Л.Гансүх нар 13 тэрбум төгрөг “унагаасан” байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Л.Гансүх нар 13 тэрбум төгрөг “унагаасан” байж болзошгүй

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт сэжигтээр шалгагдаж байгаа Л.Гансүх нарын хэргийг тойрсон маргаан олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Мөрдөн байцаалтын явцад илэрсэн шинэ баримтуудын талаар АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас дараах мэдээллийг тодрууллаа.

-Л.Гансүх нарыг шалгаж эхлэх үед улсад учруулсан хохирлын хэмжээ 3.6 тэрбум байсан бол энэ тоо 13 тэрбумт хүрсэн байна. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ерөнхий сайд Н.Алтанхуягын ахлах зөвлөх Л.Гансүх “Эм Жи Эл Эс Пи” компанид менежерээр ажиллаж байсан н.Хулан нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Энэ санхүүжилтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, “Багануур” ХХК-тай 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулсан гэрээний дагуу нүүрсийг авахаар болсон. Мөн нүүрсийг тээвэрлэх гэрээг Улаанбаатар төмөр замтай “Эм Жи Эл Эс Пи” компанийн захирал Э.Эрдэнэбулган гэх хүн байгуулсан байдаг. Л.Гансүх  Багануур ХХК-иас нүүрс авахдаа “Эм Жи Эл Эс Пи” компаниар шигшүүлэх, ангилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр анхнаасаа тохирсон. Нүүрсийг ангилж шигшихтэй холбоотой нэлээд зардал гарсан. Энэ зардлыг эхний ээлжинд арваннэгдүгээр сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний дагуу олгоогүй. Өөрөөр хэлбэл “Багануур” ХХК нүүрс шигшсэн, ангилсны улмаас түлшний  зардалд 399,3 сая төгрөгний, шигших тоног төхөөрөмж түрээсэлсэн ажлын зардалд 63,9 сая төгрөгний хохирол хүлээсэн. Нүүрсийг эхний гэрээний дагуу нэг тонныг нь 27500 төгрөгөөр “Багануур” ХХК-иас худалдаж авахаар тохиролцсон байдаг. Ингээд энэ гэрээний дагуу ажил явагдаж эхэлсэн. 

“Эм Жи Эл Эс Пи” гэх компанийг 2010  онд Л.Гансүхийн найз нь том охинтой нь хамт аж ахуй нэгж үүсгэн байгуулж байсан.  Анх байгуулагдахдаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байсан. Гэтэл үйл ажиллагаа явуулах чиглэлд нь 2012 оны аравдугаар сард “нүүрсний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулна” гэж нэмэлт оруулаад, мөн сараас эхлээд Э.Эрдэнэбулган гэдэг хүнийг захирлаар нь томилсон байгаа юм. Энэ хүн бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. Ингээд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний гэрээний дагуу ажлаа хийж “Улаанбаатар төмөр зам”-д нүүрс тээвэрлэсний төлбөрийг төлж байсан. Ингэж төлөхдөө “Багануур” ХХК-иас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ Улаанбаатар төмөр замд 40000 төгрөгөөр тооцож худалдаад, ийнхүү нэмсэн үнээрээ “Улаанбаатар төмөр зам” компанид төлсөн тээврийн хөлсний тал хэсгийг хаасан байгаа юм. Ингээд үлдсэн 800 гаран сая төгрөгний төлбөрийг “Улаанбаатар төмөр зам” компанид бэлнээр төлсөн дүн гарсан. Явцын дунд “Эм Жи Эл Эс Пи” компанийн анхны захирал , Л.Гансүхийн найз, Л.Гансүх нар хоорондоо санхүү мөнгөний асуудал гарч, цаашид “Эм Жи Эл Эс Пи” компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах  талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. 

-Дахин “Эм Жи Эл Эс Пи Ди” гээд компани байгуулж нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн үү?

-Тийм. Өнгөрсөн оны есдүгээр сард  “Эм Жи Эл Эс Пи Ди” гэдэг компанийг шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, түрүүчийн компанийн нэрний ард ганцхан D үсэг нэмээд шинээр аж ахуй нэгж байгуулсан. Захирлаар нь н.Даваахүү гэдэг хүнийг томилсон. Н.Даваахүү нь Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед нь туслахаар нь ажиллаж байсан хүн. Ингээд “Эм Жи Эл Эс Пи Ди” болон “Багануур” ХХК хоёрын хооронд 2013 оны нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээг өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан. Ингэж байгуулахдаа 2012 оны гэрээний дагуу 27500 төгрөгөөр нүүрсийг худалдаж авна гэсэн үнээрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээг байгуулахаас өмнө “Багануур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад 27500 төгрөгөөр нүүрс худалдах нь хувьцаат компанид ашиггүй, алдагдалтай байна. Тиймээс нийлүүлэх нүүрсний үнийг тонн тутамд нь 39 мянган төгрөг болгоё гэх шийдвэр гаргачихсан байсан. Ингэж шийдвэр гарсаар байтал Л.Гансүх нар хүчээр урдын адил 27500 төгрөгөөр гэрээ байгуулна гэж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Багануур” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нарт нөлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийг дахин хуралдуулж 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл “Багануур” ХХК үргэлжүүлэн алдагдалтай ажиллах гэрээг 09.27-ний өдөр байгуулсан байгаа юм.  “Эм Жи Эл Эс Пи Ди” компанийн менежереер Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүнийх нь зөвлөхөөр 2010-2014 онуудад ажиллаж байсан М.Тулга гэгч ажиллаж байсан. Мөн эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүг хариуцсан ерөнхий нягтланаар нь Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин ажиллаж байсан нь тогтоогдсон.

-Улсад учруулсан байж болзошгүй гэх хохирлын тухайд?

-2012, 2013 оны гэрээний дагуу нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр “Багануур” ХХК-иас худалдаж авсан. Эргүүлээд 2012-2014 онуудад борлуулахдаа 19,9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг. 13 тэрбум төгрөг “унагасаан” байж болзошгүй байгаа.

Нүүрс нийлүүлсэн “Багануур” ХХК-ийн хувьд ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн гэж үнэн үү?

-“Багануур” ХХК-ийн хувьд  2.8 тэрбум төгрөгний хохирол хүлээсэн.

Одоо энэ хэрэгт хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн арван хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байна. Үүнээс зургаан хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин одоогоор гурван хүн цагдан хоригдож байгаа.  

-М.Тулгын биеийн байдал муу байгаа гэж ар гэрийнхэн нь мэдээлээд байгаа. Цагдан хоригдсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа юу?

-М.Тулгын хувьд нарийн мэргэжлийн оношлогоонд орж “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт 18 хоног хэвтэн эмчлүүлсэн. Улмаар эмч нарын зүгээс М.Тулгыг цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн учраас цагдан хорих хугацааг сунгасан. Түүний хувьд 2010 оноос нурууны бэртэлтэй байсан юм билээ. Мөн н.Мөнгөнтуяагийн хувьд ходоодны үрэвсэлтэй гэж байгаа ч цагдан хоригдох боломжгүй хүнд хэлбэрийнх биш.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж