Төр захиргааны төв ордон албан ёсоор нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Төр захиргааны төв ордон албан ёсоор нээлтээ хийлээ

Нийслэлийн хүн ам олонтой хамгийн том дүүргийн нэг бол Баянзүрх дүүрэг. Энэ ч утгаараа тус дүүргийн санаачлан хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ямагт шинэ сэргэг, анхдагч нь байж чаддаг. Үүний нэг жишээ бол төр захиргааны төв ордон юм.

Баянзүрхчүүдийн санаачилга энэ онд ажил хэрэг болж тус дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн томоохон бүтээн байгуулалт бослоо. Дүүргийн төр захиргааны байрыг шинээр барих ажлыг өнгөрсөн жилийн тавдугаар сард эхлүүлсэн.

Эдүгээ 280000 мянган хүн амтай тус дүүргийн төр захиргааны  хуучин байр 1934 онд орон сууцны зориулалтаар баригдаж ашиглалтад орсон түүхтэй. Урьд нь тус дүүргийн газрын алба, Боловсролын хэлтэс, Биеийн тамир спортын хороо 55 дугаар дунд сургуульд тархай бутархай байрладагаас төрийн үйлчилгээг авах гэсэн иргэдэд ихээхэн  хүндрэл учруулдаг байсан юм.

Дүүргийн төр захиргааны шинэ байр нийт 3.8 тэрбум төгрөгийн өртгөөр боссон бөгөөд 4651 метр квадрат  ашигтай талбайтай ажээ. Энэхүү байранд  дүүргийн Засаг даргын тамгын газар, Хурлын ажлын алба, Газрын алба, Онцгой байдлын хэлтэс, Биеийн тамир спортын хороо, Боловсролын хэлтэс, Иргэний бүртгэл, статистикийн хэлтэс зэрэг 12 хэлтэс, албад төвлөрч байна. 

Уг  байр ашиглалтад орсноор Иргэний бүртгэл,  Газрын алба, нэг цэгийн үйлчилгээний өөрийн гэсэн  заалтай болжээ. Түүнчлэн баянзүрхчүүд Ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж буйгаараа ихээхэн онцлог юм байна.  Энэхүү  өргөө нээгдсэнээр дүүргийн иргэд хуримаа хийж, гэрлэлтээ батлуулах боломж бүрдэх гэнэ.

Иргэдэд төрийн нэг цэгийн үйлчилгээг хүргэхийг зорьж Засаг дарга Б.Батзориг ганцхан жилийн өмнө дүүргийн шинэ байрыг барих ажлыг зоригтойгоор санаачлан барилгын ажлыг эхлүүлж байсан. Баянзүрх дүүргийн Төр захиргааны ордныг барих бүтээн байгуулалтын хугацаа нийт зургаан сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд. 2010 оны Бар жилийн шилдэг архитектуртай 10 барилгын нэгээр шалгарч дүүргийнхээ иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх, тохилог, төрийн үйлчлгээний стандартад нийцсэн орчинд иргэдэд үйлчлэх гол зорилгоо биелүүлсэн юм.

Шинэ байрын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар, ажилтан албан хаагчид харьяа байгууллагын дарга нар, шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл урилгаар оролцлоо.

Будаг нь ханхалсан төр захиргааныхаа ордны үүд хаалгыг нээж төрийн хан хуурч Б.Цэрэндорж ордоны жаврыг үргээж морин хуурийн аялгууг эгшиглүүлж зочид дүүргийн шинэ ордонтой танилцлаа.

Баянзүрх дүүрэг анхны төр захиргааны байрандаа 1965 онд сууршин орж 1000 хүрэхгүй метр кв талбайд төрийн үйлчилгээг хүргэж байсан бол өнөөдрийн төр захиргааны төв ордон нь дөрвөн давхар болж ашиглах талбай нь 3-4  дахин ихэсч 4651 м2 болтлоо өргөжөөд байна.

Тус ордон Соёмбо танхим, Ёслол хүндэтгэлийн өргөө, Чуулганы танхим гэсэн гурван төв танхимтай. Дээврийн хэсэгтээ цайны газар, доороо гараж, гадна талбайдаа 100 машины зогсох зогсоолыг иж бүрэн шийдэж өгснөөрөө иргэд сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн дээврийн хэсэгт хоёр тийшээ гарсан задгай мансардыг хийсэн нь сүүлийн үеийн шийдлийг оруулж өгчээ.

Мөн хурлын танхимуудыг олон улсын хурал семинар хийхэд зориулагдсан орчин үеийн техник хэрэгслээр тоноглож өгсөн нь Нийслэлийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц томоохон бүтээн байгуулалтын ажил болсон байна.

Нээлтийн ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Б.Батзориг “ Иргэд маань  орлого багатай,  амьдрал  нь хүнд байна. Нийслэлд ганцхан хуримын ордон  ачаалалтай ажилладаг. Тиймээс гэр бүл болж буй залуучууд маань дүүргийнхээ Ёслол хүндэтгэлийн өргөөнд гэрлэлтээ бүртгүүлж дүүргийн удирдлагуудаас гэрлэлтийн баталгаагаа авч болно. Мөн 16 нас хүрч  Монгол Улсын  иргэн болж буй залуус иргэний үнэмлэхээ  баяр ёслолын байдалтай авах боломж бүрдэх юм. Дүүргийн төр захиргааны шинэ байр ашиглалтад орсноор төрийн албан хаагчдын  ажиллах нөхцөл бололцоо нь сайжирч  иргэдэд үзүүлэх  төрийн үйлчилгээ  чанаржина” хэмээн онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж