөрөвдүгээр сараас
лиценз олголтод хориг тавьж, энэ хугацаанд хуулийн шинэ төслийг УИХ-д
өргөн бариад байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо
хоногт УИХ-аар хэлэлцэн, хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ.
Энэ
хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл шинээр хайгуулын тусгай
зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд 478 мянган га талбай
бүхий 1096 ашиглалтын, 38,997,5 мянган га талбай бүхий 3659 хайгуулын
тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд ихэнх нь хайгуулын тусгай зөвшөөрөл
нэрийн дор олборлолт эрхэлдэг нь нэгэнтээ нотлогдсон. Хайгуулын
тусгай зөвшөөрөл авсан компаниуд уг нь тухайн ордын нөөцийг тогтоох
ёстой. Үүний дараа ашиглалтын лиценз авах ёстой. Харамсалтай нь ихэнх
нь хайгуул нэрийн дор олборлолт хийж, олборлосон газартаа нөхөн
сэргээлт хийдэггүй орхидог.
Энэ мэтээр зоргоороо авирладаг
хайгуулын лиценз эзэмшигчдийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа
Ерөнхийлөгчийн хориг нутгийн иргэд, байгаль хамгаалах хөдөлгөөнийхнөөс
багагүй “очков” аваад байгаа. Ямар ч байсан геологи, уул уурхайн
салбарт хэрэгжиж байгаа хууль дүрэм цэгцэрч, тодорхой болтол шинээр
лиценз олгохооргүй боллоо. Энэ хүртэл лиценз шилжүүлэх нэрийн дор
өрнөдөг тусгай зөвшөөрлийн дамлалт нэг хэсэгтээ л хумигдах нь ээ.