Оросын хувь нийлүүлсэн байгууллагуудын зөвлөл өнгөрөгч пүрэв гаригт
хуралдсан. Өндөр хамгаалалт дор, сэтгүүлчдийн хараа хяналтаас гадуур,
хаалттай хуралдсан уг хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” хувь
нийлүүлсэн нийгэмлэг, “Монголросцветмет” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн
асуудлаар гурван салбар хуралдаан болжээ. Жилдээ нэг удаа болдог
“Совет”-ийн хуралдаанаар уламжлал ёсоор өнгөрсөн оны ажлын тайлан, энэ
оны ажлын явц, ирэх онд хийх ажлынхаа төлөвлөгөө ярилцсан байна.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуралдаанаар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д айлчлах үеэр яригдах 1949 онд
байгуулсан төмөр замын гэрээний талаар хэлэлцсэн бололтой.
“Эрдэнэт
үйлдвэр” хуралдааны үеэр тус үйлдвэрийн хувьчлалын талаар хөндсөн гэх
мэдээлэл байна. Оросын талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчлах сонирхолтой
байгаагаа нуугаагүй гэнэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийг олон улсын нээлттэй
тендерээр хувьчлах хэрэгтэй гэх санал ч “Совет”-ын хуралдаанаар гарсан
бололтой.
Хамгийн халуухан хуралдаан “Монголросцветмет” ХК тайланг
хэлэлцэх үеэр өрнөсөн аж. Албаны эх сурвалжийн өгүүлснээр Асгат, Баргилт
зэрэг ордуудыг хэрхэн ашиглалтад оруулах, хаанаас зээл тусламж авах
талаар ярилцсан байна.
Ашиглагдахгүй байгаа сул ордуудаа эдийн
засгийн эргэлтэд оруулах цаг болсныг оросуудаас манай дарга нарт
сануулсан бололтой. Хэрвээ монголчууд санаачлагыг өрнүүлэхгүй бол
оросууд өөрсдөө төсөл хэрэгжүүлэхээ илэрхийлсэн гэнэ. Хэрвээ оросууд
өөрсдөө төслөө хэрэгжүүлбэл Асгатын ордын 51 хувийг эзэмшдэг Монголын
хувь багасах учраас монголчууд хувиа алдахгүйн тулд “Совет”-ын хурлаар
багагүй маргаан өрнүүлсэн байна.
Эцэст нь хоёр тал Асгат,
Баргилтын ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар судлах,
төсөл боловсруулахаар болсон хэмээн эх сурвалжаас мэдээллээ. Одоогоос
таван жилийн өмнө буюу 2006 онд ОХУ-ын “Полиметалл” компани Асгатын
мөнгөний ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан
юм. Ийнхүү сул ордоосоо мөнгө босгох, үүний тулд төсөл хэрэгжүүлэх
шаардлагатай байгаа оросууд “Совет”-ийн хурлаараа хатуухан мэдэгдсэн
бололтой. Тус хуралд оролцохоор ОХУ-аас 10 төлөөлөгч тусгай онгоц
хөлөглөн ирсэн гэх мэдээлэл байна.