18 дахь намыг МАХН гэсэн нэрээр бүртгэх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

18 дахь намыг МАХН гэсэн нэрээр бүртгэх боломжтой гэв

МАХН-ын бүртгэлийн асуудал Үндсэн хуулийн цэцэд очоод сураг тасарсан. Одоогоор МАХН гэх нэрийг бүртгэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. МАХН-ын нэрийг бүртгэх асуудал ямар шатандаа явж байгаа талаар хуульч О.Баасанхүүгаас зарим асуултад хариулт авлаа.  

-Та МАХН-ын нэрийг бүртгэх асуудалд хууль зүйн зөвлөгөө өгч байгаа. Уг асуудал Үндсэн хуулийн Цэцэд очоод хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй болчихлоо. Ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуулийн 15.6, 15.4 гэсэн заалтуудад тайлбар авах талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. УИХ-аас төлөөлөгчөө томилон тайлбараа хүргүүлсэн гэсэн. Мөн Цэцийн гишүүний зүгээс маргаан үүсгэсэн. Хуулийн дагуу дунд суудлын хуралдаанаар буюу цэцийн  таван гишүүний хүрээнд хуралдаад шийдвэр гаргах ёстой. Харамсалтай нь одоог хүртэл хуралдаан зарлагдахгүй байгааг хуулийн үүднээс асуудал үүсээгүй, харин улс төрийн шалтгаанаар хугацааг сунжруулаад байна уу гэж би харж байна.

-Яагаад улс төрийн шалтгаанаар гацаанд орсон гэж үзэж байгаа юм бэ?

-Би мэргэжлийн хуульч хүн. Бүх зүйлийг өнөөгийн мөрдөгдөж буй хуулийн хүрээнд авч үздэг. Харамсалтай нь одоогийн үүсээд байгаа нөхцөл  байдал ийм дүгнэлтэд хүргэж байна. Үнэндээ тухайн асуудлыг сонирхсон мэргэжлийн  хуульчид Улс төрийн намын тухай хуулийн 15.6 гэсэн заалтын зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн,  2005 оны Цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон 6.3 гэсэн заалтын адилаар хүчингүй болох ёстой гэж надтай санал нэгдэх байх. Учир нь, Улс төрийн намын тухай хуулийг 6.3 гэсэн заалтын гипотез, диспоцез-ийг нь Улс төрийн намын тухай хуулийн  15.6 гэсэн заалтын гипотез диспоцезтэй нь харьцуулаад энэ дүгнэлтийг гаргах болно.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 15.6 гэх заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж ярьсан шүү дээ?  

-Ухамсаргүй хүнээс ухамсар хайж байгаа тохиолдолд тэр хүн өөрөө ухамсаргүй болж бусдад харагддаг гэсэн үг байдаг. Улс төрийн соёлтой хүмүүс хөндлөнгөөс  хараад хэн нь зөв ярьж байгааг дүгнэх байх. Үндсэн хууль зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдож байсан хүн дахин улс төрийн өндөр  албан тушаал хашиж, Үндсэн хуулийн заалтыг өөрийнхөө бодлоор тайлбарлан, хүний жам ёсны эрхтэй  зөрчилдсөн үг, хэллэг хэрэглэж байгааг хүн бүр мэдэж байгаа шүү дээ.  Хууль гэдэг бол нэг хүний санагдах байдалд тулгуурладаггүй юм. Хууль тогтоогчид дураар авирлан зарим нэг заалтыг хуулинд санаатайгаар оруулан батлуулж, санаа зовсон зарим нэг нь сайн дураараа засч янзалсан ч эцсийн эцэст хүний эрх, эрх зүйн шинжлэх ухааныг давсан заалт байж болохгүй.   

-Таны бодлоор МАХН нэрийг бүртгэх асуудал хэдий болтол үргэлжлэх вэ?
 
-Үнэндээ надад мэдэх юм алга. Харин сэтгүүлч  та  бүхэн  хүмүүсээс асуух хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүнээс МАН-ыг бүртгэхдээ 15.6-г хэрэглэж чадсан. Харин МАХН-ыг бүртгэхэд яагаад хэрэглэж болоогүй юм. Цэцийн гишүүн Ж.Болдбаатараас таны 2005 онд хэлж байсан үг түүхэн үнэн мөн үү. Аль үгийг түүхэнд бичиж үлдээх вэ.  Н.Жанцан гишүүнээс нэг асуудлаар Цэцэд хандсан тохиолдолд яагаад нэгтгэн дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэхгүй байгаа юм. МАН гишүүдээс нэрээ сольсон юм уу. Эсвэл нэрээ солих хүсэлгүй байгаа юм уу гэх мэтээр маш олон асуулт тавьж болохоор харагдаж байна л даа. Хэзээ хүртэл үргэлжлэх нь хамаагүй. Магадгүй эрх мэдлээ ашиглан намыг бүртгэхгүй байж ч болно. Гэвч эцсийн шийдвэрийг ард түмэн гаргах учраас тэд хүчтэй нь хүчгүйгээ, шударга бусаар дарж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй болов уу. Цаг хугацаа үнэний хэмжүүр  учир би асуудал хэрхэн үргэлжлэхийг харж байна.

-Ер нь МАХН гэдэг  нэрийг бүртгүүлэх хууль эрх зүйн боломж байна уу. Энэ асуудлыг сүүлдээ хэн ч ойлгохоо болилоо?

-Хүн албан ёсоор нэг л нэртэй байдаг. Гэр бүл найз нөхөд түүнийг янз бүрээр нэрлэн дуудаж болно. Түүнтэй адил хуулийн этгээд ч гэсэн нэг л нэртэй байх зарчимтай. МАН гэсэн нэр хуулийн этгээдийн өнөөгийн албан ёсны оноосон нэр мөн. Энэ нэрийг сонгосон бол нэр солих шийдвэр гаргасан гишүүдийнхээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, уг нэрийг солих хүсэлгүй байсан бусад гишүүд эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж буй үйлдэлд нь олны хүчээр саад хийх шаардлага байхгүй. МАХН гэсэн нэрээр шинэ нам бүртгэгдэхэд МАН-ын  гишүүд нь зугтаан явна гэж хэн батлаад байгаа юм. Харин ч хуучин комнистуудын тулган хүлээлгэсэн нэрээр нам байгуулагдсан гээд МАН-ын гишүүд илүү нягтарч бас болно шүү дээ. Хуулийн өнөөгийн боломжоор одоо бүртгэлтэй 17 намын дунд МАХН гэсэн нэртэй нам байхгүй бол 18 дахь намыг МАХН гэсэн нэрээр бүртгэх боломжтой. Энэ бол хуулийн зарчим.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж