Уурхайн амнаас зуухны ам хүртэлх нүүрсний үнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Уурхайн амнаас зуухны ам хүртэлх нүүрсний үнэ

Налайхын нүүрс, түүнийг борлуулагчид нийслэлийн маань гэр хорооллын иргэдийг дулаан өвөлжихөд ихээхэн тусалдаг. Харин үнэ ханшны байдлаас болоод тэднийг сайн муугаар нь дуудах нь элбэг. Тиймээс бид Налайхын нүүрс аман дээрээ хичнээн төгрөгөөр борлуулагддаг, хотод орж ирэхээрээ хэд болж зарагддаг вэ гэдгийг энэ удаагийн сурвалжлагаараа тодрууллаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөр зогссоноор энэ жил нүүрсний үнэ нэмэгдсэн гэж олон хүн үзэж байгаа. Энэ нь ч үнэний ортой.

Налайхын уурхайг зорин очиход дүүрэн тоос шороон дундаас ялгагдахаа бараг больсон олон гэр, тэдний хажууд байх овоолсон шороонууд угтдаг. Мэдээж энэ бүгд нүүрсний ам гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон биз. Биднийг очиход нүүрсээ олборлодгоороо олборлож, нүүрс ачихаар портер машин дугаарладагаараа дугаарлаж байсан юм. Харин энэ жилийн хувьд нэг ковш нь 50 мянга буюу өндөрлөгөөтэй /тэвшин дээрээ хоёр банз нэмж тогтоосон/ портер нүүрс 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Ам бүрээс нүүрс гараад байдаггүй ч гарч байгаа амуудад дугаарлах машинууд тасрахгүй. Том жижгээсээ хамаараад ам бүр өдөрт өөр тооны машин нүүрс борлуулдаг ч дунджаар 4-5 машиныг зардаг байна.

Энд амьдралын давхарга, баян ядуугийн ялгааг жинхэнэ ёсоор нь харж болох газар аж. Учир нь, мөнгөтэй нэг нь жип машинаа сойчихоод сүүлийн үеийн техник хэрэгслээр нүүрс олборлохыг харж зогсох бол зарим нэг нь том төмөр сав мөрлөн чирсээр нүх рүүгээ орно. Тэдний хаясан шороон дундаас нүүрс бүрийг ширхэглэн түүж шуудайлах бүлэг хүн ч энд байна. Тэд өөрсдөө ингэж нүүрс шуудайлахаа “болжморлоно” гэж нэрлэдэг юм билээ. Харин ингэж болжморлохын тулд нилээд эр зориг, авхаалж самбаа шаардах аж. Мэдээж хүн л юм болсон хойно бэлэнчлэхийг бодно. Нөгөө нэг нь хүнд юмаа зүгээр өгөхийг хүсэхгүй. Ингээд л маргаан дэгдэх аж. Энэ мэтээр түүж шуудайлсан нүүрсээ тэд портерийн жолооч нарт шуудайг нь 4000 төгрөгөөр зарчихна. Энэ нь бас л яггүй үнэ.

Налайхаас нүүрс тээвэрлэж зардаг иргэд замдаа 2-3 удаа 20-30 мянган төгрөгөөр торгуулдаг. Тийм болохоор хотод нүүрсээ зарахдаа тэр бүхнээ шингээдэг гэж ярьдаг ч энэ нь худлаа бололтой. Учир нь, Налайх дүүргийн Замын цагдаагийн пост дээр ажиллаж байсан ахлах ахлагч а.Баасанхүүгийн хэлж байгаагаар тэднийг машинаа зориулалтын бусаар тоноглосон /хоёр банз нэмж өндөрлөснийг хэлж байна/, даац хэтрүүлсэн гэсэн шалтгаанаар нэг удаа 5-10 мянган төгрөгөөр л торгодог байна. Мөн Баянзүрхийн товчоон дээр давхар торгодог нь худлаа аж. Жолооч нар ингэж даац хэтрүүлэхийн хор уршгийг мэддэг ч хэдэн төгрөгийн илүүг хараад цагдаагийн хэлсэн 5-10 мянгыг нь өгөөд л даац хэтрүүлэн ачсаар…

Ийнхүү Налайхын уурхайн амнаас машины түлштэйгээ нийлээд 230 орчим мянган төгрөгөөр ачигдаж ирсэн нүүрс хотын төвд ороод ирэхээрээ үнэ нь нэмэгдэж, хэмжээ нь багасч байна. Цайз захын орчимд нүүрс борлуулдаг иргэдээс очиж үнэ асуухад тэвштэй нь чацуулж ачсан бол 180 мянга, бага зэрэг овоолж ачвал 220 мянга, өндөрлөгөөтэй бол 300 мянган төгрөгийн үнэтэй гэж байна. Харин нөгөө анх ачихдаа өндөрлөсөн хоёр банзны нэг нь худалдаалах үеэр хаашаа ч юм алга болчихож. Тэгэхээр анх ачиж гарсанаасаа хэмжээний хувьд багассан гэсэн үг.

Ийнхүү Налайхын нүүрсний уурхайн амнаас анх 200 мянган төгрөгөөр худалдаалагдсан нүүрс жирийн айлын зууханд орохдоо үнэ нь нэмэгдэж, хэмжээ нь тодорхой хэмжээгээр багассан байна.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж