-Б.Баяраа: Манай чөлөөтийн тамирчдын хэн нь олимп, дэлхийн аваргаас медаль авах боломжтой-
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцлаа.
-Шигшээ багт хэдэн оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-За тэгье. Би 2006 онд дасгалжуулагчдийн сонгон шалгаруулалт орон даяар болсон. Түүнд оролцохдоо мэргэжил, гадаад хэл, компьютерийн шалгалт өгч тэнцээд албан ёсоор ахлах дасгалжуулагч болж байлаа. Тухайн үед Дохагийн Азийн наадам дөнгөж дуусаад байсан юм. Тэгэхэд хамгийн анх гавьяат тамирчин Б.Наранбаатартай нүүр тулан уулзаж танилцсан. Түүнтэй уулзахад надад ингэж хэлсэн. “Баяраа багш аа, би саяын Азийн наадамд хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхөд ялагдаад ирлээ. Миний бэлтгэл сургуулилт, техник тактикын асуудал байрандаа зогссон байна. Тиймээс би урагшаа явмаар байна. Гэтэл яах учраас олохгүй юм” гэсэн саналыг надад тавьсан. Тэр үеэс бид хоёрын хамтын ажиллагаа эхэлсэн. 2006 онд намайг шигшээ багийг авахад 84 кг-д Азийн аварга Ч.Ганзориг, 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 60 кг-д Б.Лхагвадорж, Б.Сүхбаатар гэсэн тамирчид угтаж байлаа. Мэдээж багаа бүрдүүлэхийн тулд олон шинэ залуу тамирчныг элсүүлсэн. Тэдний дотор Б.Наранбаатар гавьяатын бэлтгэл хангагчаар олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар ажилласан юм. Ингээд л үндсэн ажилдаа орсон доо.
-Ингэхэд та дасгалжуулагч мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
-Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Би шавь нартаа тухайн сургуулиас сурсан бүхий л зүйлээ зааж өгдөг. Одоо ч гэсэн тэр хэвээрээ. Өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэхийн тулд ямар төлөвлөгөө гаргах, яаж ажиллах ёстой вэ гэдгээс эхлээд бүх арга барилыг сургуулийн багш нар минь надад зааж өгсөн. Харин би шавь нартаа өөрийн олж авсан мэдлэг чадвараа харамгүй заасан. Түүний хүчинд 2007 онд Б.Наранбаатар гавьяат Азербайжаны Баку хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм. Энэ мөнгөн медаль манай тамирчдад маш их урам зориг, итгэл үнэмшил бэлэглэсэн. Үүнээс гадна олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, Г.Мандахнаран, Э.Ням-Очир, Д.Гомбодорж, П.Өнөрбат, О.Үйтүмэн, Э.Бэхбаяр, Б.Номин гэх мэт шигшээ багт бэлтгэл хийж байгаа бүхий л тамирчидтэй хамтарч ажиллан, бэлтгэл сургуулилтыг нь тохируулсаар өдийг хүргэлээ.
-Бэлтгэл хийлгэнэ гэдэг тийм амар ажил биш байх. Энэ талаар цухас дурдах уу?
-Тэгэлгүй яах вэ. Зүгээр л календарчилсан төлөвлөгөө гаргаад явдаг юм биш. Бэлтгэлжилтийн нэгдсэн төлөвлөлт гэдэг нь улс орноор яривал тамирчин, дасгалжуулагч бидний үндсэн хууль юм. Үндсэн хуулийг хүн бүр дагах ёстой шүү дээ. Яг түүнтэй адил бид ч төлөвлөгөөгөө дагах учиртай. Үүнийг маш нарийн тооцоотой, нямбай хийж гүйцэтгэх ёстой. Жишээлбэл, нийт багийн судалгаа явуулна, норматив авна, баг бүрэлдэхүүнийг зэрэглэлээр нь тогтооно гэх мэтчилэн. Ер нь бол багийн нөөц бололцоон дээр тулгуурлаж төлөвлөгөө гаргадаг. Бэлтгэл маань дотроо олон янз. Тухайлбал, хүчилтөрөгчгүй, хүчилтөрөгчтэй, мөн хамгийн дээд хэмжээний ачаалал авдаг бэлтгэл гэх мэт. Бэлтгэлжилтийн нарийн төлөвлөгөөг гаргахад шинжлэх ухаан, анагаах ухаан ч чухал нөлөө үзүүлдэг. Тэр бүхнийг яривал цаг, цаас маш их орно. Ингэж байж тухайн тамирчны өндөр амжилт үзүүлэх эх суурийг нь тавина.
-Нэг хэсэг эрэгтэй чөлөөт бөх уналтад ороод байсан. Харин одоо эргээд сэргэж байна. Энэ бүхэн таны яриад байгаа нэгдсэн төлөвлөлтийн үр дүн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Түүний хүчинд өнгөрсөн жилийн ДАШТ-д манай улс шилдэг 10 багийн тоонд багтсан. Нэг хүрэл медаль авч багаараа наймдугаар байр эзэлж, дэлхийн цомд барилдлаа. Шилдэг 10 баг оролцдог дэлхийн цомын тэмцээний эхний тавд бичигдсэн. Үүнээс гадна энэ жилийн ДАШТ-д 106 орноос зургадугаар байр эзлэв. Энэ бол маш том амжилт. Мөн 30 жил тасарсан дэлхийн аваргын хос медалийг эх орондоо авчирлаа. 2013, 2014 гээд он дараалан дэлхийн аваргаас медальтай ирж байна. Улмаар ирэх оны дөрөвдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотод болох дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан. Ийм амжилттай явж байна даа.
-2016 оны олимп хаяанд ирсэн байна. Үүнд чөлөөт бөхийн тамирчид хэрхэн бэлтгэж байна вэ?
-Тийм байна. Нарийн тооцвол жил гаруйхны дараа Рио де Жанейрод олимп болно. Энэ хугацаанд олон жилийн төлөвлөгөөгөө нарийн зохион байгуулж бэлтгэлээ хийнэ. Сул тал гарвал засч залруулна. Дэвшилттэй тал гарвал түүнийгээ улам боловсронгуй болгож ажиллана. Ингэж чадвал бид олимпийн медальтан төрүүлнэ. Цаашлаад чөлөөт бөхөөр олимпийн аваргатай болно. Ер нь чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг биш нэлээд хэдэн тамирчин олимпоос медаль авах боломжтой. Өмнө нь шигшээ багийн нүүрийг нэг л хүн тахалдаг байсан шүү дээ. Эхлээд гавьяат тамирчин Ц.Цогтбаяр гэж лидертэй байлаа. 2000 оны үед гавьяат тамирчин О.Пүрэвбаатар Монголын лидер нь байсан. Дараа нь гавьяат тамирчин Б.Наранбаатар болсон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр өмнө нь баг дотор нэг л хүн дэлхийд онцгой өрсөлддөг. Гэтэл өнөөдөр бөхийн спорт хөгжсөн их гүрнүүдтэй өрсөлдөөд шилдэг аравт багтана гэдэг бол маш том дэвшил. Манай багийн бүрэлдэхүүнд байгаа тамирчдаас хэн нь ч дэлхийн аваргаас медаль авах боломжтой. Энэ амжилт бол зөвхөн нэг жилийн дотор бий болоогүй. Олон жилийн өмнөөс тэдний бэлтгэж, нэгдсэн төлөвлөлтийн дагуу зөв явсны үндсэн дээр шилдэг тамирчныг ихээр гаргаж ирсэн юм. Үр дүн нь харахад сэтгэл бахдам байна.
-Аливаа улс оронд спорт өндөр хөгжихөд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл бол эдийн засаг, төр засгийн дэмжлэг байдаг. Манай улс энэ тал дээр хэр анхаарал хандуулдаг гэж боддог вэ?
-Би бол хувьдаа баярлаж явдаг хүн. Би 1990 оноос хойш 25 дахь жилдээ чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Гэтэл 2000 оны эхэн хүртэл тамирчид бор зүрхээрээ л явдаг байсан. Харин одоо төр засгийн зүгээс маш их дэмждэг боллоо. Ялангуяа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би онцгойлон чин сэтгэлээсээ баярладаг. Баярлалаа гэж хэлье. Энэ хүн өмнө нь улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргасан тамирчдадаа сар бүр мөнгөн тэтгэлэг олгодог боллоо. Олимп, дэлхийн дэвжээнээс медаль авсан тамирчид насан туршийн тэтгэлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, амьдралын баталгаагаа сайжруулсан гэсэн үг. Энэ нь олон зуун авьяаслаг хүүхэд залуусыг их спортруу урвуулж байна. Спорт нь өөрөө тухайн хүний амьдралын баталгаа боллоо шүү дээ. Түүгээр ч зогсохгүй залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бас спортоор хичээллэснээр эрүүлжиж байна. Тэгэхээр маш олон талын ач холбогдолтой, цагаа олсон шийдвэр гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлахгүй байхын аргагүй. Аливаа орны удирдагчийн зөв бодлого сайн үр дүн дагуулж болдгийн жишээ энэ юм болов уу гэж боддог. Зөв шийдвэрийн хүчинд спорт эргээд сэргэсэн.
