Хошин шогчдыг “хоолгүй” болгох №27

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Хошин шогчдыг “хоолгүй” болгох №27

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён Хан Т.Намнансүрэнгээс эхлээд Г.Бадамдорж, Жалханз хутагт С.Дамдинбазар, Манзушир хутагт Цэрэндорж, Д.Чагдаржав, Д.Бодоо, С.Дамдинбазар, Б.Цэрэндорж, А.Амар, Ц.Жигжиджав, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, П.Жасрай, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд гээд 27 дахь нь Н.Алтанхуяг.

Төрийн томчуудыг элдэв тодотгол дагах нь элбэг. Хичээнгүй, аймхай, хөдөлмөрч, хээгүй, хийгүй, хорчин гээд нэрийнхээ урд ямар нэгэн тодотголтой. Харин 27 дахьд “Задгай цагаан” гэх хоч нь зохисон гэж ванлий. Үгүй, тэгээд яасан ч элдэвтэй, хурдан гавшгай юм. Хамгийн сүүлд хип хопоор хүртэл үглээд авч. Олон нийтийн цахим сүлжээгээр өнөөх нь тарж, найман настай балчираас наян настай өвгөд хүртэл толгой сэгсрээд шогширцгоож байна. Задгай задгай гэхэд арай дэндлээ.

“Хэн ч намайг хаанаас ч харсан би царайлаг, гэхдээ жаахан намхан нураатай л даа” гээд… хошин шогийн хэдийг хоолгүй болгох нь ээ. Юун Бооёо, Аглуу, Амбий. Элэг аваад хаячих шахлаа. Улстөрчид нь урлаг руу хошуурцгааж, хошин шогийнхон нь өөрсдөө “хошин шог” болчихоод байгаа энэ цөвүүн цагт 27 дахийг харж инээх хэцүү, ичих хэцүү юм болов. За арай ч дээ… гэхээс өөр хэлэх үг үнэндээ л олдохгүй юм. 2008 онд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батална гээд чуулганы танхимд үнэгүй “хошин шог” өрнөж байсан нь санаанд үлдэж. УИХ-ын гишүүн ёс зүйн хувьд архи, тамхины бизнестэй байж болохгүй, бөх барилдаж болохгүй, дуу дуулж болохгүй, шүлэг бичиж болохгүй, тэр байтугай морь уяж болохгүй энэ тэр гээд баахан юм ярьж, ярьж эцэстээ бидэнд ер нь хийх юм үлдэхгүй нь гээд хойшлуулсан удаатай. Дахиж УИХ-ын гишүүдийн ёс зүйн талаар хэн ч ам ангайгаагүй юмдаг. Тухайн үед ёс зүйн дүрмээ баталчихсан бол энэ төрийн түшээдийн “марзганал” ингэтлээ газар аваа ч уу, үгүй ч үү. Хүний өмнөөс ичнэ гэдэг ч ёстой лүд юмаа…

УИХ 80 гишүүнтэй болсон талаар сошиал ертөнц шуугиж байна. Юу болов яав ийв гэтэл 27 дахийг огцруулна гэж 40, огцруулахгүй гэж 40 гишүүн гарын үсэг зурсан юм байх. За энэ ч яахав. Будлианы эзэд удахгүй тодорно биз. Харин ноён 27 дахь Та огцорсон ч эс огцорсон ч задгай явдлаа цэглээч ээ. Хамрын доорхи хагархай гэсэн шиг хаа явсан газраа бодож санах юмгүй “бурж” явсаар түмэнд нэрээ, төрд нүүрээ барж гүйцэх нь.

27 дахийн өмнөөс А.Шархүү нь ичиж үхэх шахав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж