Надад дуулаагүй ганц, хоёр л дүр үлдсэн

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Надад дуулаагүй ганц, хоёр л дүр үлдсэн

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн дөрөвдүгээр сард дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг Монголд анх удаа амилуулсан юм. “Аида” дуурийн Египетийн хааны охин Амнерис гүнжийн дүрд тоглосон УДБЭТ-ын гоцлол дуучин Р.Доржхоролтой ярилцлаа.

-Таны ажил театрын хаалгаар орж ирээд л шууд эхлэх юм аа?
-Тэгнэ шүү. Өглөө 10.00 цагт ажилдаа ирээд л дасгал сургуулилтаа хийж эхэлдэг. Ихэнхдээ ямар дүр бүтээж байгаагаас шалтгаалаад бэлтгэл сургуулилтаа хийнэ.

-Та дуурийн театрт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Анх 1995 онд найрал дуучнаар театрт ирж байлаа. Найрал дуучнаар арван жил ажилласан. Гоцлол дуучин болоод зургаан жил, нийт 16 жилийг үдэж байна.

-Театрт саяхан “Аида” дуурийг тавьсан, харин та Амнерист дууллаа. Амнерис үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан?

-“Аида” гэдэг дуурь бол дэлхийн сонгодог урлагийн томоохон бүтээлүүдийн нэг. Хэлбэрээрээ маш том бүтээл юм. Энэ дуурийг Монголын тайзнаа тоглож, гол дүрүүдийн нэг Амнерис гүнжийн дүрд тоглоно гэдэг маш том аз завшаан. Тиймээс би хувьдаа баяртай байгаа.

-“Аида” дуурийг дуучдын мөрөөдөл гэдэг, бас хамгийн шилдэг дуурь гэдэг. Чухам юу нь тийм агуу, гайхамшигтай юм бэ?

-Хамгийн гайхалтай нь маш олон хүнийг хамардаг. Найрал дууны хэсэг, оркестр гээд л. Зүгээр дуулахгүй олны хэсэгт, тэр олзноос авчирсан, дайны олз бэлэг гээд олныг хамарсан гэдэг утгаараа маш том. Хоёрдугаарт, дуулах ур чадварын хувьд дүр болгон нь дуучнаас маш их ур чадвар, хүч шаарддаг. Зөвхөн меццо сопрано хоолой гэхэд дээшээ гурван до дуулна, тэгснээ доошоо ля соль дуулах жишээтэй. Тэр хооронд меццо сопрано хоолойн ур чадвар, техник, хүч гээд бүхнийг шаардсан байдаг. Гэхдээ энэ Амнерис гүнж гурван гол дүрийнх нь нэг мөртлөө нэг ч ари дуулдаггүй. Харин хэлхээс нь болдог. Тиймээс маш өндөр чадвар шаардана.

-Та Амнерист хэдэн жил бэлтгэсэн бэ?
-Асар богино хугацаанд бэлтгэсэн. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард “Аида” дуурийг тавих гэж байгаа, дуучид шалгаж авна гэсэн тушаал гарсан. Гэтэл би тэр үед дөрвөн сартай жирэмсэн байсан. Тэгээд өнгөрсөн жил ямар ч бэлтгэл хийгээгүй. Харин намар амаржсаныхаа дараа хүүхдээ дөрвөн сартай байхад нь ажилдаа ороод, шууд л арваннэгдүгээр сард “Аида”-гийн бэлтгэлдээ орсон доо.

-Арванхоёрдугаар сард нь “Аида”-г концертын хэлбэрээр тоглоход нь дуулсан?
-Тийм ээ. Арваннэгдүгээр сард бэлтгэлдээ ороод сарын дараа концертын хэлбэрээр тоглоход нь дуулсан. Бяцхан хүүхэдтэйгээ хамт өлгийдөж авсан дүр дээ. Энэ дүрийг бүтээж чадсандаа сэтгэл хангалуун байгаа

-Тайз засалт, хувцас гээд л их хөдөлмөр шаардсан нь харагдаж байсан?
-Тийм ээ, “Аида” бол бүх хүнээс хамаг хүч чадлыг нь шаарддаг дуурь юм. Ерөнхий зураач, хувцас дизайнер, дуучид, тайз засалчид гээд л бүгдээс маш их хүч шаарддаг учир дэлхийн шилдэг нь байдаг биз.

-Ингэхэд та гуравдугаар сард хүүхдэд зориулсан Ж.Бизэгийн “Кармен” дуурийн гал цогтой Карменд тоглож байсан. Кармен бол Амнерисаас тэс өөр дүр. Гэхдээ та дүрдээ бүрэн хувирч чаддаг юм шиг санагддаг?
-“Кармен” бол бас л дэлхийн шилдэг бүтээлүүдийн нэг. Анх энэ дуурийг тоглоход хүмүүст таалагдахгүй, хааж байсан. Харин зохиолч нь нас барсны дараахан дэлхийн алдартай дуурийн нэг болсон. Одоо бол дэлхийн сонгодог театруудын заавал тоглох шилдэг дуурийн нэг шүү дээ. Францын удирдаач Роберто Рессик Монголд ирж, “Кармен” дуурийг хүүхдэд зориулсан хураангуй болгож, найруулж өгсөн. Анх 2009 оны арваннэгдүгээр сарын 22-нд “Кармен” дуурийг хаалттай тоглож байлаа. Бас л богино хугацаанд бэлтгэсэн. Кармены дүрийг Мөнхшүр эгч бүжиглэх талаас нь илүү цоглог хийморьтой, Долгор эгч гэхэд өөр талаас, Баадайжав, Ерөө, Долгормаа эгч бүгд л өөр өөрийн онцлог байдлаар, амилуулж байсан. Харин миний хувьд хөгжмийн, дуулах талаас нь илүү анхаарч дүрээ гаргасан. Хүүхдийн “Кармен”-ыг хоёр дахь удаагаа өнгөрсөн гуравдугаар сард тайзнаа тавьсан. Би хоёр удаа Карменд дууллаа. Жүжигчин, дуучин хүн цаг үргэлж сурч байдаг учир ирэх жил том “Кармен”-даа дуулах бодолтой байна.

-Та мөрөөдлийнхөө дүрийг бүтээж амжсан уу?
-Хүний мөрөөдөл гэдэг хязгааргүй. Миний бодлоор уран бүтээлч хүн ханаж цадна гэж байдаггүй юм шиг. Мөрөөдөлтэй зэрэгцэж цаг хугацаа урагшилж байдаг. Анх театрт орж ирэхдээ “Аида” дуурийн Амнерист дуулна даа гэж бодож байгаагүй. Тэгж яваад солист болсон. Манай багш хэлж байсан юм. “Гоцлол дуучин хүнд хаанаас нь хэн ч харсан хүлээн зөвшөөрдөг гурван гол дүр байдаг. Энэ гурван дүрийг бүтээж байж, тухайн дуучин театрын гоцлол дуучин гэж хүлээн зөвшөөрөгддөг” гэж. Тиймээс ганц гол дүрд тоглоод өөрийгөө гоцлол дуучин боллоо гэж бодож болохгүй. Харин энэ дүрээ яаж гаргах вэ, үзэгчдэд хэрхэн ойлгуулах вэ гээд л байнга сурч, бодож байдаг. Театрын дуудлага гарч Карменд дуулах тушаал гарсан бол энэ дүрээ байнга бодож, судалж байдаг. Цаг үргэлж, Кармены дүрээ бодож, энийг ингэж дуулна, тэр үед ингэж хөдөлнө, ингэж жүжиглэнэ гээд бодолд үргэлж байдаг юм. Заримдаа гудамжинд ганцаараа дуулчихсан явж байх жишээтэй. Хамгийн инээдтэй нь, энэ олон жил би Улаанбаатар хотод амьдрахдаа нэг ч удаа гудамжинд таньдаг хүнтэйгээ таарч үзээгүй. Тэгж анзаарах сөхөөгүй явж байдаг шиг байгаа юм. Бүр нөхрөө танихгүй хажуугаар нь өнгөрч байлаа. Дүрээ бодохгүй цаг мөч гэж байдаггүй юм.

-Тэгвэл та үргэлж дотроо нэг хүнтэй хамт амьдардаг юм байна?
-Тийм шүү. Доржхорлоо би, миний дотор нэг дүрийн хүн гээд үргэлж нэг хүнтэй хамт байдаг. Яавал энэ дүр хүнд хүрэх вэ гээд л олон зүйлийн талаар бодно. Жижиг дүр том дүрээсээ илүү хэцүү байдаг. Учир нь нэг удаа гараад л дахиж гарахгүй. Тиймээс алдаа гаргавал засах боломжгүй байдаг.

-Та гоцлол дуучин болоод хэд дэх дүрээ бүтээж байгаа вэ?
-Дүрээр гэвэл том жижиг гэлтгүй хорь гараад явчихсан байх аа. Тоглосон дүр гэхээсээ илүүтэй, тоглоогүй дүрээ яривал цөөхөн тооны дүр үлдээд байна. Одоо том “Кармен” дуурийнхаа Карменд дуулахаар төлөвлөж байгаа.

-Тэгвэл таны дуулаагүй ямар, ямар дүр үлдээд байгаа вэ?
-“Чингис хаан” дуурийн Өүлэн эхийн дүр, “Кармен” дуурийн Мерседесийн дүр, “Севилийн үсчин” дуурийн Розинагийн дүр үлдсэн байна.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж