Манайхан цуурах дуртай. Ялангуяа улс төрийн хүрээнийнхэн дунд элдэв цуу ер тасрахгүй. Иргэд сонгогчдодоо мартагдахгүйн үүднээс худлаа ч бол мэдээ нийтлүүлэх хүсэлтэй улстөрч цөөнгүй байдаг. Өчигдөр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг кабинеттай нь огцруулсантай холбоотойгоор дараагийн Ерөнхий сайд хэн байх, тэр нь царай зүс, нуруу туруу нь ямар байх гэхчилэн таамаг дэвшүүлэн мэтгэлцээд эхэлжээ.
Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг. Цэл залуухан насандаа улс төрд хөл тавьж, АН-ын сайн нэрийг муутай нь хамт үүрэлцэж яваа түүний хувьд Ерөнхий сайдад нэр дэвшихэд гайхаад байх зүйлгүй. Гадаад төрхийн хувьд хаана ч гологдохооргүй сайхан залуу Ерөнхий сайд болчихвол “Зурагт үзэхэд ч зугаатай болох нь” гээд хүүхнүүд цаана чинь жиг жуг хийцгээж эхэллээ.
Өчигдөр бас нэгэн улстөрчийн сураг ажиг Ерөнхий сайд чиг рүү гарч ирсэн нь Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. Далаад оныхны гол төлөөлөл гэдгээрээ Ч.Сайханбилэгтэй зэрэгцдэг Л.Гантөмөр гадна төрхийн хувьд “гурван тогдгор”-оос илүү илүү. Гэвч улс төр дэх байр суурь, ололт амжилт нь харин Ерөнхий сайдад дөхөх хүн мөн үү гэдэгт эргэлзэх хүн олон байна. Саяхан л “кофе шоп”-ын тууз хайчилж намба алдаад байсан хүн гүйцэтгэх засаглал тэргүүлэх үү гэсэн яриа чих дэлсэж байна шүү, цаана чинь.
А.ШАРХҮҮ