Хувийн хэвшлийнхэн сонордуулга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийнхэн сонордуулга гаргажээ

Хувийн хэвшлийнхэн Төрийн мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл болон улсын 2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор одоогийн үүсээд буй эдийн засгийн хямралыг давах гарц нь тэдний саналыг сонсох явдал гэж үзэж байгаа ажээ. Тиймээс Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Монголын мэргэжлийн нэгдсэн зөвлөл, Монголын бизнесийн зөвлөл, “СЕО клуб”, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран УИХ-ын гишүүдэд сонордуулга гаргасан байна. Сонордуулгад:

“2015 оны төсвийн болоод мөнгөний бодлогоос харахад эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах, хувийн хэвшлийг яаж дэмжих, эдийн засгийн өсөлтийг хэрхэн бий болгох талаар “эерэг чиг хандлага” харагдахгүй байна. Мөнгөний бодлого нь хэт ерөнхий, хариуцлагаас зугтсан шинжтэй, хуулиндаа байхгүй зүйл заалтууд /макро эдийн засгийн тэнцвэрийг хангах нь Монголбанкны үүрэг биш байлтай/ оруулсан бол төсвийн бодлого нь нөгөө л уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын үнэд тулгуурласан, үндэсний үйлдвэрлэл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх асуудалд анхаарлаа сул хандуулсан байна” гэв. Тиймээс дараах арга хэмжээ авах хэрэгтэй саналыг гаргажээ.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Татварын өршөөлийн хуулийг оны өмнө яаралтай гаргах замаар улс орны сан хөмрөгийг арвижуулж эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхижилтийг сэргээн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж далд эдийн засгийг багасгах чиглэлд эрс алхам хийх,

-УИХ-ын намрын чуулганы хугацаанд “Дөрвөн 5”-ын зарчмыг татварын тогтолцоонд нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, бизнесийг татварын бодлогоор дэмжих, татварын шинэчлэлийг /реформ/ хийх. Энэ чиглэлд бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн бид санал, зөвлөмж өгөн идэвхитэй хамтран ажиллахад бэлэн байна.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, бизнесийн орчныг шинэчлэх, сайжруулахад нөлөө бүхий хууль тогтоомжуудыг яаралтай /дараалал харгалзахгүйгээр/ хэлэлцэн батлан гаргадаг болох

-Төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг эхлүүлэх, холбогдох хууль тогтоомжийг яаралтай хэлэлцэн гаргах

-Төрийн бүх байгууллагад төсвийн дотоод аудитын хараат бус тогтолцоог нэвтрүүлэх замаар төсвийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт шалгалтыг сайжруулах ажлыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх,

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед бизнесийн зориг, эрсдэл гарган зээл авсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тохиолдож буй хүү болон валютын ханшны хэлбэлзэлтэй холбоотой үүссэн үндсэн зээл болон хүү, валютын ханшны зөрүүгийн нэмэлт дарамтын төлбөрийг чөлөөлөх. Ингэхдээ төсөвт тооцсон валютын ханшаар тооцон төлүүлэх, эсвэл төлбөрийг 10 жилд төлөхөөр хойшлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгаж, үүнтэй холбогдсон хууль журмыг батлах

-Төрийн нэрээр байгуулагдсан олон арван сангуудын үйл ажиллагаа хангалтгүй, өмч хөрөнгө алдагдах, шамшигдуулах явдал их гарч байгааг харгалзан эдгээр сангуудын менежментийг гэрээгээр хувийн хэвшилд өгөх замаар хариуцлагыг өндөржүүлэн үр дүнг нь сайжруулах арга хэмжээ авах

-АМНАТ-ийг ноогдуулах экспортын эрдсийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох засгийн газрын тогтоол, аргачлалийг АМТХууль болон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн өөрчлөх саналыг тус тус гаргажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж