МАН-ын бүлгийн гишүүдийн санаачлагатайгаар яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй. Ингэснээр энэ парламентийн хугацаанд Засгийн газрын сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зургаа дахь удаагаа тавьж буй явдал болж буй юм.
Хууль тогтоох байгууллага нь ийнхүү сандал суудалны асуудалд чамгүй их хугацааг зарцуулж байгаа талаар чуулганы хуралдааны үеэр дурдагдсан юм. Тодруулбал, сөрөг хүчний зүгээс 2013.04.12-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 2013.12.17-ны өдөр, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг, 2014.04.07-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг,
2014.05.29-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг, 2014.10.17-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганы хуралдах үеийн ажлын 94 хоног хэлэлцсэн бөгөөд энэ хугацаа нь УИХ-ын 2014 оны Хаврын ээлжит чуулганы хуралдсан хоногоос 1.5 дахин их юм.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сөрөг хүчин Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагаах оролдлогуудаас болж УИХ дээр шийдвэр, шийдлээ хүлээсэн олон асуудал хойшилж, гацаж, цаг хугацаа алдсаар байна” хэмээн дүгнэсэн юм.
Б.ЭНХ