Эдийн засаг эвхрэх үү, дэвхрэх үү

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Эдийн засаг эвхрэх үү, дэвхрэх үү

-Эдийн засагт эмч хэрэгтэй байна-

БҮСЭЭ ЧАНГАЛ

“Default болох нь”. Төрийн түшээд ийн ярих болсныг Та анзаарсан уу. Энэ нь өрөө төлөхөөс татгалзах, төлж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай англи үг. Монгол Улс 2017 онд Хөгжлийн банкны 600, “Чингис” бондын 500 сая ам.долларыг (үлдэгдэл нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлнө) эргүүлэн төлнө. Засгийн газар өрөө төлөх төлөвлөгөө боловсруулах байтал үл тоомсорлосон үзэл баримтлалтай төсвийн төсөөллийг УИХ-д өргөн барилаа. Ирэх жилийн төсвийн нийт зардал 7.6 их наяд, орлого нь 7.2 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Төсвийн алдагдлыг өр тавьж нөхөхөөс өөр гарцгүй. Монголчууд хоёр жилийн дараа нийт 1.1 тэрбум ам.доллар буюу хоёр их наяд төгрөгийн зээлээ төлөх учиртай. Өрийн дийлэнхийг улсын төсөв үүрнэ. Тиймээс Засгийн газар алдагдалтай бус, ашигтай төсөв батлахыг чухалчилмаар юм. 2015 онд мөнгө хуримтлуулахгүй өнжөөд 2016 оны төсөвт хоёр их наяд төгрөг тусгаад зээлээ төлнө гэвэл том эндүүрэл. Тэгэхээр одооноос л ашигтай төсөв баталж, мөнгө хуримтлуулах хэрэгтэй. 500 тэрбум төгрөгөөр цалин тэтгэвэр нэмэхээр тусгасан. Мөн 620 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр заасан байгаа.

Цалин тэтгэврийг нэмэлгүй, ширээ сандал, унаа тэрэг худалдаж авах гэх мэт үр ашиггүй зардлаа бүгдийг танах шаардлагатай. Гэхдээ эдийн засгийн бодит секторт дэмжлэг болдог учраас хөрөнгө оруулалтыг огцом бууруулмааргүй санагдана. Төсвийн орлогоо бодитоор тооцох ч шаардлага тулгарна. Тэгж гэмээнэ оновчтой төсөв батална. Нүүрс, зэсийн үнэ, экспортын хэмжээг хэт өөдрөг тооцдогоос үүдээд төсвийн орлого сүүлийн жилүүдэд үргэлж тасрах болов. Энэ жил гэхэд төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр тасарчихсан, тодотгол хийж хөрөнгө оруулалтыг нь “хөлдөөхөөр” ирэх жилийн Төсвийн тухай хуультай зэрэгцүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын дийлэнх гишүүн ирэх жил бүсээ чангалах шаардлагатайг сануулсаар байгаа. Ерөнхийдөө хууль тогтоогчдын байр суурь ч бүсээ чангалж, өрөө төлөх төлөвлөгөөтэй уялдсан, ашигтай төсөв батлахад чиглэгдэж байх шиг. Хэрвээ бүсээ чангалахгүй бол УИХ-ын гишүүн С.Баярцогтын чуулганы хуралдаанд хэлснээр “Default руу явах шинж тэмдэг харагдаж байна”. Төсөв нь эдийн засгийг өсгөдөг санхүүгийн хоёр урсгалын нэг нь юм. Төсвийн зардал, хөрөнгө оруулалтыг хумьчихвал эдийн засагт ямар ч тус нэмэргүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг өсгөхгүй гэсэн үг. Тэгвэл өрөө төлж чадахгүй шившиг болох уу, бүсээ чангалаад хэсэг хугацаанд тэвчих үү гэдэг сонголт бидний өмнө ирж байна.Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж ахуйд төсөв болон Хөгжлийн банкнаас жилд хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулж байсныг энд сануулья.

ГАР МУХАР ТӨВ БАНК

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-д мөнгөний бодлогыг танилцуулахдаа бодлогын хүүг өсгөхөөс өөр арга хэмжээ авч чадахгүйд хүрснээ мэдэгдсэн. Тэд эдийн засгийг дэмжин тэтгэх бодлогын сонголтгүй болж, гар мухарджээ. Төвбанк өнгөрсөн жил эдийн засгийг тогтворжуулах стандарт бус арга хэмжээ авч, нийт гурван их наяд төгрөгийг үүнд зарцуулсан юм. Банкуудын зээл олгох чадавхийг нэмэгдүүлэхээр 900 тэрбум төгрөгийг жилийн хугацаатай байршуулсан. Мөн орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн тасралтгүй үргэлжлэх тогтолцоог бий болгохоор 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан юм. Түүнчлэн гурил, мах, шатахуун, барилгын материалын үнэ тогтворжуулах зорилгоор 700 тэрбум төгр өгийн зээл олгоод буй. Монголын эдийн засаг өнгөрсөн жил 11.7 хувиар өссөн. Үүний найман хувийг Монголбанкны эдийн засгийг тогтворжуулахаар зах зээлд нийлүүлсэн гурван их наяд төгрөг бүрдүүлсэн гэж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн танилцуулгад дурджээ. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнг өөр баталгаажуулж, ийнхүү стандарт бус арга хэмжээ авсан нь эдийн засгийг өсгөсөн хэрэг. Тухайн үед Монголбанк 4.1 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байв. Харин одоо 1.5 тэрбум “ногоон”-ы нөөцтэй үлдэж.

Сүүлийн хоёр жил ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулахаар 2.6 тэрбум “ногоон”-ыг зах зээл рүү цутгажээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний ам.доллараар валютын хомсдолоо нөхсөн хэрэг. Ам.доллар гэх “асаалттай танк” ард нь байхгүй учраас Монголбанк стандарт бус арга хэмжээ дахин авахгүй нь ойлгомжтой. Угаасаа орон сууцны ипотекийн зээлээс бусад нь гурван жил үргэлжлэх хөтөлбөр учраас үүнийг дуусгаад болих биз. Монголбанк бодит эдийн засгийг мөнгөний бодлогоор дэмждэг. Тэгвэл ам.долларын ханшийн өсөлтөөс эхтэй өндөр инфляц бодлогын хүүг зөөллөх боломж олгохгүй байна. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага бодлогын хүүгээ чангалахыг зөвлөсөөр байгаа. Гэвч бодлогын хүүг өсгөх нь тийм ч сайн сонголт биш. Бодлогын хүүг өсгөвөл инфляц, ам.долларын ханш буурах нь дамжиггүй. Харин нэгэнт хүндрэлтэй байгаа хувийн хэвшил хямарна. Ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ. Тиймээс Төвбанкныхан ажлын байрыг хадгалаад хоёр оронтой тоотой инфляцтай энэ оныг үдэхээр шийдэж байх шиг. Монголбанк энэ жилийн төгсгөлд инфляц 12.1 хувь болно гэж таамаглаж байгаа. Харин бодлогын хүүг бууруулах боломж одоогоор тэдэнд байхгүй. Ингэхээр бодит эдийн засаг тэлэхгүй, өсөхгүй гэсэн үг. Эдийн засгийг тэлдэг санхүүжилтийн нөгөө урсгал нь ийн татрах бололтой. Одоогийн дүр зургаас ирэх жил эдийн засаг эвхрэх маяг харагдаж байна.

ДОЛЛАРТ МӨРГӨЕ

Бүсээ чангалж болно. Ажлаасаа халагдаж, лааз өшиглөхийг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр эдийн засгаа хүндрэлээс яаж гаргах вэ, өсөлтөө хэрхэн хадгалах вэ гэсэн асуулт тулгарна. Өрөө төлөх төлөвлөгөөтэй уялдсан эдийн засгийг тэлэх төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж байж монголчууд ангал руу унахаас аврагдана. Энэ жилийн эдийн засгийн хүндрэлийг төлбөрийн тэнцлийн дарамт бий болгосон гэж төвбанкныхан дүгнэсэн. Эдийн засагчид болоод УИХ-ын гишүүд үүнтэй санал нэгдэж буй. Эхний найман сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 900 сая ам.долларын алдагдалтай байна. Санхүүгийн зах зээлд ам.доллар дутагдсаар байгаагийн илэрхийлэл энэ. Манай улсад 2011 онд 4.5, 2012 онд 4.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ногоон болж 60 хувиар буурсан.

“Оюутолгой” төслийн эхний шатны санхүүжилт дууссанаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 40 хувиар буурсан тооцоо бий. Тэгвэл энэ орны эхний найман сарын байдлаар манай улсад гадаадаас 600 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Эндээс 2013 оноос хойш бид ам.долларын хомсдолоо бондын хөрөнгөөр нөхөж байж гэдэг нь харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол бид ам.долларын дутагдлаа нөхөж чадахгүй юм байна гэсэн дүр зураг бас харагдана. Харамсалтай нь монголчууд өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн бодлогогүй алхмыг олонтаа хийжээ. Засгийн газар 2010-2013 онд ашигт малтмалын хайгуулыг зогсоосон, 1300 лиценз цуцалсан, “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг гацаасан, Тавантолгойн ордын бүтээн байгуулалт, төмөр замын ажлыг саатуулсан. Энэ бүх шийдвэр нь Монгол руу орж ирэх хэдэн тэрбум ам.долларын замыг хаасан юм.

Монголчуудад 2017 онд өрөө төлөх 1.1, гадаад төлбөр тооцооны алдагдлаа нөхөх нэг тэрбум ам.доллар хэрэгтэй. Мөн бодлогын хүүг чангаруулж, хувийн хэвшлээ хумихгүй байхын тулд валютын ханшийг хангалттай тогтворжуулах “ногоон” шаардлагатай байна. Харин яаж ам.доллар олох вэ. Юуны түрүүнд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гацааг гаргах, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгож, бүтээн байгуулалтыг нь яаравчлан эхлүүлэх хэрэгтэй гэж олон хүн ярьж байна. Хамгийн төсөр байдлаар ам.доллар олж ирэх арга бол Засгийн газар УИХ-аас олгосон таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхээ ашиглах юм. Хэдийгээр УИХ таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх олгосон ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй” гэсэн хязгаар бий. Засгийн газар 1.8 тэрбум ам.долларын бонд (1.5 тэрбум ам.долларын “Чингис”, 280 сая ам.долларын “Самурай” бонд) гаргаад хязгаарынх нь таазанд тулаад буй. УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарыг өсгөхгүй бол дахин бонд гаргах боломжгүй. Засгийн газар өрийн таазыг өсгөх санал оруулсан ч сөрөг хүчин эрс эсэргүүцэж байна. Уг санал УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгтэйгээр батлагдана. Тиймээс бонд гаргаж, ам.доллар олж ирэх санал улс төрийн уур амьсгалыг өөрчилж мэдэх юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг “Өр тавихгүйгээр, хязгаарыг нь нэмэхгүйгээр бүсээ чангалаад тэвчээд гарах нь зөв” гэж ярив. Ам.доллар олж ирэхгүйгээр Монгол Улс хүндрэлээс гарахгүй. Зээл авахгүй гэж гүрийвэл Олон улсын валютын сангийн “сэхээн амьдруулах” хөтөлб өрт хамрагдаж байж, хөл дээрээ босох биз. 800 сая ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008 онд 500 сая болж буурахад манай эдийн засаг хямарсан. 2009 онд тэнгэрт хадсан ам.долларын ханшийг буулгахаар бодлогын хүүг 14 хувьд хүргэсэн. Тэр жил эдийн засаг 1.3 хувиар агшиж байв. Олон улсын валютын сангийн эдийн засгийг тогтворжуулах Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлж хямралаас гарч байсныг өнөөгийн улстөрчид мартаагүй байх. Дахин бонд гаргаад үр ашигтай зарцуулах ажил хэрэгч санаачилга Төрийн ордноор тэнэж явна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай төсл үүдэд Засгийн газрын бондоор баталгаа гаргах санал юм. Өрийн бичиг, зээлийг муу мөнгө гэдэг. Харин хөрөнгө оруулалтыг сайн мөнгө гэж нэрлэх нь бий. Тэгвэл муу мөнгө олоод түүгээрээ сайн мөнгө татах хөшүүрэг болгох нь. Гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаа нэхэх болсон энэ үед ийм алхам хийвэл байгаа онох болов уу.

Өнөөдрийн өргөн барьснаар төсвөө батлаад, өрийн таазаа өсгөж чадахгүй бол Монгол Улсын эдийн засаг ирэх жил эвхэрнэ. Засгийн газар өрөө төлөх төлөвлөгөө боловсруулж, “ногоон” олж ирэх эрхээ авчихвал хоёр оронтой тоогоор биш юм гэхэд 5-6 хувиар дэвхэрнэ. Бүр муугаар бодоход бонд гаргахгүй байж болно. Гэхдээ өрийн таазаа өндөрсгөчихөөд тулгарах бэрхшээлд бэлэн сууж байвал ямар вэ?

Т.ЭНХБАТ

Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж