Пүрэв гариг бүрт уншигчдын хүртээл болдог “Хүмүүс” булангийн энэ удаагийн дугаарт Герман Улсын хамгийн анхны эмэгтэй-канцлер Ангела Меркелийн тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.
2005 оноос Холбооны Герман Улсын хамгийн анхны эмэгтэй-канцлер, уг албан тушаалд хамгийн залуугаараа томилогдсон зэрэг “Хамгийн” гэх тодотгол гуншин ихтэй эмэгтэй. Форбс сэтгүүлийн дүнгээр сүүлийн гурван жилийн дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч эмэгтэйгээр тодорч яваа. Меркелийг төмөр хатагтай Маргарет Тетчертэй жишиж “Тефтоны Маргарет Тетчер” (тефтон-шашны ариун тэмцлийн төлөө хүлэг баатруудад өгдөг төмөр загалмайн одон)-тэй харьцуулдаг ч, улс орондоо айхтар эрс шинэчил хийлгүй бас ч гэж зогсонги байдалд оруулалгүй тогтвортой удирдаж буй сонгодог технократуудын нэг.
1978-1990 он хүртэл буюу хоёр Герман нэгдэх хүртэл физикийн мэргэжилтэй тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын шинжлэх ухааны академид мэргэжлээрээ тууштай ажиллаж, бүр 1986 онд квантын химийн чиглэлээр докторын зэрэг горилсон ч 90-ээд оноос улс төрт эргэж буцалтгүй орсон юм. Хоёр Германыг зааглаж байсан хана нурж, үүнтэй зэрэгцэж Зүүн Германд олон байгууллагууд татан бууж байсаны дунд түүний алба хааж байсан Шинжлэх Ухааны Академийн Хими физикийн Төв Хүрээлэн хаалгаа барисан нь Меркелийг улс төрт нэвтрэх түлхэц өгсөн юм. 1991-1994 онуудад Хельмут Колийн засаглалын үед мөнхийн канцлер түүнийг эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар өөрөө дэвшүүлэн, улмаар 1994-1998 онуудад Лотаром де Мезьемын засаглын үед засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогчийн үүрэгт албанд томилуулсанд “Колийн охин” гэх нэр зүүлгэсэн юм. 2000 оноос Христийн Ардчилсан Намын тэргүүнээр сонгогдож Колийн халааг авч 5 жилийн хугацаанд сөрөг хүчний байр сууринд байхдаа ирээдүйн канцлер болох чадвартайгаа нотлон харуулж чадсан.
Энэ удаа бид төмөр хатагтайн улс төрийн карьер гэхээс илүүтэй таашааж хайрладаг, айж эмээдэг, хүсэл мөрөөдөлтэй эгэл нэгэн болохыг илүүтэй харуулсан сонирхолтой баримтуудаас дэлгэхийг зорилоо.
Ангела Доротея Каснер багаа насаа Зүүн Германы Темплин хотод өнгөрөөсөн. 1954 оны 7-р сарын 17-ний өдөр христийн лютеран урсгалын пастор Хастор Каснер, англи латин хэлний багш Герлинда Каснер хоёрын гутгаар хүүхэд болж Хамбург хотод төрсөн ч, төд удалгүй тэд Зүүн Германд шилжин суурьшсан юм. Ангела ангидаа бусдаас онцгой гойд ялгардаггүй, тоо болон орос хэлний хичээлд дуртай, багын нийгмийн идэвх зүтгэлтэй хүүхэд байсан. Аав ээж нь нэг их хүчлээгүй байхад хэдийнээ бага ангидаа идэрчүүд пионерийн бүлгэмд элсчихсэн гэдэг. Ангелагийн өнөөдрийн амжилтад санваартны гэр бүлд төрсөн атлаа атеист нийгэмд өсч хүмүүжсэн нь Зүүн болон Баруун Германчуудын дэмжлэгийг авахад ихээхэн нөлөөлсөн байж болзошгүй.
Ангела Каснер уг гарвалын хувьд Польш угшилтай ч, тэрнийгээ нэг их нууж хааж сүйд болдоггүй ээ. Түүний өвөг эцэг Людвиг Казмирчек Польшоос Германд дүрвэж ирсэн бөгөөд Казмирчек овгоо герман хэл аялгуунд дөхүүлэн Каснер болгон өөрчилсөн түүхтэй. Зарим садангууд нь одоог хүртэл Польшийн баруун хэсэгт амьдран суусаар байгаа. Хатагтай Меркель болсон нь (анхны нөхрийн овог) түүний улс төрийн карьерт нааштай нөлөө үзүүлсэн байх.
Багадаа амьдарч байсан гэр нь
Бага насныхаа талаар илэн далангүй дурсан өгүүлсэн байдаг. Түүнд тохиолдож байсан хамгийн аймар хэрэг бол ижил нийгэмд амьдарч байсан бидэнд ойлгоход дөхөмтэй гэмээр. Баруун Германаас авчирсан шинэхэн өмссөн биеийн тамирын хувцастайгаа давирхай дүүрэн модон дээр авирч авах юмгүй болгосон явдал санаанаас нь гардаггүй гэж. Мөн сургуулийн үдэшлэгүүд дээр бүжиглэлгүй самар идээд л сууж байдаг байсанаа сонсох дуртай очиж үздэг ганц хамтлаг бол Puhdys байсан гэж. Төгсгөлтийн баяраа тоорын виски хэтрүүлэн ууснаас огт санадаггүй, физикийн хичээлд их дуртай хэрнээ муу дүн авч үзэж байсан, өсвөр насандаа орос хэлний олимпиадад түрүүлж ЗХУ-д очих эрхийн бичгээр шагнуулж Орос явж байсан удаатайгаа дурссан байдаг. Дунд сургуулиа тэрээр алтан дипломтой төгссөн.
Улмаар Ангела Лейпцигийн Их Сургуулийн физикийн факультетыг дүүргэж, энэ явцдаа чөлөөт герман залуучуудын холбооны үзэл суртал хариуцсан гишүүний хувьд олон арга хэмжээ зохион байгуулж ч оролцож ч явж ирсэн. Мөн тухайн үеийн залуусын ганц зугаа цэнгэл болох диско бүжигт явах дуртай, учир нь тэнд Зүүн Германы хоёр дуу явсаны дараа Барууны нэг дуу явдаг байснаас сонсох дуртай Beatles болон Rolling Stones эгшиглэдэг байсан хэрэг.
1974 онд ЗХУ-ын оюутан залуучуудын солилцооны үдэшлэг дээр анхны нөхөр Ульрих Меркелтэй танилцаж, 1977 онд гэр бүл болж 5 жил хамтдаа амьдарсан ч салалтаар төгссөн юм. Хожим Ангела энэ талаар “…би энэ гэрлэлтэндээ дэндүү хөнгөн хуймгай хандсан. Нас бага залуу ч байж, гэр бүлтэй болох ёстой гэсэн бодолдоо хөтлөгдөөд гэрлэчихсэн юм гэж дурссан байдаг. Нөгөө талаар, Ангела хүүхэдтэй болж чадахгүй, эмчилгээ хийлгэж хэдэндээ оролдсон ч бүтээгүй тул гэр бүл нь салж сарнисан. Ульрих дахин гэрлэсэн авч дараах эхнэр нь мөн хүүхэд тээх чадваргүй, тэд тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох гэж байгааг дуулсан Ангела уурсаж, тухайн үед хурцаар тавигдаад байсан тээгч эхийн асуудалд хориг тависан гэж ярих нь ч бий.
1986 онд Баруун Германд хэд хоног саатахын тулд тухайн үед нийтлэг байсан “улс эх орондоо үнэнч эсэх шалгуур тест”-ийг амжилттай давж чадсан нэгэн.
Меркель дахин 1998 онд квантын химийн салбарт дэлхийд нэрээ түгээсэн Иохим Зауэр эрдэмтэнтэй гэрлэж Ульрих Меркельд өөрийгөө хэн болохоо харуулсан гэж яридаг. Ангела улсын тэргүүний албан тушаалыг хашиж 9 дэх жилтэйгээ золгож байна. Олны нүдэнд өртөх дургүй Йоахим Зауэр эхнэрийнхээ тангараг өргөх ёслолд оролцоогүй.
Ангела электрон шуудангийн аюулгүй байдалд төдийлөн итгэдэггүй учраас туслахуудтайгаа мессежээр харилцахыг илүүд үздэг. Мөн биржийн мэдээлэл, Бундестагийн мэдээллийн албанаас ирүүлэх шинэ мэдээ бүрээ текст мессеж хэлбэрээр хүлээн авдаг. Утаснаас гадна харандаа, тэмдэглэлийн дэвтэр, пудр, нүдний шилээ зайлшгүй авч явдаг нэгэн.
Түүний хамгийн ойрын туслахууд нь эмэгтэй. Хувийн нарийн бичиг Беата Бауман, улс төрийн зөвлөх Ева Кристиансен хоёроос гажиж илүү хөдөлгөөн хийнэ гэж үгүй. Меркель өөрийгөө эрч хүч дүүрэн, өсөх ирээдүйтэй залуусаар хүрээлүүлэх дуртай. Өрсөлдөгч улс төрчид түүний улс төрийн багийг “залуу хөвгүүдийнх” гэж шоглох нь бий. Улсын тэргүүн хатагтай жилдээ барагцаагаар 290 мянган еврогийн цалинтай.
Меркелийн ажлын өрөөний ширээн дээр герман гаралтай оросын хатан хаан Екатерина II хөрөг зураг байдаг.
Тэрээр бөгж ээмэг зүүдэггүй, үнэртэн хэрэглэдэггүй. Вагнерын дуурь, Бах Бетховены симфони зэрэг сонгодог хөгжим таашаадаг.
Мөн хатагтай Меркель хөл бөмбөгийн улаан фен. Магад энэ нь эрэгтэй улс төрчидтэй хэл амаа олоход тус хүргэдэг байж болзошгүй юм. Нэг удаа “Фокус” сэтгэлүүлийн сурвалжлагчид би эрэгтэй хүн шиг сайн хоёр зүйл хийж чаддаг байгаасай гэж хүсдэг “нэг нь мод хагалах, нөгөө нь нам дуугаар ярих” гэж сэтгэлээ уудалсан байдаг.
Меркель бүгдэд амжилтад хүрэх зам нээлттэй Америк оронд дуртай. Америкт тэрээр Берлины хана нурсанаас хойш 1990 онд нөхрийн хамт Калифорнид хамтдаа амарч мөрөөдлөө биелүүлсэн.
Түүний албаны унаа 4 тонн жинтэй, 500 морины хүчин чадалтай, 210 км/час хурдлах чадвартай. Телевизор, утас гэсэн даруухан нэмэлт салоны тоноглолтой.
Меркель маш ховор тохиолдолд л даашинз, банзал өмсөж, ихэнхдээ өмдтэй хослол таашаадаг. Түүний хослолыг бүтээх хүндтэй үүргийг Хамбургийн загвар зохион бүтээгч Беттина Шенбах хүлээдэг. Хувцасныхаа төлбөрийг хатагтай хувиасаа төлдөгөөр барахгүй гэрээс нь холгүй орших хүнсний дэлгүүрээс хүнсээ өөрөө цуглуулж, өөрийн гараар хоолоо хийж, цэцэрлэгээ тордож, бялуу хийх дуртай. Төмсний зутан шөл, шницель, загасаар хийсэн хоол нь хамгийн амттай, зочид гийчдийнхээ хэнбугайг ч дайлж цайлж гаргадаг гэдэг. Ер нь Меркель тосгоны ардын элдэв уран сэтггэмжид автаагүй хоолонд дуртай. Тогооч нь нутгийн хоолны жор цуглуулж, өсөж торнисон газраас нь хүнс ногоог нь цуглуулдаг. Харин загасны тухайд ганцхан Балтийн тэнгисийн загасыг таашаадаг.
Меркелийн зуслангийн байшин
Ангела Меркель болон Иоахим Зауэр хоёр Берлины төвд амьдардаг ч, хотын амьдралд төдийлөн дуртай биш гэдгээ хэлдэг. Амралтын өдрүүдээр зуслангийн байшиндаа очиж, төрөл бүрийн сортын төмс, гүзээлзгэнэ тариалдаг. Хосууд Берлин дэх байраа хөлсөлж, төрөөс олгосон сууцанд орохоос татгалзсан гэдэг. Тэдний хөлсний байрны босгыг одоогоор ганц ч сурвалжлагч даваагүй байсаар байгаа.
Холбооны Канцлер аяллын зардлаа ч өөрөө төлдөг. Улсаас түүний Австрийн Триполь, Италийн өмнөд хэсэгт очиж амрах онгоцны зардлыг л гаргадаг. Холын зайнд Аirbus А340, дундын зайнд Global 5000 –аар үйлчилдэг гэсэн үг юм Хөлөг дээр наанадаж хачирхай талхаар ч хооллодоггүй. Аяллын туршид Меркель баярлаа, баяртай гэх цөөн хэдэн үг л хэлэхээс бусдаар элдэв бичиг цаасаа эмхлэн минут бүрийг нарийн төлөвлөж зарцуулдаг.
Нөхрийн зардлын тухайд улсаас гаргадаггүй. Тиймээс эхнэртэйгээ явж илүү мөнгө зарцуулахын оронд арай бага зардлаар энгийн онгоцонд тасалбараа захиалан, очих газрынхаа зочид буудалд уулзалддаг. Меркельт дарвуулт завь, орд харш зэрэг баян тансаг амьдралын эгэл хэсгүүд ч байхгүй, ийм албан тушаал эрхэлж байгаа хүнд зохисгүйн дээр өөрт нь хэрэггүй ч юм шиг байгаа юм. Харин айчлалын хүрээнд авсан 150 еврогоос дээш үнэтэй аливаа бэлгээ тэрээр парламентат тушаадаг.
Эгэл хүний нэгэн адил түүнд айдас бий. Төмөр хатагтай тэнгэрт цахилах цахилгаанаас, нохойноос эвгүйцдэг нэгэн. 1995 онд хөршийнх нь нохой зууснаас хойш айдас хурсан хэрэг. Тиймээс айлчлалын үеэр нь хамгаалалтын албаныхан канцлерын ойр орчим нохой байлгахгүй байхад ихэд анхаарал тавидаг. Хүйтэн хөндий үл хувирах төв царай, “Тайван байдал эрч хүчний булаг” гэх зарчим нь заримдаа алдагддаг байгаа юм.
Бэлтгэсэн Ү.ДУЛАМСҮРЭН
Эх сурвалж: www.relax.ru