Гэтэл мөнөөх шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг, өрнийн дээд боловсролын байгууллагыг үүсгэн санаачлагч гэгддэг агуу Платон “Эфир биет болон хий биет амьд зүйлсийн аль аль нь тув тунгалаг учраас бидэнд ойрхон байлаа ч үл мэдэгдэнэ. Аль аль нь гайхалтай ухаантай учраас ойлгож ухамтгай, санаж тогтоомтгой. Тэд бидний бодол санаа бүрийг мэдэж байдаг бөгөөд хэн сайн, буянтайд нь талархаж, маш муу хүмүүсийг болохоор зовж зүдрэх ёстой хэмээн үзэн яддаг гэж хэлмээр байна” гэж бичиж байжээ. Тэрээр эртний сэтгэгч Сократын шавь, Аристотелийн багш бөгөөд энэ тооллоос өмнөх 428/427-348/347 онуудад амьдарч байсан гэхээр тэр үед далд ертөнцийн тухай мэдлэг ямар хэмжээнд байсан, өнөөгийн шинжлэх ухааны өвөг дээдэс уг асуудалд хэрхэн ханддаг байсныг тодхон харж болно1. (1.Платон “Послезаконие”)
Бидэнд харагдаж мэдрэгддэг бодит ертөнц маань сайн муу, гэрэл сүүдэр, нүгэл буян, жаргал зовлон хослон байдгийн нэгэн адилаар далд ертөнцөд ч сайн муу хүчний аль аль нь байдаг аж. Үүнийг хүн төрөлхтөн сайтар мэддэг байсны бодит нотолгоо нь улс түмнүүдийн үлгэр домог, тууль, аман ярианд мянга мянгаараа үлдэж хоцорсныг мөнөөх мартамхай, өмнөхөө үгүйсгэгч хүн төрөлхтөн маань бодит байдлын зураглал гэхээсээ фантааз, уран сэтгэмж гэж үзэх нь илүүтэй байсан цаг үе саяхан. Гэхдээ хүн төрөлхтөн сайн хүчийг шүтэж бишрэхийн зэрэгцээ муу хүчнээс айн ширвээтэх нь үеийн үед байсаар ирсэн үзэгдэл гэж хэлж болно.
Ялангуяа дундад зууны үед хар хүч, муу хүчний шидийг ашиглагчдын тухай ихээр яригдах болж олон мянган хүнийг хоморголсон гэсгээн цээрлүүлэлт хүртэл гарч байв. Ийм гэсгээлтийн үндэс нь чөтгөрүүд хувь хүнтэй гэрээ байгуулж, тохиролцоонд хүрснээр түүнийг өөрийн хар муу үйлд ашигладаг тухай номлол юм.
Үүний сонгодог жишээ болгож Urbain Grandier-ийн түүхийг өгүүлдэг. Тэрээр 1590 Онд төрсөн, сайн боловсрол эзэмшсэн, уран илтгэгч, санваартан атлаа хормой хотны явдлаас ангид биш нэгэн байжээ. Түүнийг чөтгөртэй гэрээ хийсэн гэж буруутган 1643 онд амьдаар нь шатаажээ. Тэгэхдээ нотлох баримт болгосон гэрээ нь өнөөг хүртэл хадгалагджээ. Энэ нь нэг талаас чөтгөрүүд бичсэн гэх, нөгөө талаас Урбен Грандьегийн гараар бичигдсан гэх хоёр баримт юм. Чөтгөрийн бичиг нь болохоор толины тусгал мэт урвуу бөгөөд ер нь буруу номын юм бүхэн эсрэгээрээ байх ёстой гэж үздэг. Тэр бичиг нь бид Урбен Грандьетай хамтрах гэрээг үйлдэж байна, ингэснээр бид түүнд сайхан хүүхэн, хайрын явдал, нийтийн хүндлэл, эд баялаг, дээдийн таашаалыг эдлүүлнэ, харин тэр болохоор жил бүр бидэнд өргөл өргөнө, тэрээр газар дэлхий дээр хорин жил амьдарсны эцэст тамд очно гэсэн агуулгатай. Урбен Грандье болохоор би насан туршдаа чөтгөрт үйлчилж, аль болох олон муу үйл хийж, бусдыг ийм үйлд уруу татаж, ийсүсийн ивээлээс татгалзана, хэрэв би чөтгөрт өдөрт гурвантаа өргөл өргөж мөргөхөөс татгалзвал амь биеэ өгнө гэсэн утгатай андгай бичжээ.
Санваартан Грандьег хэдэн өдөр дөрөөлөн тамлаж, хамаг ясыг нь үйрүүлж, халуун төмрөөр хайрсан боловч ийм зүйл хийсэн гэдгээ хүлээгээгүй гэдэг.
Энд нэг зүйлийг онцлох ёстой. Дундад зууны үеийн инквизаторын хөдөлгөөн нь нэг талдаа түүхэн их хэлмэгдүүлэлт байсан бөгөөд хэн нэгэн хүн далд хүчинтэй холбоотой байж мэднэ гэх сэжиг гарах төдийд аймшигтайгаар тамлан зовоож хэргийг нь хүлээлгэдэг, үүний улмаас бүхэл бүтэн хотод хоёрхон эмэгтэй хүн үлдэж, бусад нь шатаалгаж байсан аймшигт түүхийг үүнийг бичигч нэлээд хэдэн жилийн өмнө “Ягчис намнах цуст дайн” өгүүлэлдээ бичиж байсан билээ.
Парисын их сургууль 1398 онд дом шид үйлдэхийн тулд заавал чөтгөртэй гэрээ байгуулдаг гэсэн онол гаргасан нь инквизаторуудад ташуур болж өгсөн юм. Сүм хийдүүд чөтгөртэй холбогдогсдын эрэлд гарч, инквизаторууд сэжигтний өмнөөс гэрээ бичиж, хүчээр гарын үсэг зуруулж байсан учраас тэрхүү гэрээнүүд нь агуулга хэлбэрийн хувьд хоорондоо дэндүү адилхан гэж судлаачид үздэг учраас энэ түүхийг эрхэм уншигч өөрийн мэргэн ухаанаар шүүтүгэй.
Эртний үлгэр домогт ч ийм түүх зөндөө бий. Жишээ нь, Америкт Stacker Lee сүнсээ худалдаад оронд нь шидэт малгай авсан тухай домог их яригддаг аж. Стекали энэхүү малгайныхаа ачаар амьтай амьгүй юу ч болж хувирах шидийг олоод эмс хүүхнүүдийн сэтгэлийг булааж, галын шид үзүүлж, юу хүссэнээ хийнэ. Гэвч тэрээр шидийн хүчийг өөрийн мэтэд бодон биеэ ихэд тоох болсон тул чөтгөр түүний малгайг хулгайлуулна. Уур нь хүрсэн Стекали малгай хулгайлагчийг буудан алснаар тамд унана.
Үүнтэй адил түүх хамгийн ихээр хүчээ авсан он жилүүд бол дундад зуун бүхэлдээ, мөн 16-17 дугаар зуун юм. Чөтгөрийн муу хүч хүн, амьтны дүрд хувилан ирж хэн нэгэнтэй уулзаад туслаж чадахаа амлана. Тухайн хүн юу хүссэнээ адын хүчээр бүтээж байгаад гэрээт хугацаа дуусмагц үхэхэд сүнс нь тамд очдог гэж үзнэ.
Ийм түүх дотроос хамгийн алдартай нь Иоханн Фаустын түүх ч байж мэднэ. Тэрээр өөрийн сүнсээ Мефистофель хэмээх хар хүчний төлөөлөлд худалддаг. Фауст уг нь бодит хүн юм. 1480-1540 оны хооронд амьдарч байсан гэж үздэг. Тэрээр хар дом судалж, алхими сонирхож, олон хүнийг анагааж, эрдмийн оргилд хүрсэн гэгддэг нэгэн байж. Өөрийгөө Ийсүсийн бүтээсэн гайхамшиг бүхнийг давтаж чадна гэж сайрхдаг, Европ даяар хэрэн хэсэгч түүний тухай дурсгалын самбар Германы Wittenberg хотын Collegienstrasse гудамжнаа орших байшингийнх нь ханан дээр байдаг.
1540 оны намар оройхон Wurttemberg хотын нэгэн бяцхан зочид буудалд тавилга сэлт унаж, хөлийн чимээ сонсдож, аймшигтай орилоон чарлаан болжээ. Тэр шөнө мөнөөх зочид буудлын яндангаас цэнхэр өнгийн дөл хэдэнтээ улалзаж, цэлмэг тэнгэрт цахилгаан гялбаж, буудлын үүд хаалга өөрөө саван хаагдаж нээгдэж байсан гэж нутшийн оршин суугчид хожим нь дурссан гэнэ. Орилоон чарлаан, үл ойлгогдох чимээ хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд буудлын эзэн, ажилчид өглөө болж гэгээ орсон хойно л тэр өрөө рүү шагайж зүрхэлжээ. Эвдэрч хэмхэрсэн тавилган дунд хавирга нь хугарч, нүд нь бүлтэрч, шарх сорвинд баригдсан эрийн цогцос эвдэрч хэмхэрсэн тавилга дунд эвхрэлдэн хэвтэж байжээ. Энэ нь доктор Фаустын цогцос байсан бөгөөд 24 жилийн гэрээнийх нь хугацаа дууссан тул түүний хүзүүг Мефистофель хуга мушгиад сүнсийг нь там руу илгээсэн гэх яриа тэр дороо хот даяар тарж, улмаар олон зуун жилийн турш Европын утга зохиолын гол сэдэв болж хувирчээ.
Фаустын тухай зохиолуудаас хамгийн алдартай нь Гётегийн алдарт жүжиг. Зохиолч жүжгийн санаагаа анх олсноосоо хойш 60 жилийн турш бодож бичсэн гэдэг. Манай уншигч үзэгчид ч энэ л зохиолоор Фаусттай танил болсон байдаг.
Уг нь энэ бүхнийг судалдаг demonology гэдэг бие даасан салбар ухаан бас бий. Энэ нь грекийн daimon хэмээгч үгнээс гаралтай гэнэ. Одоо цагт демон гэхээр хар муу хүч гэж нийтээрээ ойлгох болж. Манай хэлний томчууд Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нар энэ үгийг “шулам, шулмас” гэж буулгасан байна.
Тэгэхээр demonology маань демоны тухай янз бүрийн домгийг судлах ерөнхий судлалын нэр бөгөөд демоны дүр төрх, ааш аяг, үйлдэл, тэднийг хэрхэн дуудах, тэдэнтэй хэрхэн тэмцэх, яаж дарах зэрэг олон асуудлыг энэ судлалд хамаатуулж болно. Үүнтэй холбоотойгоор шашны болоод дом шидийн олон зан үйлийг судлахад хүрдэг бөгөөд хачирхалтай нь шашин нь өөрөө демонд туйлын сөргөөр хандах байдал ажиглагддаг.
Уг нь эртний европчууд Бурхан, хүн хоёрын завсрын амьтныг л демон гэж нэрлэсэн юм билээ. Энэ нь дорныхоор бол асур тэнгэртэй дүйж мэдэх ойлголт бололтой. Мефистофель гэхэд л бурхантай шадарлаж, Фаустын далд муу чанарыг түрүүлж таньж, улмаар буруу үйл, буртагт амьдралынх нь төлөөсөнд тамд очуулдаг. Гэхдээ сахиулсан тэнгэрээс ялгаатай нь буруу үйл хийх нөхцлийг нь хангаж өгснөөрөө тэрээр муу хүчний төлөөлөл болдог. Нөгөө талаас нь харвал буруу зөв, буян нүглийг ялгагч яалтгүй шударга хүч ч гэмээр.
Христүүдийн уламжлалт хандлагыг харахад сахиусан тэнгэрүүд биеэ тоох зэрэг шалтгаар буруутан доош унахаараа демон болдог гэдэг байжээ. Сахиусан тэнгэрүүд бол сайн сүнс, харин демон бол муу сүнс гэж тэд үздэг. Тэгэхээр монголчуудын уламжлалт ойлголтоор демон нь чөтгөр, шулмасын төрөлд яалтгүй хамаарна.
Христүүдийн номлолоор бол адислуулсан хүн болгоныг сахиусан тэнгэр хамгаалж байдаг. Харин адислуулаагүй хүн ад зэтгэрийн “өмч” болох нь амархан гэнэ. Аливаа үзмэрч, мэргэч төлгөч, тайлгач, гоц мэдрэхүйтэнд хандах нь чөтгөр шулмастай нөхцөхтэй агаар нэгэн гэж христ сургаалтнууд үзнэ. Энэхүү хар хүчнээс салахын тулд нүглээ наманчлах ёстой гэнэ.
Тэгсэн атлаа христийн ертөнцөд демоныг тусгай аргаар дуудан ирүүлж өөрийн зорилгодоо ашиглах явдал түгээмэл байдаг. Өнгөрсөн зуунд бий болсон New Age-ийн чиглэл урсгалууд ч, шашны янз бүрийн сектүүд ч мөн ингэж ашиглахыг оролддог. Тэр бүү хэл демон шүтлэгтнүүд хүртэл бий болж, өөрийн шашнаа демонолатриа гэж нэрлээд байна. Тэд демоныг аргадаж, гуйж мөргөж үйлээ бүтээхийг хичээдэг.
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир юун гэвээс сүүлийн үед Монголд анзаарагдаж буй үйл явдлууд яалтгүй хар муу хүчний тухай өгүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж буйд юм. Энэ нь ялангуяа эргэн сэргэж буй бөө мөргөл, энд тэндээс нэвтэрч буй шашны урсгалууд, дом шидийн элдэв арга технологитой нягт холбоотой асуудал юм.
Энэ тухай ярихын өмнө сүнсний талаар бага боловч өгүүлэх ёстой болно. Яагаад гэвэл бид анхнаасаа сүнсийг худалдан авагч, эрхшээгч хүчний тухай, эздийн тухай л ярьсан. Тэгвэл янз бүрийн шашны зан үйлийн талаар яриад эхлэхээр эдгээр эздээс гадна хувь хүний сүнсийг хэрхэн эзэмддэг, яаж буруугаар ашигладаг, түүнээс хэрхэн сэргийлбээс зохистой талаар ярихаас аргагүй.
Сүнс нь хүнийг дан ганц махан бие биш, сэтгэдэг, мэдэрдэг, боддог, ухаардаг, бурханлаг болгогч гол хүч юм. Үе үеийн сэтгэгчид, цаг цагийн судлаачид, бүх л шашныхан ямагт анхаарлаа хандуулсаар ирсэн сэдэв бол анимизм буюу сүнс судлал. Латины anima хэмээх үгнээс улбаалан анимизм, анимист гэх ойлголтууд бий болжээ.
Зарим нь зөвхөн хүн л сүнстэй гэнэ. Зарим нь амьд бүхэн сүнстэй гэнэ. Гэхдээ амьд гэдэгт юуг хамаатуулан ойлгож буйгаас асуудал бас өөр өөр болоод явчихна. Юутай ч сүнс байдаг, энэ нь физик биегүй ч материаллаг орчинд нөлөөлөх чадвартай, сүнс нь үхэшгүй мөнхийн гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа бололтой. Юутай ч эрхэм уншигч та сүнсний ертөнцийн талаар илүү нарийныг мэдье гэвэл далд ертөнцтэй харьцагч Кончетта Бертолдийн “Үхэгсэд үнэхээр бүхнийг хардаг уу?” хэмээх номыг уншаад үзээрэй гэж зөвлөе. Энэ номыг Дарь. Сүхбаатар 2009 онд герман хэлнээс хөрвүүлж Монголын психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан билээ. Энэ номон дахь зарим мэдээлэл бидний олж авсантай зөрж байгаа ч дийлэнх нь тохирч байгаа тул нэлээд бодитой сайн бүтээл хэмээн үзэж танд санал болгож байна.
Монголчууд эртнээс нааш сүнсний тухай өөрийн гэсэн ойлголттой явж ирсэн, тэр нь буддын шашны түгэлтээс ч, бурхангүйн үзлийн дарамтаас ч үл хамааран амь бөхтэй байсаар ирснийг бидний зан үйл нотолдог. Монголчууд сүнс хийморь хоёрыг ямагт хамтад нь авч үзэж, хувь хүнийг цог золбоо, ажил үйлсээр нь шинжин сүнс сүлдийг нь тодорхойлох нь элбэг. Сүнс нь зайлсан, махан биеэс нь салчихсан хүн харахад амьд хүн боловч хамаг үйл нь нурж, өвчин зовлонд ээрүүлж, улмаар амь насаа алддаг учраас элдэв янзын дом шидээр сүнсийг нь дуудаж, сүлдийг нь босгох эрдмийг ч төгс эзэмшсэн байж. Үхэгсдийн сүнс хаашаа оддог, түүнд хэрхэн хандах нь зохистойг ч сайн мэддэг байж.
Монголчууд энэ насандаа нүгэл хилэнц их хийвэл үхсэн хойно сүнс амирлахгүй гэж үзэн буруу хазгайгаас аль болох зайлсхийж явсан нь зүгээр нэг мухар сүсэгт суурилсан ойлголт, мухар сохроор дагаж мөрддөг зарчим биш байсан нь үйлийн үрийн сургаалиас тодорхой байна. Үхэгсдийн сүнсийг амирлуулахын тулд хоногийн цээр барих, араас нь буян үйлдэх нь өнөөдөр аль нэг хүрээ хийдэд очоод хэдэн номны нэр бичүүлчихээд санаа амрахаас арай өөр ойлголт байжээ. Ер нь үхэгсдийн сүнсээр оролдох дургүй байсан нь далд ертөнцийн тухай ойлголт зөв, сүнс тэнэж төөрөх ямар муу урхагтайг сайн мэддэг, тэнэмэл сүнс бие махбодь, материаллаг эд зүйлст хүчтэй нөлөөлж чаддагийг аль эртнээс таньж мэдсэний шинж тэмдэг юмсанж.
Харамсалтай нь сүүлийн үед хүмүүс сүнсээр хамаагүй оролдох боллоо. Сүнсээр наадах нь галаар наадахаас долоон дор гэдгийг мартах боллоо. Энэ нь шашны янз бүрийн урсгалууд сүнстэй холбоотой элдэв зан үйл их хийдэг болсон, сүнсний тухай буруу зөв мэдээллийн их урсгал олон нийтийг нөмөрсөнтэй холбоотой юм. Үүн дээр монголчуудын уламжлалт шүтлэг бөө мөргөлийг эргүүлэн сэргээхдээ хэтэрхий их алдаа гаргаж, доктор Б.Ринчин утга зохиолын орчуулга дахь алдаа завхралыг хараад тэсэлгүй “Марк Твений минь махыг нь идэж дээ” хэмээн дуу алдсан шиг халагламаар болгосонтой ч бас холбогдоно. Тэгэхээр би энэ удаад зөвхөн сүүлийнх буюу бөө мөргөлтэй холбоотойгоор хэдэн зүйл хэлмээр байна.
Монгол бөөгийн ёсонд сүнсний тухай өөрийн гэсэн ойлголт, хандлага эртнээс тогтсон байжээ. Энэ нь сүнсний гурван хэлбэр буюу махан биеийн сүнс, ясан биеийн сүнс, оюун ухааны сүнс гэсэн ойлголт юм. Махан бие үгүй болоход эхний сүнс үгүй болно. Ясан бие үгүй болоход хоёр дахь нь үгүй болно. Харин гуравдахь буюу оюун санаа нь мөнхөд оршино гэж үздэг байв. Ясан биеийн сүнс сүүжний нүхэнд орогнодог гэж үздэг учраас аливаа амьтны сүүжний ясыг заавал сэтэлж мөнөөх ясан биеийн сүнсийг дэгдээн зайлуулах дом хийдэг байсан нь өнөө ч хэвээр хадгалагдан үлджээ.
Гуравдахь буюу оюун ухааны сүнс нь тэр хүн махан биетэй байхдаа туулсан явдал зам хэр цагаан байснаас хамааран эсвэл тэнгэрт сууж, эсвэл уул усанд шингэж, эсвэл дараа төрөл олтлоо тэнүүчлэх, энд тэнд дарагдан хэвтэх хувь зохиолтой учирдаг гэж үздэг байжээ. Энд төрөл олох гэдэг нь дан ганц хүмүүн биеийг олж төрөх гэсэн утга биш, шийтгэлээ эдэлж дуусаад зэрэг дэв дээшлэх ч мөн үүнд хамаатай.
Үүнийг монголчууд сайн мэддэг байсан учраас үхэгсдийн хойноос буян үйлдэж, гэм нүглийг нь хэлтлэлцэж, төрөл дээшлэхэд нь тусалдаг байж. Хоног тавин гашуу зарлаж, тэр хоорондоо сайн төрөл олох зам мөрийг нь засч өгдөг байж. Төрөл олоогүй, зам нь шуудраагүй сүнс энэ ертөнцөөс тэмдэг дохио ирвэл буцаж ирээд хоргодчих аюул байдаг учраас түүнийг дууддаггүй, талийгаачийн нэрийг ч хэлдэггүй байж.
Бөөлнө гэдэг нэг ёсондоо сүнстэй харьцаж буй хэрэг юм. Гэхдээ тэнгэрт суудлаа олсон, уул хайрхан, ус голдоо эзэн суусан, өөрөөр хэлбэл тэнэмэл төөрмөл заяанаас ангид сүнсийг л онгод болгон буулгадаг ёстой. Буулгана ч гэж дээ, хэнд буух, хэнийг унаа улаачаа болгохоо тэд өөрсдөө шийдэж эртнээс тэмдэг дохиогоо өгдөг, тэр тэмдэг дохионых нь дагуу шинжиж мөшгөж, лавлаж тандаж байж бөө болгодог байжээ. Нэгэнт өндөрт суусан онгодод дутах гуцах зүйл үгүй бөгөөд шунал хүсэл, хомхой сэтгэл, хорон муугаас ангид учраас түмний төлөө буянт сайн үйлийг хийхээс бузар муутай хэрхэвч ороолддоггүй, дааж давшгүй өргөл барьц нэхэж өрөөлийг зовоодоггүй, элдэв яэзын авир үзүүлж хүмүүсийг шаналгадаггүй номтой.
Харамсалтай нь сүүлийн үед бөө нэртэй, өнгө мөнгөнд шунасан буруу явдалтнууд дэндүү олон болж, онго тэнгэрүүдээ сэвтүүлэн зэрэг зиндаа доошилж, сүүлдээ хар муу хүчинд эзлүүлэх нь даанч ихэсчээ. Нэгэнт ингэж сэвтсэн тэд буян нүглийн зааг ялгаа, үйлийн үрийн өр төлөөсийг бодохоо больж, мөнгө л олж байвал хэнийг ч юутай ч холбохоос буцахгүй болсон учир үүгээр түүгээр хэсэгч хэрмэл тэнэмэл сүнсийг хэнд ч болов “нааж” өгөөд “Бөө болгов” хэмээн их мөнгө авдаг болжээ.
“Бид хүмүүст онго “нааж” өгдөг л дөө” гэж хэнэг ч үгүй ярьж байгаа бөөтэй таарч л явлаа. “Наана” гэдэг нь бөө болох ёсгүй, онгодын нэхэлд ороогүй хүнийг чи бөө болох ёстой юм байна хэмээн мунхруулж, хаа хамаагүй тэнэмэл сүнстэй холбож өгөхийг хэлдэг нэгэн зүйл өвөрмөц хэллэг (slang) юм даа.
Тэр бүү хэл Сэлэнгэ гэдэг бөө миний сайн мэдэх хүмүүсийн ээж нь нас бараад хоног хураагаагүй байхад үр хүүхдээс нь бөө төрүүлэх зан үйл үйлдсэн байх юм. Хоног хураагаагүй айлын юмыг бөөлж үзэж болдоггүйг мэддэггүйдээ ингэв үү гэтэл дараагийн удаад үхэл хагацал тохиоход нь “49 хоногийг нь дуустал бөөлж болохгүй шүү” гэж анхааруулснаас харахад мэдэх нь мэддэг, гагцхүү бөө төрүүлж мөнгө “үйлдвэрлэх” шунал нь түүнийг зүгээр суулгаагүй бололтой. Ингэж буруу үйл үйлдсэнээс нь болоод тэр айлаас үхэл салахаа байсныг хэлж өгсөн өөр бөөг болохоор “Юу ч мэддэггүй чадалгүй юм худал хэлж байна” хэмээн тэртэй тэргүй зовлонд уначихаад явж буй хүмүүсийн сэтгэлзүйгээр тоглож, улмаар нэг удмын ах дүүс ламтах, бөөтөхөөс болон хагаралдаж эхэлжээ. Уг нь жинхэнэ сайн бөө бол зовлонгийн үр үндсийг нь тасалж, үг хэл нь ч, үйл ажил нь ч үлгэр авмаар, хайрлаж хүндэлмээр байх ёстой сон.
Бөө нартай холбоотойгоор заавал сануулах бас нэг зүйл бол үхэгсдийн сүнсийг биедээ оруулж яриулах асуудал. Ингэж яриулах нь бол байдаг л үзэгдэл. Тэр бүү хэл гоц үзэгдэл сонирхон судлаачид үхэгсэдтэй холбоо тогтоох янз бүрийн багаж хэрэгсэл хүртэл хийж, арга техник боловсруулсан л байдаг. Бөөгийн онго үүнийг өлхөн л хийнэ. Гэхдээ болох болохгүй юм гэж байдаг. Болох болгохын хязгаар гэж бас байдгийг мартмааргүй байна. Жишээ нь, талийгаачийн сүнсийг биедээ оруулж ахан дүүстэй нь яриулах боломж нь нээлттэй ч эрх нь тэр бүр бөөд байдаггүй гэнэ. Тийм эрх тэнгэрээс аваагүй бөө ийм үйл хийвэл хийсэн, хийлгэсэн аль алинд нь муу үр дагавартай учраас хэрхэвч болохгүй гэж нэлээд өндөр суудалтай онготой хөөрөлдөхөд хэлж байв. Төрөл олоогүй тэнэж яваа, шийтгэлээ хүлээн зовж яваа, дэгдэж чадалгүй шаналж яваа сүнсийг олон удаа өөртөө оруулснаас болж бөө өөрөө сэвтэж, улмаар тийрэнтэх нь энүүхэнд гэнэ. Талийгаачийн сүнс ч гэсэн ахан дүүсээ хараад хоргодох дагах, салахгүй зовоох нь энүүхэнд гэнэ.
Уг нь буян болъё гэвэл төөрч зовсон сүнсийг дэгдээж өгөх, сайн төрөл олуулах үйл хийх ёстой атал ийнхүү хүний ертөнц рүү дуудаж, үхсэн амьд болоод энэ тэр ертөнцийг хооронд нь хольж бантагнуулах нь яавч сайн үйл биш бөгөөд өөртөө төдийгүй үр хүүхдэдээ зовлон хурааж байгаагаа яагаад бодохгүй байна вэ?
Тэр бүү хэл хараал хорлол зэрэг хар муу үйл хийхдээ хүртэл төөрсөн сүнс ашиглах, илгээх явдал гарах болжээ. Энэ бол ёс суртахууны хувьд байж болшгүй муу явдал, тэнгэрээс ирэх гэсгээл нь дэндүү хатуу гэдгийг тийм үйл хийж буй эрхмүүд бодохгүй байна гэж үү? Тэд Фаустын мөн чанарыг бурхдад харуулахын тулд Мефистофель хэрхэн нүгэл үйлдэх замыг нь зассаар эцэст нь тамд унагадаг сургамжит түүхийг яагаад эргэцүүлэн бодохгүй байна вэ?
Далдын хүчтэй харьцдаг хүн дээд зэргийн ёс суртахуунтай байхыг бодит байдал шаарддаг.Тийм ч учраас энэ биеэ огоорч гэгээрсэн хүнд, эсвэл “дээр”-ээс энэ л чадна гэж оноож сонгосон хүнд далд ертөнцийн үүд хаалга нээгддэг. Гэгээрлийн төлөө энэ биеэ огоорсон хүн ийм нүгэл үйлдэхгүй нь ойлгомжтой. Гэтэл бөө буюу оноолттой хүмүүс маань яагаад ийм байдалд хүрээд байна гэсэн асуулт гарах нь мэдээж. Хариулт нь ч тодорхой. Нэгдүгээрт, бөөг замчилж холбох гэж байгаа хүн тэр хүн онгодын унаа болж чадах хүн үү, зан ааш ямар вэ, шунал хүсэл хэр вэ, их эрх мэдэл гарт нь атгуулахын цагт хувирах уу үгүй юу, бусдын төлөө өөрийгөө золин байж буян үйлдэж чадах хүн үү үгүй юу гэдгийг шинжиж байж бөө болгодог, эсвэл давуулдаг ёсыг умартаад байна. Хоёрдугаарт, тухайн хүнд буух гэж нэхэл дагуул болоод буй онгод маань аль түвшнийх вэ, буулгаж болох эд үү үгүй юу, орж ирээд хар муу юм хийгээд байх муу зүгийн юм биш биз, эсвэл архи дарс, хэмжээлшгүй өргөл барьц нэхээд, элдэв авир гаргаж нартын орныхныг айлгаж ичээгээд байх нь уу, үнэхээр буянтай сайхан үйл хийж улаачийн болоод ахан дүүсийнх нь амьдралыг тэгшлэх онгод мөн үү гэхчлэн маш олон талаас нь харж шинжээд болмооргүйг нь бол хааж, онгодын нэхлийг нь зайлуулж өгдөг ёсыг өнөө мөрдөхгүй байна. Гуравдугаарт, бөөлөх, бөө холбох зан үйлийг санаатайгаар мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах сонирхол асар олон хүнд бий болж, амар хялбар, муу аргаар мөнгө олох боломж байгаа газар руу хамгийн түрүүнд хошуурдаг залилан хийгчид, үл бүтэх хүмүүс, мөнгө олж байвал буян нүглийг ялгахаа байсан этгээдүүд бизнесийн сүлжээгээ энд цэцэглүүлж байна. Тэдний мөнгөний төлөөх “аян дайны” хөлд нартын орон төдийгүй сүнс, хий биеийн ертөнц ч нэрвэгдээд байна. Өнөөдөр зуун бөө дотор ганц зөв бөө байна уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байгаа нь энэ цагийнхан дан ганц Америк, Солонгос гээд харийн оронд бөөн бөөнөөрөө хууль бусаар амьдардаг юм биш, сүнсний ертөнц рүү хүртэл “виз”-гүй зорчиж, тэндхийн хуулийг зөрчих явдал ямар их байгаагийн нотолгоо юм.
Ийнхүү үхэгсдийн сүнсийг ч амирлуулахгүй байгаа энэ замбараагүй байдлаас гарах гарц бий юу? Ганц л бий. Тэр нь Тэнгэрт мэдүүлэх. Өнөөдөр зөв сайхан яваа, эсвэл буруугаа ойлгон алдаа нүглээ засах гэж хичээж байгаа бөө нар энэ зах замбараагүй байдлыг Тэнгэрт мэдүүлж, буруу муу явдалтнуудад зохих шийтгэлийг нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ. Гэхдээ үүнийг хууль цааз зэрэг газрын үйл, ойлголттой хольж, гэмгүй хүмүүсийг дундад зууны инквизаторууд шиг хэлмэгдүүлэх ёсгүй. Тэнгэрийн үйлийг газрын ухаанаар хэмжинэ гэдэг мөн том тэнэглэл шүү гэдгийг хүн төрөлхтний түүх нэгэнт баталчихсан. Мөн Тэнгэрт худал мэдүүлж хожим нь давшгүй гэсгээлд өртөж болохгүй. Хэн худал хэлэв, хэн зөв шударга байна, хэн мууг үйлдэв, хэн сайныг бүтээв гэдэг Тэнгэрт даанч тодорхой билээ. Тэнд арын хаалга гэж байхгүй, аргалах хуурах явдал гэж үгүй.
Эцэст нь хэлэхэд манайд эргэн сэргэж буй бөө мөргөлийг буруу тийш нь чангааж хар мууг хийж буй бөө нэртүүд хэрэг дээрээ өөрийн сүнсээрээ тансаг амьдран, сэтгэл ханамжийг худалдан аваад адаг сүүлд нь тамд очсон Фаустаас нэг их ялгаагүй билээ. Яагаад гэвэл тэд эртхэн сэхээрч нүглээ цайруулахгүй бол очих газар нь там.