Сонгинохайрхан дүүргийн ИТХ 2012 оноос хойш дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт дэвтэр”-т алдаршуулдаг болсон билээ. Харин энэ жил Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий дөрвөн хүнийг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж, ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байсан Дагвын Баярсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, даргаар ажиллаж байсан Самдангийн Баярт, Монхооны Цэрэндорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар 9 жил, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Дэндэвийн Дамдинпүрэв нарыг энэхүү “Хүндэт дэвтэр”-т алдаршуулжээ.
“Хүндэт дэвтэр”-т алдаршуулах үйл ажиллагаа өнгөрсөн мягмар гарагт болж дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар тэдэнд батламжийг нь гардуулж, хүндэтгэл үзүүлсэн байна. 2012 оноос хойш уг дэвтэрт өмнө нь нийт 16 хүн алдаршуулаад байсан юм.