Patriot. Фото: livemint.com
2014 оны санхүүгийн жилд АНУ-ын зэр зэвсгийн экспорт 34,2 тэрбум доллар болсон тухай Пентагоны Цэргийн хамтын ажиллагааны (DSCA) мэдээлэв.
DSCA хариуцдаг гадаадад цэргийн зориулалтын нийлүүлэлт хийх хөтөлбөрийн (FMS) хүрээнд АНУ холбоотнууддаа 31,2 тэрбум долларын зэр зэвсэг худалдсан байна. FMS-аас гадуур батлан хамгаалахын компаниуд гадаадын захиалагч нартай шууд гэрээ байгуулснаар өөр гурван тэрбум долларын ашиг олжээ.
2013 оны аравдугаар сарын 1-нээс 2014 оны есдүгээр сарын 30 хүртэл үргэлжилсэн санхүүгийн жилд томоохон нь Катартай хийсэн 11 тэрбумын өртөгтэй гэрээ юм. Зенитийн пуужингийн Patriot цогцолборын 10 батарей, цохилтын AH-64E Guardian 14 нисдэг тэрэг, танкийн эсрэг 500 ширхэг Javelin пуужинг Катар авахаар болжээ.
Арабын Нэгдсэн Эмират наймдугаар сард Америкаас 4569 ширхэг хуягт автомашиныг 2,5 тэрбум доллараар авах захиалгаа өгсөн юм. Сингапур нэгдүгээр сард F-16 Fighting Falcon сөнөөгч онгоцнуудаа сайжруулахаар 2,4 тэрбумын захилга хийжээ. Саудын Араб нисдэг радаруудынхаа Boeing E-3A таван онгоцыг шинэчлэхээр хоёр тэрбумын гэрээ хийсэн юм. Бараг тэрбум орчим долларыг Ирак зэвсэглэлдээ зориулахаар АНУ-тай тохиролцжээ.
Өнгөрсөн онд АНУ цэргийн экспортоор 30 тэрбумын орлоготой байжээ. 2012 онд хамгийн их орлого олсон бөгөөд 69,1 тэрбум долларт хүрэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР