Барак Обама Европ дахь айлчлалаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Барак Обама Европ дахь айлчлалаа эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Европ дахь айлчлалаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Франц, Польш зэрэг орнуудаар айлчлах юм байна.  Ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн өргөн цар хүрээтэй айлчлалын хүрээнд Ойрхи Дорнод, Умард Африк дахь улс төрийн хямрал, Афганистаны дайн болон Европын орнуудын өрийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа нь дэлхийн геополитикийн бодлогыг шинээр тодорхойлохын эхлэл гэж ажиглагчид үзэж байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама айлчлалынхаа өмнө Пакистанд террористуудын өөр нэг удирдагчийг устгах цэргийн ажиллагаа явуулах болсноо мэдэгдсэн байна. Энэ сарын 2-нд АНУ-ын тусгай хүчин Бин Ладеныг устгах цэргийн ажиллагааг Пакистанд явуулсан билээ.  BBC-гийн сурвалжлагч  “Аль-Кайда”-гийн удирдагчдын нэг, Талибаны удирдагчийг Пакистан, эсвэл бусад тусгаар улсад орогнож буй нь тогтоогдвол  ямар арга хэмжээ авахыг Обамагаас асуухад шаардлагатай тохиолдолд ганц л арга хэмжээ авах болно” гэжээ.

"АНУ  Пакистаны бие даасан байдалд анхаарал тавих болно. Бид алан хядах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй хэнийг ч өршөөхгүй.” гэжээ.

Олон улсын зартай алан хядагч Осама Бин Ладен Пакистанд орогнож байсныг тогтоосон нь олон улсын өмнө тус улсын нүүрийг хөөдсөн хэрэг болсон билээ.

АНУ-ын тусгай хүчин Бин Ладеныг  Пакистанаас олж, устгасан нь тус улсын  бүлэглэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан  байна.  Бин Ладеныг  олж устгасан цэргийн ажиллагаа нь АНУ Пакистанд итгэлээ алдсаныг харуулсан гэж ажиглагчид үзэж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сүүлд хийсэн мэдэгдэлдээ “АНУ Пакистаны бие даасан байдлыг хүндэтгэж байгаа ч террористуудын эсрэг тэмцэхэд бидний шууд оролцоогүйгээр ямар нэгэн ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэсэн нь үүнийг баталж байгаа юм. 

Харин Исламабадын эрх баригчид үүнийг АНУ  Пакистан  улсын хараат бус байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа юм.

Пакистаны Ерөнхий сайдын “АНУ  Пакистанд Бин Ладеныг устгасан шиг цэргийн үйл ажиллагаа явуулахыг бид цаашид тэвчихгүй. Хэрэв ийм явдал дахин давтагдвал  бүсийн орнуудын  аюулгүй байдал, бусад орнуудад ч сөргөөр нөлөөлж болзошгүй” гэсэн мэдэгдэл үүнийг баталж буй.  

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж