Испанийн гран-при үйл явдлаар дүүрэн байлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Испанийн гран-при үйл явдлаар дүүрэн байлаа

“Эхлээд “Феррари”, дараа нь “МакЛарэн” дарамт үзүүлсэн ч бид ялж чадлаа” хэмээн улирлын дөрөв дэх түрүүгээ авсан Себастьян Феттель уралдааны дараа ярьжээ. Өчигдөр Каталон тойрог замд болсон “Формула-1”-ийнИспанийн гран-при уралдааныг Марк Уэббер тэргүүн эгнээнээс эхлүүлж, Феттель, Хэмилтон, Алонсо гэсэн дарааллаар гарсан нь яг л аваргын төлөө өрсөлдөх дөрвөн нисгэгчийн нэр байлаа. Гэхдээ Pirelli илүү хатуу, шинэ дугуй авчирсан нь зарим нисгэгчдийн хувь заяаг дэндүү ихээр өөрчилсөн юм. Уг нь бол хатуу дугуй илүү тойрог явна гэж байсан ч энэ удаад багууд доод тал нь дөрвөн пит-стоп хийх хэмжээнд байсан. 12-15 тойрог яваад л нэг питэд орж байсныг дурдах нь зүйтэй.

Эхний питийн дараа Фернандо Алонсо уралдааныг тэргүүлж эхэлсэн ч эцсийн дүнд тэрбээр тавдугаар байраар замыг дуусгасан. Түүний багийн анд Массагийн хувьд 60 дахь тойрогт хурдын хайрцагт нь асуудал гарснаар замаас гарч, “Феррари”-гийн энэ улирлын анхны дуусгаагүй уралдааны түүхийг бичсэн. Гэхдээ гол асуудал Массад биш Алонсо руу чиглэж байсан. Ялагчийн төлөө өрсөлдөх хэмжээнд эхний 20 тойргийг хийсэн Испани эрийн сүүлийн арван тойрог хар дарсан зүүд мэт өнгөрсөн юм.

Масса уралдааны дараа хатуу дугуйтай уралдах ямар хэцүү байсныг хэлжээ. Гэхдээ түүний замаас гарсан шалтгаан дугуй биш хурдны хайрцаг гэдгийг онцолсон байна. Харин Алонсогийн хувьд энэ жил анх удаагаа 20 тойргийн турш тэргүүлэгч байсан нь гайхалтай ч өнөө л дугуйны асуудлаас болж богино хугацаанд гурван ч пит-стоп хийж, энэ хооронд гүйцэгдсэн юм. Хамгийн гол нь “Феррари”, “Мерседес” багууд тэргүүлэгчдээс бүтэн нэг тойрог хоцорсон явдал энэ уралдааны гол сэдвүүдийн нэг болж байна.

Уралдааны өмнө Феттелийг ардаа хийх хэмжээний өөрчлөлтийг машиндаа хийсэн гэх Хэмилтон ёстой л Герман залуу болоод “Рэд Булл”-д нэгийг ойлгуулж чадлаа. Сүүлчийн 7-8 тойрогт секунд хүрэхгүй хугацааны зөрүүтэй явж байсан Хэмилтон Феттелийн араас салсангүй. Бүхий л боломжоо ашигласан, гэвч урд нь гарч чадаагүй юм. Сүүлд гарсан мэдээллээр Феттелийг KERS ашиглахгүй байхыг багийнх нь зүгээс зөвлөсөн бөгөөд герман нисгэгч тухайн үед үүнийг тийм ч сайн зөвлөгөө гэж бодоогүй гэнэ. Яг л үүнийг “МакЛарен” хүлээж байсан. Зарим тойргийн төгсгөлд надад KERS хэрэг болж байлаа гэж уралдааны дараа Феттелв ярьжээ.

Тэдний ард гурван пит-стоп хийх тактикаар уралдсан Женсон Баттон бичигдэж, Марк Уэбберээс өмнө гарснаар шагналын тавцанг нь булааж чадлаа. Гэхдээ Уэббер, Хэмилтон, Баттон, Алгеурсуари нар уралдааны дараа шар тугийн үеэр дүрэм зөрчсөн гэж торгууль хүлээсэн ч үр дүнд нөлөөлсөнгүй.

Ингэснээр Феттель нийлбэр дүнгээр 118 оноотой тэргүүлж байгаа бол Хэмилтон 77,  Уэббер 67, Баттон 61 оноотой явж байна. Харин тавдугаар байрт 51 оноотой Алонсо бичигдэж байна. Зохион бүтээгчдийн цомын хувьд “Рэд Бүлл” 185, “МакЛарэн” 138 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж