Ирэх оны төсвийг тэнгэр мэдтүгэй

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Ирэх оны төсвийг тэнгэр мэдтүгэй

УИХ энэ өдрүүдэд ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд улстөрийн орчин асуудалтай байсан ч байнгын хороод уг асуудлыг хэлэлцдэгээрээ хэлэлцсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг нухацтай хэлэлцээд дүгнэлтээ гаргасан. Тус бүлгээс ирэх оны төсөв, мөнгөний бодлогын төслийг ихээхэн алдаатай гэж шүүмжилж байгаа бөгөөд зардлыг танаж, цалин, тэтгэвэр нэмэх зэрэг нийгмийн хамгаалалд мөнгө зарах ёстой гэж үзсэн.

Харин АН-ын бүлгийн хувьд Ерөнхий сайдын асуудлыг ярьсаар төсвөө хэлэлцээгүй юм. Хуулиар энэ сарын 15-наас өмнө төсвийг хэлэлцэн батлах ёстой. Хэрэв УИХ энэ үүргээ биелүүлээгүй бол “Хууль дээдлээгүй” хэрэгт унана. Гэвч Засгийн газар нь унасан, Ерөнхий сайдгүй, Сангийн сайд ч үгүй нөхцөлд УИХ төсөв хэлэлцэж, батална гэдэг тун ойлгомжгүй харагдаж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэсний дараа уг яамны сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтын нэрийг дэвшүүлсэн боловч томилогдож чадалгүй байсаар Засгийн газар огцорсон. Тиймээс Сангийн сайдын үүргийг Ерөнхий сайд гүйцэтгэж байв. Гэтэл төсөв ид хэлэлцэх үед Ерөнхий сайд гол асуудалдаа анхаарч чадалгүй, сандал суудлын төлөө санаа зовнисоор 20 гаруй хоногийг өнгөрөөжээ. Үнэндээ бол өнгөрсөн долоо хоногт төсвийн асуудалд анхаарсан нь дан ганц МАН-ын бүлэг л мэт.

Нэгэнт Засгийн газар огцорсон, төсөв батлуулахаар бодлогоо оруулж ирсэн Ерөнхий сайд, Сангийн сайдын хэн ч байхгүй үед УИХ өнөөдрөөс эхлээд төсвөө хэлэлцэж, ирэх долоо хоногийн баасан гариг гэхэд баталсан байж чадах уу.

УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын хувьд дараагийн Засгийн газраа байгуулж, бодлогоо хэрэгжүүлэх том хариуцлагын өмнө ирсэн. Нэгэнт нэг Ерөнхий сайдаа унагаасан гээд дараа дараагийн том асуудлууддаа хайнга хайхрамжгүй хандах биш, харин ч улам бүр нямбай хандах цаг ирсэн.

Ялангуяа Н.Алтанхуягийг огцруулах шалтгаануудын нэг болсон хариуцлага алдсан алдаануудыг засаж залруулж, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол дараагийн сонгуулиар тун хатуу сануулга авч ч мэдэх юм. Тэгвэл ялангуяа улс орны эдийн засгийг унагасан алдаагаа засах хамгийн эхний алхам бол ирэх оны төсөв, мөнгөний бодлогын асуудалд хариуцлагатай хандах юм. Гэвч тус намын ҮЗХ баасан гаригт буюу маргааш хуралдаж,дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Амжвал нэр дэвшигчийг мөн өдрөө УИХ-д өргөн бариад байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлнэ.

Үнэхээр шинэ Ерөнхий сайд ийм шуурхай тодордог юмаа гэхэд Засгийн газрын бүтцээ ярьж, сайдуудаа нэр дэвшүүлнэ. Сайдууд нэр дэвшүүлэхэд зөвхөн Ерөнхий сайдын байр сууриас хамаардаг бол асуудал шуурхай шийдэгдэж магадгүй л юм. Гэвч олон фракц, бүлэглэлтэй АН-ын хувьд Ерөнхий сайдыг огцруулснаас ч бараг удаан хугацааг энэ ажилд зарах болов уу гэсэн таамаглал байна.

Ямартай ч ирэх лхагва гариг гэхэд шинэ Засгийн газар бүрдэж амждаг юмаа гэхэд пүрэв,баасан… төсөв батлах хугацаа тулчихаж байна.

УИХ наана нь элдэв улстөрийг үл ажран хуралдсаар бүх юм жин тан болгочихгүй л бол шүү дээ. Гэвч ингэх магадлал тун бага. Шинэ Засгийн газрын асуудал зөвхөн АН-д бус засгаас жийгдэж ч магадгүй болоод байгаа эвсэл, сөрөг хүчин МАН-д ч хамаатай асуудал.

Тиймээс УИХ-ын гишүүд энэ асуудалд бүрэн дүүрэн анхаарна гэдэг нэн эргэлзээтэй. За яахав, анхаараад хэлэлцээд, баталдаг юмаа гэхэд шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд ямар нь үл мэдэгдэх төсвийг харанхуйгаар хэрэгжүүлэх гэж үзэх нь байна.

Хэрвээ төсөв батлах ийм шахуу хугацаа байгаагүй бол төсвийн төслийг шинэ Засгийн газар буцаан татах ёстой баймаар. Тэгэж байж тэд өөрсдөө хэрэгжүүлэх төсвийн төслөө оруулж ирнэ.

Гэтэл хугацаа шахжээ. Хэрхэхийг ёстой тэнгэр мэдтүгэй л болж байх шиг байна.

Т.БУД

Эх сурвалж: http://gereg.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж