Баяннуурын дарга нарын барьцаа

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Баяннуурын дарга нарын барьцаа

Хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрх тэгш, харилцан ашигтай хөгжүүлэх замаар “найрсаг сайн, амар амгалан бөгөөд баян чинээлэг” хөрштэй зэргэцэн орших нь БНХАУ-ын гадаад бодлогын үндсэн зарчим гэж Хятадын Коммунист намын XVII Их хурлаас зарлан тунхагласнаас хойш таван жил өнгөрчээ. Ядуу буурай, эсхүл үймээн самуунтай хөрштэй байх нь БНХАУ-ын энх тайванч хөгжлийн өнөөгийн болон хэтийн гадаад бодлогод үл нийцнэ гэсэн үг. ХКН-ын их хурлын шийдвэр бол БНХАУ-ын хувьд яс хэрэгжих ёстой хууль. Аливаа хууль манайхтай адил “гууль” болдоггүйгээрээ Хятад Улс дэлхийд алдартай.

Хятад нь эдүгээ 14 улс оронтой эх газраар, зургаан оронтой ус, далайгаар хиллэдэг аж. Эдгээр нь ОХУ, Казахстан, Тажик, Киргиз, Энэтхэг, Афганистан, БНАСАУ, Пакистан, Балба, Лаос, Вьетнам, Япон, БНСУ зэрэг улс юм. Тажик, Киргиз, Балба болон Лаос зэрэг манай “ихрийн өрөөсөн” хөршүүдийнхээ хувьд дээрх зарчмын бодлогоо дэлхийд үлгэр жишээ болохуйц түвшинд хэрэгжүүлж байгаа нь мэдээж. Харин манай хувьд энэхүү бодлого нь арай өөр өнгө аястай харагдаж байгааг нь сонирхууштай.

Оюутолгой, Тавантолгой нь Монгол орны хувьд энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт гарцаагүй мөн. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлж эхлэх нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн цаашдын хувь заяаг шийдвэрлэх нигууртай. Нэн ялангуяа Оюутолгойн уурхайг 2012 оны сүүлчээр ашиглалтад оруулж дөнгөвөл манайх БНХАУ-ын хувьд “баян чинээлэг” хөрш болох замд баттай орох юм.

Бидний нүүдэлчин сэтгэхүй, сүүлийн 20 жилийн шил шилээ дарж хэт улстөржсөн сонгуулиуд, Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн саяхан хэлсэнчлэн “дизель түлшний лоббийн” харгайгаар Өмнийн говьд эдүгээ хүртэл цахилгаан станц бариагүй ирсэн нь Оюутолгойн зэс, алтны хүдрийг олборлож эхлэх цаг хугацааг хойшлуулахад хүргээд байгаа тухай мэдээ, яриа хөөрөө олны чихийг дэлсэв.  Тэгээд  манайхан өмнөд хөршөөсөө цахилгаан эрчим хүч түр зуур импортолж авах хүсэлт тавьжээ. Оюутолгойнхон 2009 оноос хойш Бээжин, Хөх хоттой яс ажиллаад байсан юм байх. Айл ч болно, бүтнэ, сайн хөршийн найрсаг харилцаатай юм чинь аливаа асуудалгүй гээд байсан гэдэг. Гэтэл өнөөдөр яг өгдөг, авдаг дээрээ тулсан чинь Өвөр Монголын Баяннуур хотын дарга нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” учраас цахилгаанаа Оюутолгойд “зарахгүй” гээд гүрийж байгаа гэнэ. Учрыг лавлавал, Баяннуур хотод байгуулах Зэсийн үйлдвэрт Оюутолгой ХХК-иас хөрөнгө оруулалт хийх, бас Оюутолгойн олборлож, үйлдвэрлэх нийт зэсийн баяжмалын 70 хувийг Баяннуурт нийлүүлэх гэрээг байгуулж баймааж цахилгаанаа Оюутолгойд худалдана гэжээ.

Баяннуур нь Гашуун сухайт, Ганц модны хилийн боомт дээрх “том тосгон”, манайхаар бол сум гэсэн үг. Хүн ам нь шороон түм болохоор л хот гэдэг бололтой. Баяннуурын дарга нар манай нүүрсний экспортын тээвэрлэлтийг үе үе зогсоож, хил гаалиа хааж, татвар хураамжаа нэмж аашилдаг араншинтай. Нарийн сухайт-Цэхэ боомтын хотын дарга нар бас тийм араншинтай болоод удаж байгаа гэсэн. Хоёр улсын худалдааны харилцааг хилийн сумдынх нь дарга нар дэлхийн улс хоорондын худалдаанд тогтсон ёс жаягаас гажуудуулж байгааг Бээжинд сонордуулахад “тэр бол ХКН, төр, засгийн бодлого биш” гэж манайхны амыг хаадаг гэсэн. Үнэн чанартаа цахилгаан импортлох нь улс хоорондын жирийн худалдааны л асуудал. Гэтэл Баяннуурын тавьж буй дээрх шаардлага, эсвэл Оюутолгой, Тавантолгой, төмөр замд Хятад улсын оролцоо байх эсэхтэй холбон үзэж, барьцаалж байгаа нь сайн хөршийн найрсаг харилцаа мөн үү?

Өнгөрсөн оны намар өмнөд хөршийн  Ерөнхий сайд Вень Жибао Улаанбаатарт айлчлахдаа Монгол Улсад шинээр буй болох томоохон уурхай, аж үйлдвэрийн үүсэл хөгжлийг дэмжинэ, дэд бүтцийг нь барьж байгуулахад тусална гэж албан ёсны хэлэлцээр дээрээ хэлсэн нь хэвлэл мэдээллээр түгсэн. Одоо удахгүй манай Ерөнхий сайд С. Батболд Бээжинд айлчлах бололтой. Тэр үеэр Ерөнхий сайд нар бас л сайн хөршийн найрсаг харилцаагаа улам хөгжүүлэх, цаашид шат ахиулж “стратегийн түншлэлийн харилцаа”-нд хүрч хамтарч ажиллах  талаар ярих сурагтай. Гоё сайхан нэр томъёо чухал уу, эсхүл бодит хамтын ажиллагаа чухал уу гэдгийг эрхбиш тунгаах буй заа.

Баяннуурын дарга нарт хоёр улсын Засгийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээ, тохиролцоо, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны өсөлт хөгжил ямар ч падгүй баймааргүй. Тэгвэл манай Замын Үүд, Өмнөговийн Ханбогд, Гурвантэс, Ховдын Булган зэрэг сумын Засаг дарга нарт ялгаагүй баймаар. Сумдын дарга нар ийм том толгойтой байвал Улаанбаатар, Бээжинд энэ олон яамд, бүр Төв Засгийн газрын ч хэрэг байгаа юмуу. Манай Замын Үүд, Бичигт, Гашуун сухайт, Нарийн сухайт болон Ярантын боомтуудаар Хятад улсын дугаартай автомашиныг нэвтрүүлэхгүй гэж дээрх Баяннууртай барьцаж бас болмоор харагдаж байгаа биз.

Оюутолгой нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол түүний бүтээгдэхүүний дийлэнх нь  БНХАУ-д экспортлогдож таарна. Энэ нь Монголын эдийн засагт шаардагдаж буй валютын орлогыг нэмэгдүүлэхээс гадна Хятад улсад шаардлагатай зэсийн баяжмалын хэрэгцээний тодорхой хэсгийг хангана. Хөрш улсынхаа хилийн Баяннуур хотоос цахилгаан импортолж олборлолт, үйлдвэрлэлээ эхлэхээр зэхэж буй Оюутолгой нь Монгол Улс хөгжиж дэвшихэд чухал үүрэгтэй.

Канадын олон зуун үйлдвэр, уурхайнууд АНУ-аас цахилгаан эрчим хүчээ импортоор авдаг. Манай хоёр улс шиг нэгэндээ элдвээр тунирхаж, ялихгүй зүйлээр барьцаж, хот тосгоны дарга нарын эрхшээлд ордоггүй. Мексик ч  АНУ-аас их хэмжээний байгалийн хий, цахилгаан импортолдог. Оросууд ч манайд цахилгаанаа элдвийн зовлонгүй нийлүүлдэг. Мэдээж төлбөртэй. Эрхүү хотын дарга нар хоёр улсын харилцаа, Засгийн газруудын тохиролцоог хүндэтгэдэг аж. Оюутолгой ч ялгаагүй Өвөр Монголоос цахилгааныг зах зээлийн үнээр импортолж таарна. Тусламжийн шугамаар үнэгүй авна гээгүй нь  мэдээж. Гагцхүү Өвөр Монголын Баяннуур хотын дарга нарын араншин саад тотгор болсоор, Бээжин тэдэнд хүч хүрэхгүй зүдэрсээр, Улаанбаатар царай алдаж гуйсаар эдүгээ хүрчээ.    

Судлаач Төрөөгийн ГАЛСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж