Хүн ганц амьдрахдаа их олон татвартай учирдаг. Гэхдээ хэн нэгний халааснаас мөнгө гардаг учраас тэр олон татвар мөн чанарын хувьд ялгаагүй юм. Жишээлбэл, таныг гудамжинд зайрмаг идээд явж байхад хэн нэгэн булааж аваад зугтааж байсан тохиолдол бий юу. Байгаа бол тэр чинь татварын нэг хэлбэр. Энэ нь та тэр гудамжаар алхсаныхаа татварыг төлж байна гэсэн үг. Магадгүй та зайрмагаа газар унагаж гудамж бохирдуулах ч байсан юм билүү. Үүнээс сэргийлэхээс гадна таныг өөр хэн нэгний унагасан зайрмаган дээр гишгэж хальтрахаас сэргийлж хүн бүрээс ийм татвар авч байгаа юм. Та хүсвэл өөр гудамжаар явж болох ч татвар хураахаар дахиад нэг хүн гараад ирэх учраас ямар ч ялгаагүй. Хэрэв боломжтой бол та машинаар явж болно. Харин жолооны үнэмлэхгүй бол таныг өөрийг чинь татвар болгоод хураачих учир бичиг баримттай болох зайлшгүй шаардлагатай. Ингээд жолооны курст сурч үнэмлэхтэй боллоо гэж бодъё. (жич: жолооны курст ч бас татвар авдаг). Үнэмлэхтэй болсон юм чинь мөн л татвараа төлөх хэрэгтэй. Жолооны үнэмлэхтэй хүн бүр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах ёстой гэж сүүлийн үед УИХ-ын гишүүд санал нэгдэх болсон. Гудамжинд зайрмаг булааж авсан хүн танд “Энэ бол татвар” гэж хэлээгүй нь лавтай. Гэхдээ тэр татварын нэг хэлбэр байсныг бид ойлгож байгаа. Түүнтэй адил жолоочийн хариуцлагын даатгал нь бас л нэг янзын татвар юм. Та хүсвэл үүнтэй заргалдаж болно. “Би хараахан машин аваагүй байгаа. Зүгээр л жолоодох эрхийг нь олж авсан. Тэр эрхээ цүнхлээд л явж байна. Би яагаад татвар төлөх ёстой юм бэ” гэж. Тэгэнгүүт танд дараах хариу ирнэ. “Техник, технологи хөгжсөн өнөө үед нүдэнд үл үзэгдэх машин гараад ирэх ч юм билүү. Та жолооны үнэмлэхтэй юм чинь тэрийг нь унаад явахыг үгүйсгэхгүй” гэж. Найдвартай нь дээр шүү дээ. За байз, татвар төлөхгүйгээр яажшуухан гадуур явдаг юм билээ. Ер нь дугуй унаж болох юм. Ингээд “Бүх нийтээрээ дугуй унаж хэвшицгээе” гэсэн уриа гарлаа гэж бодъё. Гэхдээ тэр үед хэн нэгэн нь татварын ямар нэг хэлбэрийг бодоод олчих байлгүй. Тэгээд ч манайд ямар дугуй унах зам байх биш. Аягүй бол дугуй унамаар байвал зам барих хүмүүс нь татвараа төл гэж хаа нэгтэйгээс дуугарч мэдэх л юм. Ер нь бүх юмнаас татвар авахаар шийдчихсэн юм билээ, угаасаа. Хаашдаа өнгөрсөн.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин