АТГ-аас өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тус хурал дээр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгуулж байгаа Л.Гансүхийн “идсэн уусан” гэх мөнгөн дүнг танилцуулсан юм. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Огцруулах бичиг барьж болно, болно. Хэнд ч байж болно. Гагцхүү үндэслэлээ зөв тавимаар байна. Амьдрал өөрөө баян. Өчигдөр АТГ-ын хэдэн нөхөд Л.Гансүхийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн олон нийтэд ил зарлалаа. Тэгвэл шүүх байгууллагын бусдын гэмт хэргийг эцэслэн тогтоодог юм. Түүнээс биш хэн нэгэн хүн хэвлэлийн хурал хийгээд буруутай гэж хэлсэн болгоныг гэм бурууд тооцохгүй. МАН-ын тавьсан үндэслэл яг хэвлэлийн хурал шиг л юм болж. Нөгөө талаас би өөрөө 1990 оноос эхлэн ардчиллын төлөө зүтгэж, Үндсэн хууль батлалцахад өөрийн хувь нэмрээ оруулж байлаа. Харамсалтай нь, өнөөдөр өс хонзон санасан хэдэн нөхөд ийм юм яриад явж байгаад харамсалтай байна. Маш их харамсч байна. Би МАН-ынхны тавьсан үндэслэлийн дагуу цагдаад хандсан. Нэр төрд халдсан хэргээр. Сураг сонсоход эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа юм билээ” гэлээ. Тэрбээр МАН-ынхан огцруулах үндэслэлээ боловсруулахдаа өөрийнх нь нэр хүндэд халдсан гэсэн өргөдөл гаргаснаа тэрээр тайлбарласан юм.
С.ОТГОН