УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт тантай холбоотой нэгэн шуугиан дэгдсэн. УИХ-аар Мөнгөний бодлого хэлэлцэж байхад таны асуусан асуултыг бүрэн оруулалгүй, хэсэгчилж аваад телевизээр цацаж, твиттерээр жиргэсэнд эсэргүүцэж байгаагаа та илэрхийлсэн. Ер нь манай улсад эдийн засгийн хямрал үнэхээр нүүрлээд байна уу. УИХ-ын гишүүний хувьд та эдийн засгийн өнөөгийн байдлыг ямар өнцгөөс харж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт “Л.Эрдэнэчимэг гишүүн эдийн засгийн хямралыг одоо болтол ойлгоогүй явж байна” гэсэн шуугиан дэгдсэн. УИХ-ын чуулганаар Мөнгөний бодлого хэлэлцэж байх үед би Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асуусан. Асуултаа асуухдаа тодорхой баримтыг дэлгэж тавьсан юм.
-Ямар баримт билээ?
-Жишээлбэл, 2009 онд эдийн засаг хямарч байх үед аж ахуйн нэгж байгууллагууд хоёр гурван жилийн турш олсон ашиг орлогоо 2-3-хан сарын дотор алдсан. Иргэдийн олон сар, жилийн турш хураасан хадгаламж нь валютын ханшийн зөрүүнээс болж хоромхон зуурт үнэгүйдэж байсан. Гэвч тухайн үед хямралаасаа богино хугацаанд гарч чадсан. Тэгвэл одоо Монгол Улсад эдийн засаг хямарсан, хямраагүй гэдэгт эдийн засаг, улс төрийн хүрээнийхэн талцаад эхэлсэн. Тиймээс эдийн засгийн хямрал байгаа эсэхийг Монголбанкны ерөнхийлөгчийн хувиар юү гэж үзэж байна вэ гэдгийг асуусан юм. Хэрвээ эдийн засаг хямралтай гэж үзэж байгаа бол 2009 оны хямралтай харьцуулахад тоон дүнгээр ямар байна вэ гэдгийг тодотгохыг хичээсэн. Ийн тодорхой тайлбар авснаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд энэ удаагийн хямрал 2009 оныхоос гүнзгий эсэх талаарх мессэжийг өгөхийг хүссэн. Эгэл жирийн иргэд, айл өрх, албан байгууллагын аль алинд нь энэ мэдээлэл чухал. Үнэхээр хямрал гүнзгийрэх нь тодорхой бол бүх нэгж хямралын менежмент боловсруулж түүнийхээ дагуу ажиллаж эхлэх ёстой. Үүнийг л хүмүүст хүргэх гэж хичээсэн ч харамсалтай нь миний асуултаас хоёрхон өгүүлбэрийг тасалж цацсан төдийгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд буруу ойлголт төрөхүйц шуугиан дэгдээсэн.
Надад итгэж УИХ-ын төлөөллөө болгон сонгосон иргэдтэйгээ байнга уулзаж, хүмүүсийн ахуй амьдралын талаар маш сайн ойлголттой байдаг. Өнгөрсөн зургадугаар сард 20 гаруй удаа, есдүгээр сард 30 гаруй удаа иргэдтэйгээ уулзсан. Бидний уулзалт албан тасалгаанд албархуу өнгө аясаар болдоггүй. Сонингинохайрхан дүүргийн хашаа, гудамжинд болдгоороо онцлог. Дүүргийнхээ иргэдтэй уулзаж явахад иргэд хоёр гурван асуудлаас болж бухимдаж байгаагаа илэрхийлдэг. Нэгдүгээрт, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт. Үүнийг би өөрөө гэрийн эзэгтэйн хувиар ч мэдэрч байгаа. Хоёрдугаарт, валютын ханш, инфляциас шалтгаалсан үнийн өсөлттэй зэрэгцэн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүйгээс болоод урьд нь бүтэн талх авч байсан мөнгө тал талхны үнэтэй дүйж байгааг иргэд хэлж байна. Ялангуяа ахмад настнуудын зүгээс тэтгэвэр нэмэгдүүлэхгүй бол олон арваараа ядууралд өртөж эхэлснийг хэлж байгаа. Энэ хоёр асуудлыг яаралтай шийдэж өгөхийг Ерөнхий сайдад уламжлахыг иргэд хүссэн. Н.Алтанхуяг сайд өмнө нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээн УИХ-д сонгогдож байсны хувьд бидний хүсэлтийг заавал уламжлаарай гэдэг. Энэ бүгдээс дүгнэхэд ард иргэдийн амьдрал хурдтайгаар доошилж байна. Манай улсын эдийн засагт хямрал бодитойгоор нүүрлэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин энэхүү хямралыг хэдий хугацаанд, хэрхэн давах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
-2009 оны эдийн засгийн хямралыг харьцангуй хурдан хугацаанд давж байсан санагдана. Ингэх боломж бий болов уу?
-Олон хүн санаж байгаа байх. 2009 онд 6-10 сарын дотор давж гарсан. 2000 төгрөгт хүрч байсан ам.долларын ханшийг хагас жилийн дотор 1200-1300 төгрөг хүртэл нь буулгаж чадсан. Түүн шигээ ам.долларын ханшийг буулгах боломжтой эсэх, хямралыг хурдан хугацаанд туулах боломж байгаа эсэхийг л Монголбанкны ерөнхийлөгчөөс тодруулан асуусан юм.
-Монголбанкны ерөнхийлөгч ямар хариу өгсөн бэ?
-Хямралын талаар бол маш тодорхой хариу өгсөн. Монгол Улсын эдийн засаг өдгөө 2009 оны эдийн засгаас даруй зургаа дахин томорсон. Тухайн үед эдийн засагт 250 сая ам.доллар дутагдаж байсан бол энэ удаа 10 дахин илүү үнийн дүнтэй байгаа. Тэгэхээр тэр үеийн хямралаас багаар бодоход гурав дахин гүнзгий хямрал нүүрлээд байгаа гэдгийг Н.Золжаргал ерөнхийлөгч хэлсэн. Харин хямралаас гарах арга замын тухайд тоймтой хариу өгөөгүй. Тиймээс Засгийн газар болон УИХ ч хямралыг хэрхэн давах талаар тодорхой шийдэлд хүрээгүй, гарцаа товлоогүй нь харагдаж байгаа.
-Таны бодлоор хямралыг хэрхэн туулах ёстой вэ. Төр засгийн зүгээс нэн түрүүн юү хийж хэрэгжүүлэх ёстой гэж харж байна вэ?
-Хувь хүн болоод аж ахуйн нэгжүүдийн хувьд 2009 оны хямралыг даван туулсан туршлага бий. Түүндээ тулгуурлаад хямралын менежмент боловсруулчихсан байгаа гэж бодож байна. 2009 оны хямралын үеэр би өөрийн компаниа удирдаж байсан. Ганц манай компани гэхэд нэг сарын дотор таван тэрбумын алдагдал хүлээж байсан. Ийм тохиолдолд хамгийн түрүүн хямралыг хэрхэн туулах тухай бодож, зардлаа бууруулахаас эхлээд олон арга сүвэгчилдэг. Гэтэл одоо эдийн засгийн бодит байдлыг олон нийтэд зарлахаас түдгэлзээд, эдийн засаг хямраагүй гээд байхаар хүмүүс тайвширдаг тал бий. Тиймээс хямрал нүүрлэснийг, хэдий хэр хугацаанд үргэлжлэх магадлалтайг ард иргэддээ зарлах ёстой гэж бодож байна. Ингэж гэмээнэ олон хүмүүс хямралын менежмэнтээ боловсруулах болно.
Энэ хямрал ганц Шинэчлэлийн Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон хэрэг бас биш. Дэлхийн олон оронд хямрал нүүрлээд байна. Хоёр хөрш маань ч хямралд өртсөн. БНХАУ эдийн засгийн өсөлтөө долоон хувиас илүү гаргаж чадахгүй нь гэдгээ зарлалаа. ОХУ-д Украинтай холбоотойгоор маш том хямрал нүүрлээд байгаа. Европын орнууд, АНУ-д ч эдийн засаг сайнгүй байна. Дэлхийн хямрал Монголд нөлөөлж байна. Тиймээс хямралыг харьцангуй бага хохиролтойгоор даван туулах арга замаа эртнээс бодож олох ёстой.
Ингэхийн тулд төр засгийн зүгээс хийх эхний алхам бол уул уурхайн салбараа идэвхжүүлэх юм. Нэгэнт бид Эрдэнэтээс төсвөө бүрдүүлдэг, Оюутолгойгоос хөрөнгө мөнгө татдаг нь үнэн болохоор энэ салбараа гацаанаас гаргах хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалт хоёр жилийн турш саатлаа. Энэ бол үнэхээр ойлгомжгүй асуудал. Засгийн газрыг огцруулах гээд байгаа нэг том шалтгаан ч энэ байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Оюутолгойн гэрээг өөрчлөх замаар ч бол гацаанаас гарах л ёстой юм. Оюутолгой алдагдалтай ажиллана гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр ухралт, бууж өгөх алхам хийж байгаад ч бол Оюутолгойг гацаанаас гаргах ёстой. Түүнээс биш шинээр гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татна гэдэг ойрын зорилт биш. Яагаад гэхээр дэлхий нийтээрээ хямралтай байгаа тохиолдолд манай эрдэс баялгийг авдаг үйлдвэрлэл эрхлэгчид ч бас хямралд өртчихөөд байгаа шүү дээ.
-Эдийн засаг хямраад ирэхээр үндэсний үйлдвэрлэгчдэд татварын болоод бусад төрлийн дарамт шахалт учруулдаг гэсэн гомдол цөөнгүй сонсогддог. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Дотоодын үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих гарц бол Чингис бонд. Чингис бондоор багагүй мөнгө төсөвлөсөн хэдий ч тэр мөнгийг авсан аж ахуйн нэгж цөөн байна. Тэр мөнгийг экспортод бараа бүтээгдэхүүн гаргах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдэд олгохоор заасан. Гэсэн ч үйлдвэрлэлээ өргөжүүлэх бэлэн төсөлтэй аж ахуйн нэгжүүд ч санхүүгийн дэмжлэг авч чадаагүй байна. Олон жилийн турш үйлдвэрлэл эрхэлсэн ч санхүүгийн боломжгүйгээс өргөтгөж чадаагүй, хэрвээ Чингис бондын мөнгөнөөс олгочихвол үйлдвэрлэл нь сэргэчихээр олон компани байгаа. Гэтэл арилжааны банкууд маш өндөр барьцаа шаардаж байна. Энэ гацааг гаргаж өгөхгүй бол Чингис бондын зорилт биелэхгүй. Аж ахуйн нэгжүүд яагаад төслөө барьцаалж болохгүй гэж, Засаг төр энэ тал дээр тусалж яагаад болохгүй гэж. 888 төслөөс 300 төслийн хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд л эдийн засаг сэргээд ирнэ шүү дээ.
Яг үнэнийг хэлэхэд манай засаг төрийн аппарат дэндүү нүсэр санагддаг. Хэрвээ компанийн ажил төр засгийн жишгээр явдаг бол тэр компани аль хэдийнэ дампуурсан.
-Таны энэ үгнээс хүмүүс Л.Эрдэнэчимэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах байр суурьтай байгаа юм байна гэсэн дүгнэлт хийх болов уу?
-Би бол МоАХ фракцын гишүүн. Гэсэн хэдий ч бүтэн хоёр жилийн хугацаанд энэ засгийн тогтвортой байдлын төлөө өөрийн фракцын эсрэг саналыг өгсөөр ирсэн. Энэ тухайгаа ч Ерөнхий сайдад хэлсэн. Эмэгтэй хүний хувьд аль болох тогтвортой, тайван байдлыг хүсч байдаг. Энэ утгаараа энэ засаг битгий огцроосой гэж боддог. Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах тал дээр илүү олон хүн санал нийлсэн байж болох ч дахин өөр Ерөнхий сайд томилогдоод илүү сайн ажиллана гэсэн баталгаа алга байна шүү дээ.
Гэхдээ Ерөнхий сайдын хувьд алдаа гаргаж буй зүйл бас бий. МАХН-тай гэрээ байгуулах үед би үнэхээр гайхсан. Яагаад энэ намаас сонгогдсон 35 гишүүнтэй зөвлөлдөхгүйгээр ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг асуухаас аргагүйд хүрсэн. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд хотын мээр Э.Бат-Үүл даргын хөндөн тавьсан мэдэгдлийг дэмжсэн. Гэхдээ би хэзээ ч сөрөг хүчин болсон МАН-тай нийлж, засаг унагах тоглолт хийхгүй. Гагцхүү Ерөнхий сайд намын даргын хувиар гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. “Ийм алдаа гаргасан нь миний буруу. Та нар намайг уучлаач ээ” гэдэг үгийг хэлэх хэрэгтэй.
-Төрийн гурван өндөрлөгийн уулзалтаар УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд хоёр албан тушаалаа солилцох тохиролцоонд хүрсэн. Тэгэхээр Н.Алтанхуяг УИХ-ын дарга болж, З.Энхболд Ерөнхий сайд болох нь гэсэн таамаглал хэвлэлээр бичигдсэн. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Надад энэ талын мэдээлэл алга. З.Энхболд даргыг дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүн гэсэн яриа фракцуудын дунд бий.
-Тантай уулзаад асуулгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Гадуур эмийн сангуудад фенобарбитал эм огт зарахгүй болжээ. Гэтэл люминал буюу фенобарбитал эмийг уух шаардлагатай олон зуун хүн бий. Монос компанийн эмийн санчийн буруугаас 16 нярай хордож, үүнээс үүдэн олон зуун хүний эрх ашиг хөндөгдөж байгаад та юү хэлэх вэ?
-Уг нь би энэ асуудалд огт оролцохгүй байгаа. Гэхдээ та нэгэнт асуусан болохоор хариулъя. Манайхан аливаа асуудалд хэт нэг талыг барьж, хавтгайруулдаг нь тэр явдлаас харагдсан л даа. Эм зүйч ёс зүйн алдаа гаргаж, 16 нярай хүүхэд хордсон нь үнэхээр харамсалтай хэрэг. Гэтэл тэр эмийг уух шаардлагатай олон мянган хүүхэд цаана нь хүлээж байна. Тархины даралтттай хүүхдүүд эд энэ эмийг уулгадаг. Монголд энэ эмийг хэрэглээд 40 жил болж байгаа. Люминал уугаагүйгээс тархины даралттай хүүхдүүд яаж шаналдгийг эцэг эхчүүд сайн мэддэг. Харамсалтай нь люминалыг одоо худалдаалахгүй байгаа.
Ер нь Монгол Улсын эмийн бодлогын талаарх асуудал хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг утгаар наймайг оролцуулдаггүй. Гэвч энэ салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд хэлэх зүйл багагүй байдаг.
Д.ЦЭЭПИЛМАА