
Ноён Педро Гомес Перейра НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн урилгаар өнгөрсөн өдрүүдэд Монголд ажиллалаа. Тэрбээр энэ удаад Монгол Улсад НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх өөрийн үнэлгээний тайланг танилцуулахаар иржээ. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг хүлээдэг Улсын Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн байгууллагуудын болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан иргэний нийгмийн, мөн хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг танилцуулж, мөн Улсын Дээд шүүх, Нийслэлийн прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллага дээр хэлэлцүүлэг зохион байгуулахад оролцов. Хэлэлцүүлгээр хуулийн байгууллагууд авлигын асуудлаар нэгдмэл ойлголт, мэдээлэлтэй байх, олон улсын конвенцийг практикт хэрэглэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үзэл баримтлалд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хөндсөн аж.
Г.Дарь