-Чөлөөт бөхийн спорт сэргээд эхэллээ гэж хэллээ. Тэгвэл хүнд жингийн тамирчид нэлээд шүүмжлэлд өртөж байна. Энэ тал дээр хэр анхаарал хандуулж байна вэ?
-Сүүлийн 4-5 жилийн турш би олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулгатай ажиллаж байна. Түүний хувьд анх ирэхдээ спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин байсан. Анхны багш олон улсын хэмжээний мастер, 73 дугаар сургуулийн багш Лхаажав гэж хүн байлаа. Энэ хүн Хүдэрээг өөрөө хөтөлж ирээд надад хүлээлгэж өгсөн юм. Тэр мөчөөс тусгай бэлтгэл хийсний дүнд Д.Хүдэрбулга Азийн аварга болсон. Мөн Азийн наадам, оюутны Универсиадаас хүрэл медаль авлаа. Түүнчлэн дэлхийн шилдэг бөхчүүд зодоглодог Азербайжаны гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртэж олимп, дэлхийн аваргуудтай мөр зэрэгцэн медалийн тавцанд зогссон. Д.Хүдэрбулга гэдэг тамирчин зөвхөн хүний хүчээр биш олон хүний эв нэгдэл, хамтын ажиллагааны үр дүнд сайн тамирчин болж чадсан. Гэхдээ зүгээр дардан замаар гарч ирээгүй. Манай улсад хүнд жингийн бэлтгэл хангагч үнэхээр дутмаг гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Би гэлтгүй Монголын дасгалжуулагч нар дуу нэгтэй зөвшөөрдөг. Тиймээс заримдаа өөрөө хүртэл бэлтгэл хангагч нь болох тохиолдол олон байдаг. Ж.Чулуунбатын хувьд ч мөн ялгаагүй. Сайн тамирчин байгаа мөртлөө бэлтгэл хангагч алга. Чука бол Азийн аваргаас хамгийн олон буюу найман медаль авсан Монголын ганц хүнд жингийн бөх болж чадсан. Гэтэл түүнд бэлтгэл хангагч байхгүй дасгалжуулагч бид нар өөрсдөө бэлтгэлийг нь хангалцаад явж байна. Бодит байдал юу вэ гэхээр хүнд жингийнхэн үндэсний бөхрүү хушуураад байгаа юм. Яагаад гэвэл, үндэсний бөхийн бэлтгэл чөлөөт бөхийнхийг бодвол арай хөнгөн. Амжилт гаргах нь хялбар болсон. Тийм болохоор хүмүүс хөнгөн, хялбар бөхийг сонгож байгаад харамсдаг. Хүнд жингийнхэн жижигхэн газраа эргэлдэлгүй дэлхийд Монголыг сурталчилсан их спортоор хичээллээсэй гэж чин сэтгэлээ хүсдэг хүн. Чөлөөт бөхийн олон зүтгэлтэн надтай адилхан бодолтой байдаг байх. Чөлөөт бөхийн хүнд хэцүүгээс битгий халширч, шантарч, залуу насныхаа эрч хүчийг бөхөөгөөсэй гэж дотроо бодож явдаг. Дэлхийн спортоор хичээллэж чадвал та нар Монголоор тогтохгүй дэлхийн бөх болно шүү дээ гэж энэ дашрамд хэлмээр байна. Ирж бидэнтэй хамтарч ажиллаасай гэж урья. Үнэхээр яах аргагүй бидэнд хүнд жингийн тамирчдын бэлтгэл хангагч дутагдалтай байна.
-Шигшээ багийн тамирчны тоонд хязгаар байна уу. Чөлөөт бөхийн шигшээ багийн нэг жинд хэдэн тамирчин байдаг юм бол?
-Шигшээ багт 16 тамирчин бий. Жин тус бүрт 1-3 хүн байна. Энэ нь манай төсөв санхүүтэй холбоотой. Ер нь бол дэлхийн жишгээр нэг жинд 4-6 бөх байх ёстой. Бөхийн спорт өндөр хөгжсөн том гүрнүүдийг харахад жин тус бүрт хамгийн багадаа дөрвөн бөхийг барьдаг юм билээ. Манайх удахгүй дэлхийн стандарт жишигт хүрэх байх.
-Чөлөөт бөхийн шигшээ багийн зорилт жил бүр өөр байдаг гэж хэлсэн. 2014 оны зорилт юу байв. Дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн үү?
-Олимпийн дөрвөн жилийн төлөвлөгөө жил бүр өөр. Эхнийх нь өндөр зэрэглэлийн тамирчдын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт хийдэг. Хоёр дахь жилд нь сонгон шалгаруулалтаар шалгарсан тамирчдыг өндөр эрчимтэй, ачаалалтай бэлтгэлд хамруулна. Мөн тэмцээний дадлага туршлага суулгаж, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой байдаг. 2013 онд шалгарсан өндөр зэрэглэлийн тамирчдыг дэлхийн шилдэг тамирчидтай эн зэрэгцүүлж өрсөлдүүлэх техник тактикийн ур чадвар, биеийн ерөнхий хөгжлийн төвшинд хүргэх зорилготой байсан. Сүүлийн жилд нь олимпийн багийг бүрдүүлж, өндөр амжилт гаргах тулд тамирчдыг илүү өндөр төвшинд бэлтгэнэ. Мөн гадаад өрсөлдөгч нарын судалгаа явуулна. Энэ мэтчилэн маш олон үе шат дамжсан зорилтыг дэвшүүлдэг.
-Жүдогийн шигшээ багийн тамирчид жилд 4-5 удаа гадаадын шилдэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг. Харин чөлөөтийнхний хувьд?
-Дотоод нөөц бололцоогоо шавхаж ажилласан. Шигшээ багт ажилласнаас хойш ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяраар удирдуулан улс, орон даяар нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургуулилтад хамруулсан. Мөн ОХУ-ын Красноярск хотод тамирчдаа жилд 1-2 удаа хамтарсан бэлтгэл хийлгэдэг. Ингэхдээ техник тактикийн өндөржүүлсэн сургалт явуулах, ур чадварыг эрчимжүүлсэн бэлтгэл хийх гэх мэт олон талт зорилтыг хэрэгжүүлж ажилласан. Гэхдээ жүдог бодвол гадаадын хамтарсан бэлтэг харьцангуй цөөхөн. Бидний бэлтгэл сургуулилт, төлөвлөлт зэрэгт ардын багш, олон улсын шилэгдмэл шүүгч, Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү хяналт тавьж, чөлөөтийнхөнтэй хамтарч ажиллаж, удирдаж зохион байгуулдаг. Ингэснээр бидний ажилд маш том дэвшил, ахиц гарсан. Товчхондоо бол бодит дэмжлэг болсон. Мөн гавьяат тамирчин Б.Наранбаатар Спортын бэлтгэлийн төвөөр захирлаар ажиллахдаа чөлөөт гэлтгүй бүхий л спортын төрөлд хяналт тавьж ажилласны дүн Азийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монголын тамирчид өндөр амжилт гаргасан юм. Энэ дашрамд, ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Б.Наранбаатар захирал, Үндэсний шигшээ багийн удирдлага, мэргэжилтнүүд, Спортын бэлтгэл төвийн ажилтнууд, Монголын чөлөөт бөхийн холбооныхон, мөн хамтран ажилладаг клубууд, дасгалжуулагч нарын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн амжилтад хүрлээ. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлье. Цаашид ч хамтран ажиллаж, олимпод үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.
-Чөлөөт бөхийн шигшээ багийн ирэх оны төлөвлөөний талаар товч танилцуулбал?
-2015 оны гол тэмцээн уралдаанд бэлтгэх ерөнхий бэлтгэлийн гүйцэтгэлээ хийгээд явж байна. Ирэх оны дөрөвдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотод дэлхийн цомд оролцоно. Үүнд оролцохын тулд маш чамбай бэлтгэх хэрэгтэй. Ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогбаяр, дасгалжуулагч О.Пүрэвбаатар, олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр, мөн миний бие хамтарч ирэх оны төлөвлөгөөгөө удахгүй батална. Үүний дараа хаана хамтарсан бэлтгэл хийлгэхээ шийднэ. Уламжлал ёсоороо Красноярск хотод хамтарсан бэлтгэлд гарна. Мөн дотоодын нэгдсэн цугларалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үр дүн нь дэлхийн цомын тэмцээн дээр гарах учиртай юм.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин