Энэ талаар бодох цаг яг одоо болсон гэж бодож байна. Монголын төр малчид, тариаланчдыг олон жилийн турш элдэв янзын халамж, урамшууллаар байнга угжсаар ирсэн. Парламентныхны олонх нь орон нутгаас сонгогдсон болоод ч тэр үү малчин, тариаланч хоёр шиг даам гарсан хүмүүс үнэндээ алга.
Газар, тариалан мал аж ахуй нь манай эдийн засгийн уламжлалт салбар. Гэхдээ өнөөдрийн байдлаар ДНБ-ийн дөнгөж 15 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Эндээс харвал хөдөө аж ахуйн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага хэдий ч төрийн зүгээс энэ салбарт хийх хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ.
Хусмаа чамласан хүүхэд аятай энэ намаржингаа тариаланчид хэл ам татлав. Тарьсан буудайг нь хямдхан үнээр авах нь хэмээн тариалангийнхаа талбай дээр хүртэл эсэргүүцэл зарлан улстөр хийхээ мартаагүй юм. Уг нь буудайн үнэ өсөх нь гурилын үнэ өснө, гурилын үнэ өсөхөөр талхны үнэ өснө гэдэг нь хэнд ч ойлгогдохоор зүйл. Гурил үйлдвэрлэгчид мэдээж, тариаланчидтай адилхан л бизнес хийж байгаа болохоор хямдхан, чанартай буудайгаар гурил үйлдвэрлэхийг илүүд үзэх нь тодорхой. Харин талх үйлдвэрлэгч гурилаа хямдхан худалдаж авна л гэх биз. Эцэст нь иргэд гурилын болоод талхны үнэ битгий өсөөсэй гэж боддог нь худлаа биш . Гэтэл түүхий эдийнх нь үнэ өсөхөөр бусад нь дагаж өсөх нь гарцаагүй шүү дээ.
Бизнес талаасаа бол дотоодын буудайн үнэ өндөр болохоор гаднаас улаан буудай авах нь зөв. Хэн ч гэсэн хэд гурван төгрөгийн ахиу ашиг харах нь тодорхой. Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж байна гээд чанар муутай, өндөр үнэтэй шахааны барааг аваад байх уу, аль эсвэл импортын барааг сонгох уу. Манай үндэсний үйлдвэрлэгчдэд нэг том дутагдал байдаг. Тэр нь нэгдүгээрт чанар муу, хоёрдугаарт үнэ өндөр.
Салбарын яамнаас авсан мэдээллээр бол 110 гаруй иргэн аж ахуйн нэгж буудай тариалжээ. Тэдний ихэнх нь гурилын үйлдвэрт буудайгаа зараад дууссан, одоо урамшууллаа авахаар хүлээж буй юм байх.
Аавдаа тунирхаж байгаа айлын эрх охин шиг аашилсан тариаланчид өнөөдөр хүссэндээ хүрсэн нь энэ юм. Тэдний тарьсан улаан буудайг 550 мянган төгрөгөөр гурил үйлдвэрлэгчид худалдан авч байна. Дээр нь урамшуулалын мөнгө гэж тонн тутамдаа 100 мянган төгрөг халаасална. Энэ жилийн хувьд төрөөс тариаланчдад цөөнгүй хөнгөлөлт үзүүлжээ. Хавар үрийг нь 20 хувийн урьдчилгаагаар өгсөн гэдгийг албаны хүн өгүүлэв. Мөн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай олгосон юм байх. Энэ мэтээр төр харж үзсээр байтал тариаланчид улам л гомдол тавьсаар. Уг нь ийм гоё бизнес Монголд хаана байна. Гэтэл өнөөдөр агуулах алга гэж асуудал үүсгэж буй тариаланчид нэг л зүйлийг ойлгохгүй байгаа нь хамгийн тэнэг хэрэг. Бизнес эрхэлж байгаа юм бол агуулах саваа бэлтгээд, худалдан авагчидтайгаа тохиролцон, бусдаасаа хямдхан, чанартай буудайгаар үйлчлүүлэгчээ татах нь тариаланчдын асуудал өөрсдийн биз дээ. Алийн болгон унжаад байхаар унаад өгөөсэй гээд суугаад байх вэ. Ингэвэл бизнес нь яаж өөдлөх билээ.
Монгол Улс өнөөдөр 60 сая толгой малтай, гурав хүрэхгүй хүн амтай. Хүмүүсийнхээ амьжиргааны төвшин, тоотой харьцуулахад дэлхийд байхгүй өндөр үнэтэй махыг зооглож байгаа ард түмэн. Малчдын амьдрал ахуйг тэтгэх үүднээс төрөөс малын ноос, ноолуур, арьс ширэнп тодорхой хэмжээний урамшуулал олгох болсоор удаж байна. Малчид бол ядуу, нийгмийн халамж үзүүлэх хэсэг гэсэн ойлголт манай улстөрчдөд байдаг. Тийм ч учраас малчид нь төр бүхнийг даах ёстой хэмээн тунирхаж суудаг нь гэм биш л дээ.
Өдөр хоногийнхоо хоолыг яая даа гэсэн малчин өнөөдөр тун цөөхөн. Гаднаа жип сойчихсон, хотод байртай, аймгийнхаа төвд байшинтай, туслах малчнаараа малаа маллуулчихаад өөрсдөө нийслэл, аймгийнхаа төвд өвөлжчихдөг малчин олон болсон байна лээ. Мянгаар тогтохгүй хоньтой, хэдэн азарга адуутай хэрнээ эрүүл мэндийнхээ даатгалыг төлчихөж чаддаггүй нь ихэнх нь дээ. Малчдын хувьд төрд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Харин ч төр малыг нь үнэ төлбөргүй вакцинжуулах ёстой гэж боддог. Малын өвчин гарлаа гэхэд төрөөс 90 хувийг нь буцаагаад олгочихдог болохоор малаа вакцинжуулъя гэсэн асуудал ойн тойнд нь ордог ч үгүй юм шигээ. Бараг л хүний өмнөөс төрчихсөн юм шиг амьдардаг хүмүүс Монголд байна аа, байна.
Монгол орны бэлчээр, усыг ашиглаж байгаагийн хувьд өнөөдөр малчин бүр малын хөлийн татварыг төлөх ёстой. Хэрэв зах зээлийн зарчим, иргэний үүрэг хариуцлага энэ тэр гээд яривал шүү дээ. Даанч ийм "эр зориг" гаргах гишүүд байх нь юу л бол. Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээр, ус сүйдэж, цөлжилт нүүрлэж буй үгүйсгэх аргагүй үнэн. Монгол Улс сүүлийн 20 жилийн турш малын чанар гэхээсээ тоо толгой хөөцөлдөж амьдарсаныгаа өөрчилж малчид, тариаланчдыг зах зээлийн зарчмаар нь хөгжүүлмээр байна. Хар л даа, сүүлийн жилүүдэд мал яаж өсөв, махны үнэ нь яаж нэмэгдэв. Малын тоо толгойг дагаад элдвийн гоц халдварт өвчин жил бүр гарч байна.
Уг нь адилхан бизнес эрхэлж байгаа гэдэг утгаараа талхчин, тариачин, малчин, “махчин”-аас төр татвараа адилхан авах ёстой. Тиймээс малын хөлийн татварыг сэргээх нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед оновчтой шийдвэр ч байж болох юм. Хар ухаанаар бодоход 60 сая малаас 1000 төгрөгийн татвар авахад л тавь, жаран тэрбум төгрөгийг босгох боломж бий. Харин энэ мөнгөө эргүүлээд малчиддаа халамж, урамшуулал хэлбэрээр өгч яагаад болохгүй гэж.
Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа малчин, тариаланчаа төр харж үзэх нь зүйн хэрэг ч татвар төлөгчдийн мөнгөөр тариаланчид, малчдыг эрхлүүлэх нь иргэдээ алаг үзсэнтэй ялгаа юун. Эцэст нь хэлэхэд эрхэлж гүйцсэн малчид, тариаланчдынхаа аманд нь хоолыг нь халбагадаж өгөх л дутаад байх шиг. Мал маллах, тариа тарих нь үнэндээ та нарын хоолоо олж идэж байгаа ажил чинь шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН